Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр манай улсын хоёр оюутан БНХАУ руу хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөж яваад баригдсан билээ.

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр манай улсын хоёр оюутан БНХАУ руу хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөж яваад баригдсан билээ. Тэд биедээ 500 грамм хар тамхи зөөвөрлөж яваад саатуулагдсан юм. Тус хоёр оюутны нэгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү хэмээн хэвлэлээр бичээд буй. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг “Энэ бол ташаа мэдээлэл. Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа хоёр оюутны хэн ч Баясгалан гэсэн овогтой биш. Хувь хүний нууцыг хуулиар хамгаалдаг. Тэр утгаараа тэдгээр оюутнуудын ар гэрийхэн нь хэргийн талаар олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн. Үүнийг нь иргэд томоохон албан тушаалтны хүүхэд холбогдсон учраас Гадаад харилцааны яам мэдээллийг нуугаад байна гэж хардаад байгаа бололтой. Г.Баясгалангийн хүүхэд хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт шалгагдаж байгаа гэдэг бол цуурхал. Аравдугаар сарын 27-нд их хэмжээний хар тамхи зөөвөрлөсөн хоёр оюутны нэгийг нь Ц овогтой А гэдэг. 1986 онд төрсөн, 25 настай залуу. Харин нөгөө оюутныг нь Ж овогтой А гэдэг. 1981 онд төрсөн, 30 настай юм билээ. Гар тээшиндээ 500 граммаас дээш хэмжээний хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариулж байсан.
Харин уг хэрэгт холбогдсон хоёр залуугийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болсон байна. Шүүхийн тогтоол гараагүй байгаа аж.
Б.Чимэг