Монголын аялал жуулчлалын холбооноос “Нүүдэлчдийн өвөл 2012” фестивалийг зохион байгуулах болсон талаараа сэтгүүлчдэд мэдэгдлээ. Сүүлийн жилүүдэд өвөл цагт Монголын нутгаар аялах сонирхолтой гадаадын аялагч эрс нэмэгдэж байгаа аж. Тиймээс тус холбооноос гадаад дотоодын аялагчид руу хандсан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Энэ жил л гэхэд “Тэмээний баяр”, “Шинийн нэгний анхны нар харах аялал”, “Бүргэдийн баяр”, “Нүүдэлчдийн өвөл 2012” гэх мэт хоёр хэсэгтэй зургаан арга хэмжээг зохион байгуулж байна.
Эхний аялал шинийн нэгний нар харах ёслолоор эхлэх бөгөөд тус арга хэмжээ нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байлах Чингис хааны хөшөөт цогцолборт болох юм байна. Өглөөний 05 цагт Баянгол зочид буудлын А байрнаас аялагчдыг аваад нэгдсэн журмаар хөдлөнө. Нар харах ёслолын үеэр иргэд идээ будааны дээжээ тэнгэр бурхандаа өргөж, нарандаа сүсэглэн залбирч болох гэнэ.
Хоёрдахь аялал “Нүүдэлчдийн өвөл 2012” мөсний баяраар үргэлжилнэ. Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын эрэг дээр зохиогддог тус арга хэмжээ ирэх сарын 2-нд Бөөгийн ёслолоор нээлтээ хийх бөгөөд олон олон сонирхолтой тэмцээн уралдаанаар үргэлжлэх юм байна. Тус аялал 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Ирэх сарын 5-нд “Бүргэдийн баяр”-ыг зохион байгуулна. Дөрөв дэх удаагаа зохиогдож буй энэхүү баярт Баян-Өлгий аймгийн бүргэдээр ан хийдэг 10 сумаас тус бүр хоёр бүргэдчин оролцох юм байна. Казах түмний үндэсний уламжлалыг харуулдаг энэ баярыг монголчууд төдийгүй гадаадын жуулчид ихэд сонирхдог. Энэ удаа Францын нэгэн томоохон телевиз сурвалжлах хүсэлтээ ирүүлсний зэрэгцээ гадаадын олон жуулчин үзэж сонирхохоо илэрхийлжээ.
Дараагийн арга хэмжээ Өмнөговь аймгийн Булган суманд болох “Тэмээний баяр”-аар үргэжилнэ. Тус арга хэмжээ ирэх сарын 6,7-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд үзэхийг хүссэн аялагчид өөрсдийн хувийн унаагаар явж болохоос гадна аялал жуулчлалын холбооны машинаар 5-ны өглөө 10 болон 2 цагаас Баянгол зочид буудлаас явах боломжтой юм байна. Ирж очих унаа хоолны зардал 110 мянга болох аж. Аялагчдад зориулсан дулаан, тохилог гэрийг Булган суманд бэлдсэн байгаа гэнэ. Дашрамд дуулгахад Хөвсгөл болон Өмнөговьд болох арга хэмжээг сурвалжлах хүсэлтэй сэтгүүлчдэд аялал жуулчлалын холбооныхон өөрсдийн унаагаар үйлчилж унаа хоол, байраар хангах юм байна.