Монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутагтаа устаж үгүй болж байгааг харгалзан тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдын тушаалаар хориглосон байдаг хэдий боловч хууль бус үйлдэл буурахгүй байна.

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулсанаар өчигдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын гарах чиглэлд зорчиж байсан 4 зорчигч биедээ 64 ширхэг тарваганы арьс, гар тээшинд 20 ширхэг тарваганы арьс улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг цагдаа, хилийн тагнуулын ажилтнуудтай хамтарсан шалгалтаар илрүүлжээ.

Дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.




Д.Ундрах /24tsag.mn/