Хямрал хаа сайгүй нүүрлэжээ. Үүнтэй бол хэн ч маргахаа ч больж. Хямралын шалтгаан болж байсан Ерөнхий сайдаа ч огцруулчихлаа. Төсөв, мөнгө, өр, хөрөнгө оруулалтын бодлогын гажуудал энэ хямралын үндсэн шалтгаан байсныг засаж чадах шинэ Засгийн газрын тухай яриа энэ өдрүүдэд хөврөнө. Цаг авах ч шинжтэй. Энэ хооронд 2015 оны төсөв батлагдана. Мэдээж тун удахгүй тодотгол хийх биз.Энэ бүхэнтэй зэрэгцэн нэгэн сэдвийг зайлшгүй хөндмөөр санагдлаа. Шинэ сэдэв биш лдээ. 2012 оны 9 сар, 2013 оны 10 сард “Засгийн данхайрал ба Шинэчлэл” сэдвээр цуврал болгон бичиж байсан төрийн албаны тоо, зардлын хэтийдэл нь эцэстээ хямралруу түлхэх үндсэн шалтгаан болох вий гэдэгт санаа зовниж бичиж байсан тэр сэдвийн л үргэлжлэл. Хоёр жилийн өмнөх санааг бага зэрэг сөхвөл:
- Төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч” тавих нь төрийн албан хаагчдынхаа тоо, түүний томилгооны байдалд тавих Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн хяналтын хана хэрэмийг нураалаа. Төрийн алба хяналтын хүрээ хязгаараас гарах болно.
- Төрийн албан хаагчдын тоог 2012 оныхоос 30 мянгаар нэмлээ. Зөвхөн яамдын удирдлагын тоог 100, орон нутгийн түвшинд 200 орчим удирдах албан тушаалтны тоог нэмж, тэдэнд 220 автомашин журмаас гадуур шинээр авсан.
- Зөвхөн 2013 онд төрийн албаны цалин, урсгал зардлыг өмнөх оныхоос 400 тэрбумаар нэмлээ. Энэ нь 33000 мянган төрийн албан хаагчийн бүтэн жилийн цалинтай дүйцэхүйц мөнгө. Цалин нэмэгдээгүй атал хүн нэмэв. 100 орчим тэрбум нь сонгуулийн дараа улс төрийн шалтгаанаар хомроглон халсан хүмүүсийн нэг удаагийн тэтгэмжинд зарцуулагдсан байх магадлалтай байгаа. Яг хэдий хир мөнгө үүнд зарсаныг Төрийн албаны зөвлөл ч, Сангийн яам ч “мэдэхгүй”, нуусаар байгаа.
Товчдоо ийм л санааг хэлж анхааруулсан. Анхааруулга бодитой байсан нь өнөөдөр нотлогдлоо. Одоо яах вэ? Зовлон яриад зүгээр суумааргүй байна. Хугацаа ч алга.
УИХ 2015 оны Төсвийг хэлэлцэн батлах гэж байна энэ өдрүүдэд. Төсвийн урсгал зардлыг танаж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг 30 хувь хүртэл нэмэгдүүлье гэж МАН-ын бүлгийнхэн санал тавьж, хувилбар дэвшүүллээ. Мэдээж зүйтэй. Төрийн албан хаагчдын тоог зохих хэмжээгээр бууруулахаас өөр сонголт, гарц байхгүй байгаа тухай шийдвэр гаргагчид хэлцэж байна. Хүн халах тухай, ажилгүй болгох тухай ярих нь улс төрчдөд амаргүй байгаа нь ойлгомжтой. Цаана нь хүний, өрх гэрийн амьдрал ахуй, үр хүүхэд байгаа шүү дээ. 2009 оны хямралыг Сү.Батболдын Засгийн газар нэг ч төрийн албан хаагчийг орон тооны цомхотголд өртүүлэхгүйгээр давж гарч байв. Тэд үүнийгээ орон тоо, цалингийн зардлыг таналгүйгээр бусад бичиг хэрэг, томилолт, шатахуун гэх мэт дагалдаж гардаг урсгал зардлыг эрс танаж давах арга хэрэглэсэн нь үр дүнгээ өгсөн юм. Одоо ч бас энэ тухай хэлцэж байна. Гэхдээ энэ удаад гарцаагүй зарим орон тоог хасахаас өөр аргагүй байдалд ороод байх шиг. Аль арга замыг сонгох вэ? гэдгээ шийдэхийн урьд зарим тоон мэдээллийг сөхөж үзвэл яасын бэ гэж бодогдлоо. Тэр дундаа төрийн албанаас ер нь нэг жилд хичнээн хүн гардаг юм бэ? гэх асуудал. Заавал хүн халахгүйгээр асуудлыг зохицуулах гарц арай энэ тоонд байгаан биш биз гэх итгэл үнэмшил надад байна...
