
Агаарын бохирдол жирэмсэн эмэгтэйн цусны даралтыг ихэсгэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Флоридагийн их сургуулийн судлаачид бохир агаараас ялгарч буй хүхрийн диоксид, нүүрстөрөгчийн моноксид зэрэг хорт бодисууд нь жирэмсэн эмэгтэйд аюултай болохыг нотолж байна. Эдгээр хорт бодисууд нь эхийн хэвлий дэх умайд шууд нөлөөлдөг. Судлаачид 2004-2005 оны хооронд хүүхдээ төрүүлсэн 22 мянган эмэгтэйн эмчийн хяналтад байсан үеийн мэдээллийг нь харьцуулан судалжээ. Ингээд цусны даралт ихсэх өвчтэй болсон эмэгтэйчүүдэд хүүхдээ төрүүлэхээс өмнө өвчний шинж илэрч байсныг тогтоожээ. Ялангуяа жирэмсний эхний гурван сарын хугацаанд агаарын бохирдол хамгийн их хор нөлөөтэй байдаг аж.