Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой, ард түмнийг хохироож байна хэмээн ерөнхий сайд С.Батболдыг огцруулах хүсэлт гаргаж байсан нэр бүхий гишүүд энэ хүсэлтээ дахин тавихаар зэхэж байна. Чоно борооноор гэгчээр шатахууны үнэ тэнгэрт хадаж, эдийн засаг савалж эхэлсэн тул үүн дээр дөрөөлж тэдгээр гишүүд ерөнхий сайдыг “дарж авъя” гэсэн бололтой. Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, З.Энхболд, Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн Н.Батбаяр, Ц.Шинэбаяр нарын гишүүд өмнө нь энэ хүсэлтээ чуулганд өргөн барьсан ч гишүүдийн гуравны нэг буюу 19 гишүүн гарын үсэг зурсан байх шаардлагатай гэсэн шалтгаанаар авч хэлэлцээгүй. Харин ойрын өдрүүд тэднийг тун их ивээж байна. Учир юу гэвэл энэ долоо хоногтоо багтаж АН хамтарсан Засгийн газраас гарах нь тодорхой болсон. Тиймээс МАН-аас салж санаа нь амрах гээд байгаа АН-ын гишүүд ерөнхий сайдыг огцруулах бичигт тэдэнтэй хамжилцан гарын үсэг зурна хэмээн тооцоолж байгаа аж. С.Батболд сайд нэг бүдэрвэл дахиж бүдрүүлэх гээд анаад сууж байдаг үнэнч “фэнүүд”-тэй болсон бололтой. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадаагүй ч эдийн засаг хүндрээд байгаа гэсэн “эмзэг” сэдэв дээр нь дөрөөлнө гэдэг тэдний хувьд тун цагаа олсон хэрэг болж байна.
Б.Баяр

