Дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцын хүчин
чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэх тоног
төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлүүлэхээр
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас
чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өнгөрсөн баасан гарагийн үдээс хойших
хуралдаанаар хэлэлцлээ.Төслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай гэсэн 2 хуулийн төсөл болгон салгахаар анхны хэлэлцүүлгийн үед шийдвэрлэж, үүнтэй холбогдсон зарчмын саналууд дэмжигдсэн хуулиудыг тус тусад нь батлав.
Хууль батлагдсанаар Цахилгаан станцыг өргөтгөх тоног төхөөрөмжийг ачсан 160 тоннын даацтай автомашин 2 дугаар сарын 5-нд Алтанбулагын хилээр саадгүй нэвтрэх боломжтой болж, цахилгаан эрчим хүчний хүчин чадал нэмэгдэнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцолжээ.




















































