Оюутолгой ХХК нь 2013 онд 26,400 тонн зэсийн баяжмалыг борлуулж 55 сая долларын орлого олсон байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй бөгөөд 2013 оны үлдэгдэл орлогыг энэ оны 1,2-р улиралд нөхөхөөр ажиллаж байгааг Рио Тинто, Туркойз Хилл компани мэдэгдсэн байна. 2014 онд үйлдвэрлэх зэсийн баяжмалын 60%-ийг борлуулах гэрээ хийгдсэн бөгөөд үлдсэн хувийг худалдаалах хэлцлүүд ч амжилттай болж байгаа аж.
Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаас хойш гарсан зарим саатал үйлдвэрлэлийн хэмжээ буурахад сөргөөр нөлөөлсөн. Тиймээс үйлдвэрлэлийн нэг шугамыг зургаагаас найман долоон хоногоор түр зогсоож болзошгүй байна. Энэ цаг хугацааг ашиглан үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хэлтэс нь энэ оны сүүлээр хийхээр төлөвлөсөн засвар үйлчилгээ, шинэчлэлийн ажлаа амжуулна гэж үзэж байна. Түүнчлэн Монголын Засгийн газартай хийж буй хэлэлцээр эцсийн тохиролцоонд хүрээгүй байгаа ч “ТЭЗҮ-г баталж, холбогдох зөвшөөрлийг өгсөн тохиолдолд далд уурхайн барилга бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, Оюу Толгой төслийг цаашид хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байна” гэж мэдэгджээ. Дашрамд дурдахад 2014 онд Оюутолгой 150,000 - 175,000 тонн баяжмал дахь зэс, 700,000 -750,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна.