Монголын эдийн засгийн үнийн өсөлтөд хамгийн ихээр нөлөөлдөг махны үнэ бага багаар өсөөр байна. Махны дундаж үнэ өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундаж үнээс 4-12 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, хонины махны 11.8-12.1 хувь, үхрийн мах 4.9-5.7 хувь, ямааны мах 9.0 хувь, адууны мах 12.8 хувиар үнэ нь тус тус өсчээ. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины махны үнэ 1.1-2.0 хувь, үхрийн махны үнэ 1.2-1.3 хувь, адууны махны үнэ 3.5 хувь, ямааны махны үнэ 2.9 хувиар нэмэгдсэн байна. Нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаанд гаргахаар болсон ч Цагаан сар дөхөж буй тул үнэ нь буурах төлөвгүй байгаа юм. Өнөөдөр 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4588 төгрөг, үхрийн мах /ястай/ 4963 төгрөг, ямааны мах 3540 төгрөг, адууны мах 3967 төгрөг, хонины цул мах 4733 төгрөг, үхрийн цул мах 5538 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
