Өнөөдөр Таван толгойн хувьцааг иргэдэд хэрхэн олгох талаар УИХ эцсийн хэлэлцүүлэг хийх гэж байгаа билээ.

Өнөөдөр Таван толгойн хувьцааг иргэдэд хэрхэн олгох талаар УИХ эцсийн хэлэлцүүлэг хийх гэж байгаа билээ. Харин “Эх орны хишиг” болон Таван толгойн хувьцааг хольж олгохоор болж байгааг Я.Батсуурь гишүүн эсэргүүцэж байна. Тэрбээр анх Таван толгойн ордыг ашиглах тухай 39-р тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргахдаа “Эх орны хишиг”-ээс гадна иргэдэд олгох хувьцааг 20 хувь болгоё гэж санал гаргасан ч өнөөдөр сүүлийн хэлэлцүүлгийн үеэр огт өөр болчихсон байгааг хэлж байна. Хэрэв иргэдийг сая төгрөг, хувьцааны аль нэгийг нь ав гэж тулгавал олон хүн Таван толгойн хувьцааг авч чадахгүйд хүрнэ гэв. Сая төгрөгөө сургалтын төлбөр болгоод авчихсан оюутнууд Монгол улсын иргэний хувьд байгалийн баялагаас хувь хүртэх боломжгүй болж байгаа юм. Я.Батсуурь гишүүн “Ядуурал 40 хувьтай, инфляци өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа цагаан сар дөхсөн энэ үед ихэнхи нь сая төгрөгөө авъя гэсэн шийдвэр гаргана. Орлого багатай хүмүүс бол сая төгрөгөө аваад цагаан сарын дараа гэхэд дуусгачихна. Тэгэхээр баян, ядуугийн ялгаа улам нэмэгдэнэ” гэсэн юм. Түүний хэлж буйгаар өмнөх гурван жилд амласан сая төгрөгөө 300 мянгаар нь хувааж гурван удаа өгч болох байсан аж. Тэрбээр үнэхээр хувьцаа, “Эх орны хишиг”-ийг хамтад нь өгч чадахгүй юм бол буруугаа хэлээд уучлалт гуйх хэрэгтэй. 1990-ээд онд ягаан, цэнхэр тасалбараас болж баян, ядуугийн ялгаа хурцадсан гашуун сургамжийг давтах гээд байна гэлээ.