
Энэ салбарын сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэр яригдаж байна. Тэрбээр сүүлийн үед тэтгэвэр нэмэх, боловсролын системд өөрчлөлт оруулах гээд багагүй ажил хийсээр яваа. Тиймдээ ч дэмжигдэх магадлал өндөр байгаа юм. Харин түүнтэй өрсөлдөж, сунгаанд сойгдож магадгүй нэр дэвшигчээр МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар яригдаж байна. Энэ хүний нэр хамтарсан Засгийн газар тарснаас хойш засгийн томилгоо болгонд нэр нь мэр сэр дуулдах болсон билээ. Түүний нэр тэргүүн шадар сайдын суудалд яригдаж байсан ч намын нөхдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. МАН-ын залуучууд түүнийг дэмжиж “ах, зах”-тайгаа муудаад авсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс “ямар ч байсан нэг юм зулгаана аа” гэж үзэж байгаа бололтой. Ер нь түүнд хийж чадахгүй, хийхийг хүсэхгүй ажил гэж үгүй мэт. Шадар сайдын ажлыг ч хийнэ “шадар”-гүй сайдын ажлыг ч хийнэ.
Намынхан нь түүнээс илүү эмэгтэй гишүүндээ нааштай хандаж байгаа гэж эх сурвалжууд хэлж байгаа юм. Сонгуулийн амлалтыг биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх цалин тэтгэврийн асуудлыг ямар хүнд хариуцуулах вэ гэхээсээ илүү залуучууд, эмэгтэйчүүд гэх жендер, квотын асуудал л яригдаад байгаа бололтой. Гэхдээ яагаад ч юм нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар эмэгтэй хүн ажиллах ёстой гэсэн олон нийтийн хүлээлт байгаад л байна.
Б.Баяр