Оросын иргэн, газар зүйн багш мэргэжилтэй Коснтантин Куксин найман жилийн өмнөөс монголын уламжлалт ахуйг харуулсан “Монголын нүүдэлчид” музейг нээн ажилуулж байна. Москва хотын хуучин дүүргүүдийн нэгэн орон сууцны хороооллын дунд 1321-р дунд сургуулийн дэргэд энэ музей байдаг аж. Уг музейд 17 төрлийн гэр байдаг бөгөөд монгол малчдын эдэлж, хэрэглэдэг бүх эд зүйлийг цуглуулахыг хичээжээ. Гэрүүдийн дунд тэрэгнүүд, чулуун хөшөө, суваргуудыг мөн байрлуулж хүмүүст монгол нүүдэлчдийн амьдарлыг тайлбарлаж өгдөг байна. Монголоос гадна энэ жижиг хотхонд ОХУ-ын монгол угсаатай буриад, халимаг ард түмний соёл болоод Дундад Азийн нүүдэлчид - киргиз, казахуудын амьдрал, ахуйг харуулах үзмэрүүд ч байдаг аж. Хүмүүсийн хамгийн их сонирхдог нь нум сум бөгөөд ялангуяа сургуулийн хүүхдүүд их сонирхдог тухай Константин Куксин ярьжээ. Тэрбээр анх 2002 онд Байгаль нуураас Хятадын Шар тэнгис хүртэл дугуйн аялал хийж явахдаа энэ санааг олсон байна. Дээрх үзмэрүүдийн ихэнхийг монголчууд өөрсдөө түүнд бэлэглэсэн юм байна.





