
Дээрх зөвлөгөөнөөр өнгөрсөн онд Улаанбаатарт хийсэн хөрөнгө оруулалтын ажлыг ч мөн тайлагнасан байна. Үүнээс улбаалж энэ онд хийх ажлуудаа ч нарийн төлөвлөжээ. 2011 онд нийслэлд улсын төсвийн 92.1 тэрбум, нийслэлийн төсвөөр 128.9 тэрбум, нэмэгдэл эх үүсвэрээр 10 тэрбум гээд нийтдээ 231 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байлаа. Энэ төсвөөр нийтдээ 486 ажил гүйцэтгэснийг хотын удирдлагууд танилцуулав. 2012 онд төлөвлөж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин их байна.
2011 оны бүтээн байгуулалтын ажлын сүүл хэсэгт Баянзүрх дүүрэгт “Анкарын гудамж”-ийн тохижуулалт орж байгаа. Энэ мэтчилэн зам, талбай, гудамжийг засч тохижуулах цөөнгүй ажил хийсэн бол 2012 онд хэд хэдэн муудсан замыг засварлах гэнэ. Тухайлбал, Био комбинат, Шувуун фабрик, Дэнжийн 1000 руу хүрдэг замыг засч, сайжруулах бөгөөд хотын дарга ч байдалтай нь танилцжээ.