“Босоо хөх Монгол” бүлгэм “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн сар шинийн өмнөх долоо хоногоос эхлэн 13 хоногийн турш өлсгөлөн зарлаж “Урт нэртэй хуульд” өөрчлөлт оруулах болон Ноён уулыг стратегийн орд болгохыг эсэргүүцэж байсан. Харин тэднийг хоёр хоногийн өмнө цагдаагийнхан албадан эмчилгээнд хамруулж, өлсгөлөнг нь зогсоосон юм.Тэд өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага өлсгөлөнгийн үйл явцыг зогсоохдоо тодорхой хуулийн заалтуудыг зөрчсөн бөгөөд гэм буруугүй байхад хүч хэрэглэн албан хүчээр тараасан гэж үзэж байгаа. Тодруулбал “Хоёрдугаар сарын 24-нд 24.00 цаг өнгөрч байхад цагдаа нар хүрч ирж, биднийг албадан эмнэлэгт хүргэсэн. Тийм байтал цагдаагийн газраас сайн дураараа өлсгөлөнгөө зогсоосон гэж мэдээлж байгаа нь ташаа. Бидний бие сайн байгаа. Цагдаагийнхан дээрх ажиллагааг зохион байгуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн тул түүндээ хариуцлага хүлээх ёстой” гэв. Тэд мөн “Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга н.Батбаатарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулна” гэж тус иргэний хөдөлгөөнийхөн олон нийтэд мэдээлэл хийсэн.
Харин ЦЕГ-ынхан үүнээс өөр мэдээллийг олон нийтэд өгсөн юм. ЦЕГ хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тайлбар өгөхдөө “Өлсгөлөн зарлаж байсан долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар тус иргэдийг албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гаргасан юм. 2015 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд нийгмийн хэв журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах эрүүл мэндийн байгууллагын ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр, цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг сахиулж, хэв журмын хамгаалалтад ажилласан. “Босоо хөх Монгол” ТББ-ын өлсгөлөн зарласан гишүүд албадан эмчилгээний дүгнэлтийг танилцуулахад ухамсартайгаар хүлээн авч, сайн дураараа эрүүл мэндийн байгууллага руу явсан. Ямар нэг хүч хэрэглэсэн зүйл байхгүй” гэсэн юм.
Ямартаа хоёр талын байр суурь ийнхүү зөрөөтэй байгаа юм. Мөн үүнээс гадна иргэдийн дунд тус өлсгөлөнг хэн нэгний захиалгаар хийсэн гэж зүйл нэлээдгүй яригдсан.
Тэгвэл өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүн, өлсгөлөн зарлаж байсан хүний нэг болох О.Цэрэннадмид гэгч эмэгтэй захиалагч нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг мэдэгдлийг олон нийтийн сүлжээ сайт болох фэйсбүүкээр цацсан юм. Энэ талаараа О.Цэрэннадмид “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ард иргэдийн дунд буруу мэдээллийг албаар тарааж байна. Бид мөнгө авч өлсгөлөн зарласан зүйл байхгүй. Хэрэв захиалагч нь хэрэгтэй, байх ёстой юм бол тэр хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” хэмээсэн юм.
Ерөнхийлөгч маань ч ийнхүү хэлсэн нь үнэн аж. Тэрээр өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Х.Тэмүжин нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт иргэдтэй уулзах үеэрээ "Нутгийн иргэд та нар л Ноён уулаа ухуулахгүй гэвэл ухуулахгүй. Та нар минь доороос нь сайн тэмцээд өг, би дээрээс нь сайн дэмжээд өгье" гэдэг зүйлийг хэлсэн байх юм.
Ингээд нөгөө Хятадын талаас санхүүжилт авсан гэх яриа үгүй болж байгаа юм. Мөн өөрсдөө "Нинжа" учраас гадны компаниар ухуулахгүйгээр өөрсдөө буюу "Нинжа" нар уг уулыг ухах гэж байгаа гэсэн яриа намжиж байна. Энэ өлсгөлөн эхлэсэн цагаасаа авахуулаад л мөнгө авсан, өгсөн тухай яриаг араасаа дагууллаа. Үнэхээр ингэж мөнгө авч “шоу” хийгээд байдаг хэрэг үү. Аль эсвэл ард түмэн, ахан дүүс, газар шорооныхоо төлөө тэмцэлд ханцуй шамлан орсон иргэдийг ингэж “харлуулаад” байгаа юм уу. Аль нь ч байсан “Ноён уул” –д байрлах алтны ордыг эргэлтэнд оруулах нь аль ч талдаа ихээхэн хохиролтой болох мэт. Хамгийн наад зах нь тэрхүү уулын бэлд бидний байтугай дэлхийн түүхэнд ч байхгүй түүхийн үнэтэй олдворууд байдаг. Намрын чуулган хаалтаа хийх мөчид энэ хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдсэн ч анхны хэлэлцүүлгээсээ унасан юм. Тиймээс ирэх хаврын чуулганаар хуулийн төслийн Засгийн газар дахин өргөн барих биз ээ. Энэ үед дээрх хүмүүс уг асуудалд хэрхэн хандах нь ихээхэн сонирхол татаж байгаа юм.






















































Сэтгэгдэл (1)