
Зөрчил гаргасан 280 аж ахуйн нэгж, иргэнд холбогдох хуулийн дагуу 49116,8 мянган төгрөгийн торгууль, шийтгэвэр ногдуулан барагдуулсан байна.
Холбогдох хуулиуд, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хоол, хүнсний зөв, зохистой хэрэглээ, хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад юуг анхаарах, сав баглаа боодлын шошгонд тавигдах шаардлага, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээс сэрэмжлэх тухай асуудлаар МХЕГ-аас 10 нэр төрөл, нийт 430 нэр төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг боловсруулан 9836 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээж сурталчиллаа.
Худалдаа, нийтийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч 2963 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
Мөн хадгалалтын хугацаа хэтэрсэн, хөлдөж чанар байдлаа алдсан, лабораторийн шинжилгээгээр чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон 1303 нэр 30535,5 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан авч тухайн орон нутгийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах орон тооны бус зөвлөл”-д шилжүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.
Сүхбаатар аймгийн МХГ-аас Бичигт хилийн боомтонд хийгдсэн шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг хувь хүн импортоор оруулж ирэхийг завдсан зөрчил илэрсэн тул 430ш, 295 кг, 140 л хүнсний бүтээгдэхүүнийг экспортлогч улсад нь буцааж, иргэдэд хууль тогтоомжийг сурталчилж ажилласан байна.
Аяны хүрээнд хийсэн шалгалтын явц, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмыг сурталчилах ажлыг бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр давхардсан тоогоор 388 удаа хийж, МХЕГ-ын ажилтнууд шууд нэвтрүүлэгт 6 удаа оролцож, зөвлөмж, мэдээлэл, сэрэмжлүүлгийг байгууллагын веб сайтад тавьж сурталчиллаа.
Д.Ундрах /24tsag.mn/