
Манай улсад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэж иргэдийг ихээхэн түгшээж байна. Энэ сарын эхээр Сүхбаатар аймгийн Наран суманд гарсан шүлхий одоо гурван аймгийн есөн сумыг бүхэлд нь хамраад байна. Улмаар нийт 1309 мал өвчилснөөс 1218-ыг нь устгасан гэх тоо баримт байгаа юм. Түүнчлэн шүлхийн вакцингүй тул хугацаа нь дууссан вакцин хэрэглэж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл албаныхан ОХУ-д үйлдвэрлэсэн "А", "О" хэвшлээс зэрэг сэргийлэх вакцин хэрэглэж байгаа гэв. Энэ вакцины одоо байгаа нөөц 1.5 сая малыг вакцинуулахад хүрэлцэх юм байна.
Харин устгасан малыг хэрхэн үнэлж, малчдад нөхөн төлбөр өгөх талаар тодруулахад "Устгалын комисс устгасан малыг нас хүйсээр нь ангилан бүртгэж байгаа. Улмаар тухайн сумын засаг дарга дүгнэлт гаргаж, улсын дундаж үнийн 90 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгох хуулийн заалт бий. Энэ дагуу шүлхий өвчинтэй тэмцэх ажил дуусч, өвчилсөн сүүлчийн малыг устгасаны дараа 21 хоногт дахин өвчин гараагүй тохиолдолд хорио цээрийн дэглэмийг бууруулна. Дэглэмийг цуцалснаас хойш 30 хоногийн дотор нөхөн олговрыг олгоно" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/