Шинэчлэлийн Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болж Ч.Сайханбилэгээр тэргүүлүүлсэн “Шийдэл”-ийн Засгийн газар ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Одоо гагцхүү бүтэц бүрэлдэхүүнээ тодорхой болгож, УИХ-иар батлуулах л үлдлээ. Ерөнхий сайд ч бүтэц бүрэлдэхүүнээ шинээр өргөн барихаар шийдсэн. Харин ажлаа хүлээн авч буй сайд дарга нарыг төдийлөн таатай нөхцөл байдал угтахгүй нь тодорхой. Учир нь манай орны эдийн засаг нэгэнт элгээрээ хэвтжээ. Ингэж хэлэх болсон минь учиртай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар төрийн байгууллагууд өнөөдөр ихээхэн хүнд байдалд орж, бүр цалин мөнгөө хүртэл тавьж чадахаа больжээ. Тэр дундаа төрийн мэдлийн дөрвөн ч газар санхүүгийн асуудалд орсон байна. Тухайлбал ШӨХТГ-ын байрладаг Засгийн газрын 11 дүгээр байрны жижүүрүүд бүгд цалингаа авч чадахгүй байгаа аж. Мөн төрийн өмчийн хорооны жижүүрүүд, Ашигт малтмалын газрын жижүүрүүд, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын нийт ажилчин албан хаагчид бүгд сүүлийн үед цалин мөнгөний барааг харалгүй өдийг хүрчээ. Нийгмийн халамж үйлчилгээний газар бол даргаасаа эхлээд дампуурч байгаа газар юм. Одоо бүр ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болжээ. Энэ бол манай оронд үүсч болох эдийн засгийн хямралын зөвхөн оршил хэсэг нь гэхэд хэлсдэхгүй. Магадгүй ирэх оны эхнээс авахуулаад төрийн болон хувийн байгууллагууд цалин мөнгөө тавьж чадахаа боливол гайхаад байх зүйлгүй. Тогтвортой байсан эдийн засгийг өнгөрсөн хоёр жилийн дотор утгаар нь самарч орхилоо. Асар их хэмжээний бондын өр зээл тавьлаа. Түүнийг эргэн төлөгдөхгүй авто замын салбарт хөрөнгө оруулж, шороо цементтэй зуурж орхив. Нөхцөл байдал өдрөөс өдөрт дордсоор байна. Сангийн яамны зүгээс хэдийгээр байдал хэвийн байгаа. Одоогийн байдлаар төрийн байгууллагууд цалин хөлсөө цаг тухайд нь өгч байна хэмээн олон нийтэд мэдээлж байгаа боловч нэдэр дээрээ асууудал үнэхээр хүнд байгаа бололтой. Товчоор хэлбэл Ч.Сайханбилэгээр толгойлуулсан шинэ Засгийн газрыг маш хүнд эдийн засаг тосон авч байна. Н.Алтанхуягийн засгийг огцруулсаны дараа Ардчилсан намын ҮЗХ хуралдаж дараагийн Засгийн газрыг УИХ-д суудалтай бүх нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөж байгуулах үүрэг даалгаварыг Ч.Сайханбилэг болон УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан юм. Тэд ч даалгавар ёсоор засгаа байгуулахаар зүтгэж явна. Энэ ажлын хүрээнд тэд МАН-ыг засагт орох хамгийн гол субъект хэмээн нэрийдэж, Ч.Сайханбилэг МАН-ынханд хадаг яндар болж гуйсаар өнөөдрийг хүрлээ. Нөгөө элдэвээр хэлүүлдэг МАН-гүй бол улс орон урагшаа гишгэхээ больсон гэнэ. Өнгөрсөн бямба гарагт МАН-ын Бага хурал хуралдаж Засгийн газарт хамтрах эсэх асуудлыг хэлэлцэж АН-ын хүсэлтийг хүлээн авах шийдвэр гаргасан. Бага хурлын үеэр нэгэн сонирхолтой зүйл болсон нь Ч.Сайханбилэгийн захидал байлаа. Шинэ Ерөнхий сайдын “уярлын захидал” Бага хурлын гишүүдийг эерэг шийд гаргахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэсэн сураг сонсогдсон.
