Оюу толгой компани уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 96.8 км хатуу хучилттай автозамыг барьж дуусгаж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон гэдгээ мэдэгдлээ.Түүнчлэн “Guildford coal” компани Баруун ноён уул ордоос БНХАУ-ын Сэхэ боомт хүртэл 98 км хүнд даацын авто замыг барьж дуусгаад байгаа талаар тус мэдээлсэн байна. Харин энэ замаар бүтээгдэхүүн тээвэрлэх эцсийн зөвшөөрөл олгохыг хүлээж байгаа ажээ. “Guildford coal” компани Баруун ноён уул ордын нүүрсийг БНХАУ руу экспортлохоор бэлтгэж эхлээд байна. “Southgobi Resources” компани Овооттолгойгоос Шивээхүрэн боомт хүртэлх гурван эгнээ 44.6 км зам барих ажлыг хийж гүйцэтгэж байна. Жилд 20 мянган тонн нүүрс тээвэрлэх зориулалттай хатуу хучилттай энэхүү замыг энэ оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэж “Southgobi Resources”-ийн Монгол дахь охин компани “Southgobi Sands”-аас мэдээлжээ. Энэ мэтээр уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх томоохон замын төслүүд ураштай хэрэгжиж байна.