Энэ жилийн хувьд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нь энэ сарын 23-ны өдөр тохиож байгаа билээ. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол Үндэстний Бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алтан ургийн 36 хаан, Алтан ургийн бус 1 хаан, нийт 37 хааны хөргийг “Төрт Ёс, Хаадын Сан”-гийн эрдмийн зөвлөл, уран бүтээлчид хамтран сэргээн бүтээжээ.Монголчуудын дунд Чингис хааны хөрөг олон хувилбартайгаар түгсэн байдаг. Гадны уран бүтээлчид ч мөн олон хувилбартайгаар бүтээсэн нь бий. Сүүлд бүтээгдсэн энэхүү хөрөг нь Чингис хааны талаархи олон жилийн ул суурьтай судалгааны үр дүнд монгол уран бүтээлчид өөрсдийн гараар сэргээн бүтээсэн гэдгээрээ онцлог аж. Монголчуудын түүхэн бахархал болсон их хаадынхаа хөргийг дахин сэргээн бүтээснийг Уран зургийн галерейд энэ сарын 17 -ноос 24 -ний хооронд тавигдаж буй үзэсгэлэнгээс эх хувилбараар нь үзэж болох юм байна.





















































