Хүйтний улиралтай холбоотойгоор архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд гудамжинд осгож, хөлдсөн тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Өнгөрсөн саруудад гэхэд хөдөө орон нутагт нэг тохиолдол, Улаанбаатар хотод хоёр ч тохиолдол бүртгэгдсэн аж. Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 6-7-нд шилжих шөнө осгосон нэг тохиолдол бүртгэгдсэн бол 10-11-нд шилжих шөнө дахин иргэн осгож амиа алджээ. Жилийн жилд осгож амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихсэх хандлагатай байдаг. Тиймээс иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гудамжинд осгож хөлдөхөөс сэргийлэх хэрэгтэй байна. Мөн гудамжинд уначихсан иргэдийн хажуугаар зүгээр өнгөрөөд явах биш харин цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөхийг анхааруулж байна. Түүнчлэн, баярын уур амьсгал эхэлж байгаа энэ үед архи хэтрүүлэн хэрэглэх тохиолдол нэмэгддэг. Улмаар согтуу хүмүүсийг хэн нэгний хараа хяналтгүй явуулдаг. Үүнээс болж согтуу иргэд унаж бэртэж, гар хөлөө хөлдөөх эрсдэлтэй тулгардаг. Тэгэхээр архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэн нэгэн нь согтсон бол хараа хяналттай явуулж гэрт нь заавал хүргэж өгч байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/






















































