
Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан 2026 оны төсвийн тодотголын аудитын дүгнэлтээс “Мөнгө нэмэхгүйгээр зарлага нэмэгдүүлж болох ч үүнд үнэ төлөөс бий” гэсэн агуулга хамгийн тод сонсогдов.
Улс төрийн хувьд төсвийн тодотгол бол иргэдийн амьжиргаанд шууд хүрдэг шийдвэр.
Ахмадын орлогыг дэмжих, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн зөрүүг арилгах, хүнс, эрчим хүчний нийлүүлэлтийг тогтвортой байлгах зэрэг арга хэмжээ нь нийгмийн хүлээлтэд нийцсэн, богино хугацаанд эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх алхам. Гэвч Ерөнхий аудиторын дүгнэлт эдгээр шийдвэрийн “маргаашийн үнэ”-ийг УИХ-д санууллаа.
Тодотголоор орлогоо нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2.048 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр тооцжээ. Хэрэв төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдэхгүй бол энэ нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүйг Ерөнхий аудитор онцолсон байна.
Нөгөө талд цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэх нь өрхийн орлого, дотоодын эрэлтийг өсгөх ч инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Мөн богино хугацааны эрсдэлийг бууруулахын тулд урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь урт, дунд хугацаанд төсөв болон үнийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж аудит дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголын асуудал зөвхөн өнөөдөр хэнд хэдэн төгрөг өгөх тухай биш, тэр мөнгийг маргааш ямар үнээр төлөх тухай асуудал болж байна. Ерөнхий аудиторын анхааруулга ч үүнд чиглэв.
Т.Золзаяа





















