2007 оноос хойш Монгол Улсын төрийн албан хаагчдын 5.2-11.52 хувь нь ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд орж ирсэн байх юм. Сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт тогтол өсөж ирсэн үзүүлэлттэй байгаа. Сонгуулийн дараа огцом өсөлт гараад харьцангуй тогтворждог хэдий ч 2012 оны сонгуулийн дараа өсөлтийн хувь хэмжээ буурахгүй байгаа хандлага байна. Өөрөөр хэлбэл, энэ нь төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай байх хандлага суларч буйн үзүүлэлт.
Төрийн албан хаагч хүнд ажлаасаа гарах олон л шалтгаан бий. 2012-2013 оны тухайд хамгийн их буюу 11 мянган албан хаагч “өөрийн хүсэлтээр”, мөн 10 гаруй мянга нь “өөр ажилд шилжсэн” гэх үндэслэлээр гарсан байх юм. Энэ үндэслэл дотор бүтцийн өөрчлөлт, өөрөөр нь өргөдлийг нь өгүүлсэн, улс төржин чөлөөлсөн тоо багтаж буйг болгоох ёстой. Мөн бусад олон шалтгаан ч байна. Тухайлбал, 2013 оны байдлаар:
- 1 жилээс дээш эмчлүүлэхээр 328
- Нас барсан 274
- Сургуульд сурахаар 380
- Тэтгэврийн насанд хүрсэн 2184
- Сахилгын арга хэмжээ авч халагдсан 154
- Хөдөлмөрийн гэрээ дууссан 395
- Өөрийн хүсэлтээр 5682
- Өөр ажилд шилжсэн 5145
- Бусад 739 гэх мэтээр нийт 15746 хүн төрийн албанаас гарсан гэсэн судалгааг Төрийн албаны зөвлөл гаргасан байх юм. “Өөр ажилд шилжсэн” гэдэг нь тухайн хүн төрийн албанаас бүр мөсөн гарсан гэсэн хэрэг биш бөгөөд ТАЗ энэ дотор төрийн байгууллага дотроо болон хооронд шилжсэн хөдөлгөөнийг ч бүртгэж гаргадаг гэх утгаар авч үзвэл хамгийн багадаа 10 гаруй мянган хүн ямар ч байсан төрийн албанаас гарсан байна. 2012 оны хувьд ч мөн дээрхтэй адил шалтгаанаар 10 гаруй мянган хүн гарсан ажээ. Ийнхүү хоёр жилд 20 орчим мянган хүн гараад байхад л эсрэгээрээ 30 орчим мянган хүнээр төрийн албаны нийт тоо өссөн байгаа нь хир хэмжээнд хөдөлгөөн орж, данхайсныг илүү дутуу үггүй илтгээд байгаа юм.
Дээрх тоон мэдээлэлд үндэслэн 2015-2016 онуудад төрийн албаны тоог буцааж 2012 оны түвшинд нь нэг ч төрийн албан хаагчийг халахгүйгээр буцааж аваачих ч боломж байгааг Та харсан байх гэдэгт итгэнэм. Ганц л арга байна: СУЛ ОРОН ТОО ГАРСАН НЭГ Ч АЛБАН ХААГЧИЙН ОРОНД НЭГ Ч ХҮНИЙГ ШИНЭЭР АВАХГҮЙ БАЙХ зарчимыг хатуу мөрдөж чадвал шүү дээ. Төсөвт ямар ч дарамтгүйгээр, халсаны нэмэлт тэтгэмж гэж зардал гаргахгүйгээр, хүн, айл өрх гэрийн амьдралд хүндээр тусгахгүйгээр шүү дээ...
БҮГДЭЭРЭЭ ЯРИЛЦАЯ, ЗӨВЛӨЛДЬЕ, НЯГТЛАЯ, ТЭГЭЭД ШИЙДЬЕ...
Баттөмөрийн ЭНХБАЯР
2014-11-13
2014-11-13























































Сэтгэгдэл (11)