УИХ –аар өнгөрсөн баасан гарагт баталсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулиудтай холбогдуулан Сангийн яамнаас мэдээлэл хийлээ. Тэдний үзэж буйгаар төсвийн орлого бүрдүүлэгч гол нэр төрлийн эрдэс баялаг болох зэс, нүүрсний олон улсын зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс төсөвт учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор тэнцвэржүүлсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээс үүсэх орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэх аж. Мөн Засгийн газраас 2015 онд эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн, энгийн, ойлгомжтой татварын орчин бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой хадгалах бодлогыг үргэлжлүүлэх юм байна.
Түүнчлэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах замаар төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газраас орлогын нэр төрөл бүрд шинжилгээ хийж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, татварын бааз суурь, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ, олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний үнийн таамаглал зэргийг нарийвчлан судалж учирч болзошгүй эрсдлийг харгалзан тооцсон гэлээ. Мөн УИХ -аас 2014 оны долдугаар сарын 01 -ний өдөр баталсан Газрын тосны тухай хуулийн дагуу Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрт нэмж газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувийг төвлөрүүлэн ажиллах юм байна.





















































