Налайх дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Тэгвэл талийгаач М.Эрхэмбаярыг түүний танидаг хүн А.Мэндбаяр гэгч буудаж хөнөөсөн нь тогтоогдсон байдаг. Тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Тодруулбал, хэргийн шүүх хурал Хорих 461 дүгээр ангид болж шүүгдэгч А.Мэндбаярын чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих шийдвэр гарсан. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн А.Мэндбаярыг өршөөлөөр суллагдах боломжтой, энэ хүнийг насаар нь хорих ёстой хэмээгээд Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан юм. Тэгвэл энэ сарын 19-нд А.Мэндбаярт холбогдох хэргийг Дээд шүүхийн танхимд хэлэлцэх байсан ч энэ сарын 3-ныг хүртэл хойшилсон юм. Тиймээс өнөөдөр уг хурал Дээд шүүхийн танхимд болох юм.Д.Ундрах /24tsag.mn/























































