Эсээ бичлэгийн төрлийн үндсийг тавигчаар Мишель Дө Монтень хэмээн зүй ёсоор үздэг бөгөөд түүний “Эсээнүүд” [“Оролдлогууд” гэсэн утгаар орчуулдаг] хэмээх бүтээл үлгэр жишээ эсээний жишээнд тооцогддог юм. Түүний энэхүү бүтээл нь нийт 107 эсээ бүхий 3 боть бүтээл бөгөөд 1580-1592 оны хооронд хэвлэжээ. М.дө Монтений эсээний энэхүү гайхамшигт чуулбарын ихэнх нь ямар нэг юмны тухай, өөрөөр хэлбэл Нэрний тухай, Нулимасны тухай, Ичгүүрийн тухай гэх мэт нэртэй байгаа нь эсээ зохиолын онцлогийг тодорхой харуулдаг. Энд уншигчидад зориулан нэгэн эсээг нь жишээ болгон үзүүлж байгаагийн учир нь монгол хэлээр орчуулан олон нийтэд хүрсэн, нөгөөтэйгүүр ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр, сурах бичигт хэвлэгдсэн тул олж үзэх боломжийг харгалзан нийтэлж байгаа болно.
Хувь тавилан гэдэг холбиромтгой, итгэлгүй, ер нь маш олон янзын дүр төрхтэй зүйл билээ.
Зарим үед хувь заяа биднийг тохуурхахаар тохиромжтой цагийг анаж байдаг мэт санагддаг.
Эрхэм Вандомын хороонд тугч байсан ноён Д’Эстре, херцог Д’Аскогийн баг цэргийн орлогч дарга дө Лик нар хэдийгээр дайсагнагч талуудад харьяалагддаг боловч (иймэрхүү тохиолдол хөрш зэргэлдээ улсад бишгүй л тохиолддог), нэг л бүсгүйд сэтгэлтэй болчихжээ. Бүсгүй эцсийн эцэст ноён Дө Ликт тал өгсөн аж. Хуримынхаа өдөр хархүү эхнэртээ нэр төрийн бэлэг барихаар шийдэж Сэнт-Омер орчимд тулалдаан сэдсэн ч, өөрөөс нь давуу хүчтэй байсан ноён Д’Эстред ялагдаж, бүр олзлогдсон байна. Үзэсгэлэнт авхай маань өөрөө Д’Эстред биечлэн хандаж, бал сарынхаа анхны шөнийг ч хамт өнгөрөөгөөгүй байгаа эр нөхрийг нь чөлөөлөхийг гуйхад хүрчээ. Цаадах нь ч хүсэлтийг ёсчлон биелүүлсэн бөгөөд угаас франц тайж хүн сурвалжит авхайн гуйлтад хэзээ ч, ямар ч нөхцөлд татгалзсан хариу өгдөггүй шүү дээ.
Заримдаа хувь заяа гэдэг маш урнаар бодож олсон зохиомол заль шиг санагддаггүй гэж үү?
Еленагийн хүү Константин Константинополийн эзэнт гүрнийг үндэслэн байгуулсан бөгөөд өчнөөн зуун жилийн дараа мөн л Елена хэмээх эхээс төрсөн Константин гэгч эр мөнөөх гүрнийг мөхөөсөн билээ.
Зарим үед хувь тавилан бидний санаа бодлыг удирдаж, тэр ч байтугай бүр засаж залруулна гээч.
Английн хатан хаан Изабелла эр нөхрийнх нь эсрэг тулалдаж буй хүүдээ туслахаар Зеландаас цэргээ авч эзэмшил нутагтаа буцах замдаа яг зорьж зүглэсэн боомтдоо буусан бол өөрийг нь отсон дайснууддаа алагдах байж. Харин хувь заяа түүний санаа бодолд захирагдалгүй хөлөг онгоцуудыг нь өөр тийш тууж төөрүүлэн, чингэсний хүчээр хатан хаан эсэн мэнд үлджээ. Нохой руугаа чулуу шидтэл санаандгүй хойт эхийгээ оноод алчихсан эртний тэр нэг хүн "Хэрхэх ёстойг хувь тавилан биднээс илүү мэддэг" хэмээх шад шүлгийг хэлэх үндэслэлтэй байгаагүй гэж үү? Сицилийн дарангуйлагч Икет өөрийн эртний өстөн болох Тимолеоныг алуулахаар хоёр цэрэгтэй үгсжээ. Цаадуул нь ч уг даалгаврыг тайлгын их ёслолын үеэр гүйцэтгэхээр болж, яг гардан үйлдэхээсээ өмнө хэн хэндээ харилцан нууц дохио сэм өгөхөөр тохиролцсон байж. Ингээд товлосон цаг болох үед гэнэтхэн нэг үл таних цэрэг үгссэн хоёрын нэгийг сэлмээр цавччихаад зугтан алга болжээ. Амьд үлдсэн нь бүх төлөвлөгөө илчлэгдэж гэж бодоод Тимолеон руу очиж хамаг үнэнээ хүлээн өршөөл гуйсан байна. Яг ийн үнэнээ хүлээж байх зуур нь мөнөөх үл мэдэгдэх алуурчныг баривчлан авчирчээ. Баригдсан цэргийн мэдүүлснээр бол эцэг нь талийгаач цэргийн гарт амь үрэгдсэн бөгөөд түүнд өшөөгөө авах азтай завшаан гарсныг л ашигласан юм байж. Ингээд эцгийнхээ өшөөг авахын хамтаар сицилчүүдийн удирдагчийн амийг аварсныхаа төлөө мөнөөх цэрэг шагнуулсан гэдэг. Хувь заяа энэ тохиолдолд бидний тооцоолсон залийг ч өөрийнхөө залиар давж гарсан байна шүү дээ.
Одоо ахин нэг, сүүлчийн жишээ. Миний хэлэхийг хүссэн доорх жишээнд хувь тавилангийн онцгой нинжин чанар, хүнлэг энэрэнгүй төрх илрэн гараагүй байна гэж үү? Ромын эрх мэдэлтнүүдийн зүгээс хүнд ялд тулгагдсан эцэг хүү Игнаций зандалчдын харгислалд өртөхгүйн тулд хэн хэндээ өөрсдийн амь насыг зориулахаар шийджээ. Тэр ч ёсоор эцэг, хүү хоёр хэн хэнийхээ илдний үзүүрт амиа алдахуйц нөхцөлийг хувь тавилан ямар бүтээж чадахгүй гэх биш дээ. Хувь тавилан энэ гайхамшигтай сайхан хайрыг хүндэтгэсэндээ тэдний хэн хэн нь нөгөөгийнхөө биеэс илдээ суга татан авч, төрөлх дотнын хүнээ цусанд бялдсан гараараа чанга тэврэх хүчийг хайрлажээ. Тэд маш хүчтэй тэврэлдсэн учраас алуурчид хоёр толгойг шууд цавчаад, цогцсыг тэр чигээр нь орхиход хүрсэн гэдэг. Нэгийнх нь шарх нөгөөгийнхөө шарханд наалдсан тэд хэн хэнийхээ цус, амьдралаас үлдсэн бүхнийг халуун дотноор өөртөө шингээцгээсэн ажээ.
P.S. Ойлгомжтой болгох үүднээс Эхлэл, Гол санаа, Нэмэлт санаа, Дүгнэлт хэсгүүдийг өнгөөр ялгаж тэмдэглэлээ.
ХУВЬ ТАВИЛАН УХААЛАГ ШИЙД ГАРГАХ НЬ ЦӨӨНГҮЙ

Мишель Дө Монтень