Ерөнхий сайд С.Батболд Индонези улсад болох Ардчиллын төлөөх Балийн IV чуулганд оролцохоор тус улсыг зорилоо. Энэ сарын 8, 9-нд болох Балийн чуулганд төр, засгийн тэргүүнүүдийг урьж ардчиллын үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх, ардчиллын дуу хоолойг дэмжих зэрэг сэдвээр хэлэлцэх аж. Манай улс энэ жил Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа учир ерөнхий сайд чуулганы нээлтэнд үг хэлэх юм. Мөн Индонезийн ерөнхийлөгчид бараалхаж нүүрсний экспорт зэрэг асуудлаар ярилцахаар төлөвлөжээ. Удахгүй ЮНЕСКО-той хамтарч ардчиллын боловсрол түгээх семинар, Энэтхэгийн Засгийн газартай хамтарч Улаанбаатар хотод бүсийн Бага хурал хийх юм байна.