“Блэк бокс” театрынхан Румын гаралтай жүжгийн зохиолч, анти театрыг үндэслэгч Эжен Ионескогийн “Сандлууд” жүжгийг үзэгчдэд дахин толилуулсан байна. Найруулагч С.Мягмар болон ОХУ-ын театрын найруулагч Олег Юмов нар анх удаагаа XX зууны хамгийн алдартай абсурд жүжиг болох "Сандлууд"-ийг “Блэк бокс”-ын тайзнаа найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгосон юм. Абсурд жүжгийн амин сүнс нь зохиолоосоо илүүтэй, тайзны тавилтын өвөрмөц шийдэлд оршдог. Тэр утгаараа тайзны этгээд тавилт, уламжлалаас гажсан, стандартгүй, санаатайгаар өөр байх гэсэн дэглэлтийн төгс хувилбар бол “Сандлууд” жүжиг гэж мэргэжлийн хүрээнийхэн үнэлдэг юм. “Сандлууд” жүжигт харагдаж үзэгддэггүй олон дүрээс гадна, гурван бодитой дүр бий. Тэдгээрт 95 настай өвгөн, 94 настай эмгэн, дунд эргэм насны уран илтгэгч багтана. Жүжиг эхлэх үед тайзны урд ирмэгт хоёр сандал тавиатай байх агаад түүний хоёр талд тус бүр гурван хаалга, нэг нэг цонх харагдана. Абсурд театр хэмээх ойлголт XX зууны дунд үеэс баруунд хэдийнэ төлөвшлөө олж өдгөөг хүртлэх хугацаанд өөрийн гэсэн сонгодгуудаа төрүүлж, тайзны бүхэл бүтэн томоохон соёл болтлоо хөгжиж иржээ. Харин өнөөдөр л абсурд жүжгийг монголчууд өөрсдийн тайзнаа, өөрсдийн найруулгаар тавьж , үзэгчиддээ дэлгэж байгаа билээ.





















