МАН-ын засагт орж ажиллах гэж буй шийдвэрийг нэг хэсэг нь эрх мэдлийн араас хөөцөлдлөө гэж үзэж байхад нөгөө хэсэг нь Ардчилсан намын зуурсан шавартай хутгалдах хэрэггүй гэж үзэж байна. Магадгүй тэдний хэлдэг түмэн зөв байх. Гэхдээ энэ Монгол улс бол Ардчилсан намын эсвэл Ардын намын улс биш. Ардчилсан нам өнөөдрийн энэ хүнд нөхцөл байдлыг үүсгэн бий болгосон үнэн. Тиймээс хийсэн бүхнээ өөрсдөө үүр гээд орхиж болох ч МАН-ынхан улс эх орныхоо эрх ашгийг нэн түрүүнд тавихаар шийдсэн бололтой. Тэгсэн нь ч дээр байх. Тэд энэ бүх эрсдлээс хол байх боломж байсан уу, гэвэл байсан. Өнөөдөр эхнээсээ цалингаа тавих чадамжгүй болсон төрийн байгууллага маргааш өглөөнөөс эхлэн “модоо” барихыг хэн ч үгүйсгэх аргагүй. Хамтарсан засаг байгуулаад нөхцөл байдлыг жилийн дотор өөрчилж чадахгүй бол Ардын нам буруутангуудын тоонд хүссэн ч, эс хүссэн ч орно. Цалингаа ч тавьж чадахгүй болж буй эдийн засгийн хүнд нөхцөл байдалд Ардын нам засагт орох нь зөв үү. Эсвэл өөрсдийгөө бодох нь зөв үү. Харин тэд намынхаа эрх ашгийг хойш тавьж улс орныхоо эрх ашгийг нэн түрүүнд тавин “гал” руу орох гэж байна.
Ямартаа ч ахин дахин хэлмээр байна. АН болон МАН-ыг эдийн засгийн үнэхээр хүнд нөхцөл байдал угтаж авна. Хэдийгээр цаг хугацаа хомс боловч тэд энэ бүхнийг шийдвэрлэж хуучин хэвэнд нь биш юм аа гэхэд одоо байгаагаас нь сайжруулахын тулд тулд нойр хоолгүй зүтгэх хэрэгтэй. Хэрэв санаж байгаа бол 1996 оны сонгуульд “Ардчилсан хүчний холбоо” эвслийнхэн засаг барих хугацаандаа яг өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсч, тухайн үеийн Монголын эдийн засаг юу ч үгүй хоосорч эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс авахуулаад төрийн олон мянган албан хаагчид цалингаа авч чадахгүй байсан. Харин дараагийн сонгуульд АН-ынхан ердөө ганцхан суудал авч МАН үнэмлэхүй ялалт байгуулсан түүхтэй. Эдийн засгийн хүнд байдлыг арилгаж, оновчтой зөв шийдлээр даван туулсан арвин туршлага сөрөг хүчинд бий. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад нэг сайшаахаар тал байгаа нь намынхаа алдаа дутагдалыг хүлээн зөвшөөрч, засч залруулах гэж оролдож байгаа явдал юм. Олон жил сайн муугаар хэлүүлсээр төрийн жолоог атгалцаж ирсэн туршлага, алдсан алдаагаа давтахгүй байхыг хичээж буй эрх баригчдад Монгол орныг эдийн засгийг гүн хямралд оруулахгүй байх үүрэг даалгаврыг биелүүлэхэд жил гаруйн хугацаа байна.
























































Сэтгэгдэл (1)