Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч буй эмийн сангуудад шалгалт хийжээ. Шалгалтад 2014 онд Нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр гэрээ байгуулсан 124 эмийн сангаас 116 буюу 93.5 хувь нь хамрагджээ. Уг шалгалтаар Нийгмийн даатгалын тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн нь тогтоогджээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн “Тавин Ус”, “Монос”, “Лхадаш хайрхан”, Баянгол дүүргийн “Хаадын тун”, “Энто”, “Эм Би Би Жей”, “Бейсан”, Баянзүрх дүүргийн “Оригфарм”, Сонгинохайрхан дүүргийн “Хар хорин Евро фарма”, “Арцад фарма” зэрэг эмийн сангууд ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах оролгод оногдох шимтгэл төлөөгүй байжээ. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 134 төрлийн эмийн хангалт дутуу, эмийн үнийг дээд хязгаараас хэтрүүлэн тооцож олгодог байжээ. Тиймээс мэргэжлийн хяналтаас 170 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах албан шаардлага хүргүүлжээ.Д.Ундрах /24tsag.mn/





















































