Энэ оны есдүгээр сарын 11-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн сурагч Ц гэх охин Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн “Hyundai Elentra” маркийн 00-23 СЭҮ улсын дугаартай автомашинд мөргүүлж амиа алдсан юм. Уг машины жолооч Н.Ууганбаатар тухайн үед дуут дохиогоо асаан урсгал сөрөн явж байгаад ийм хэрэг үйлдсэн байдаг. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үеэр “Хэсгийн дарга дохиогоо асааж, урсгал сөрөөд яв гэж үүрэг өгсний дагуу замын чөлөөтэй хэсгээр зорчиж байтал гэнэт хүүхэд гарч ирээд мөргүүлсэн” гэж мэдүүлсэн.

Харин түүнд холбогдох энэхүү хэргийг Тээврийн прокурорын газраас газраас хянаж үзээд Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, 8.4 “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал зөрчихийг хориглоно”, 9.3 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурьдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс насанд хүрээгүй явган зорчигч С-ийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзсэн байна. Улмаар 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 336 тоот яллах дүгнэлт үйлдэж харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн байна.

Д.Ундрах /24tsag.mn/





















































