
Арай л эрт “шийтгэх” байлаа даа. Үнэ нэмлээ гэх мэдээлэл гарснаас хойш
40 хоног өнгөрөхөд дөнгөж хариуцлагын тухай нэг шийдвэр гаргав. Энэ
хооронд 40 минутад саяын ашигтай компаниуд хэдэн тэрбум төгрөг олж,
дансаа зузаалсан бол? Нарийн биш энгийн тоо бодлого бодъё.

Өнгөрсөн сард авто бензиний үнэ дуу дуугаа авалцан өссөн нь Монголд төдий л шинэ үзэгдэл биш. Гэхдээ энэ удаагийнх нь бүх ШТС-ууд хоорондоо үгсэн тохирч, долларын ханшийн өсөлт рүү буруугаа чихсэн гэдгээрээ онцлог “давуу” талтай. Гэхдээ өөрсдийн хүссэн зоргоор үнэ нэмж, хүрэх хүрэхгүй болгоны эдийн засагт нөлөөлдөг цөөн компаниудыг Засгийн газар үйл ажиллагааг нь зогсоохоор шийдэв. Арай л эрт “шийтгэх” байлаа даа. Үнэ нэмлээ гэх мэдээлэл гарснаас хойш 40 хоног өнгөрөхөд дөнгөж хариуцлагын тухай нэг шийдвэр гаргав. Энэ хооронд 40 минутад саяын ашигтай компаниуд хэдэн тэрбум төгрөг олж, дансаа зузаалсан бол? Нарийн биш энгийн тоо бодлого бодъё. Энэ хэргээс болж нийт шатахуун борлуулагч компаниудыг жилийн 1.5-6 хувийн ашгаар нь торгоход 10 гаруй тэрбум төгрөг төрд төвлөрнө гэж тооцсон билээ. Тэгвэл хамгийн багаар бүх компаний жилийн ашгаас зургаан хувь нь 10 тэрбум гээд бодвол бүтэн жилийн ашиг нь 608 333 333 333,3 төгрөг. Үүнийг 365 хоногт хуваахад нэг өдрийн ашиг гарч ирэх бөгөөд түүнийг алдагдлын 40 өдрөөр үржүүлэхэд компаниуд нийт хэдэн төгрөгийг халаасалсан нь тодорхой болно. 66 666 666 666.6 гэсэн тоон дүн гарч байна, үүнийг 66.6 тэрбум гэдэг. Багаар тооцсон энэ тоо бодлогоос нийт торгуулийг 16 тэрбум гэж таагаад хасвал цэвэр ашиг нь 50 тэрбум болно.
Засгийн газраас өнөөдөр хүргүүлэх албан бичиг нь тодорхой хугацаа заах бөгөөд эрхээ хасуулахгүй гэсэн компаниуд эцсийн мөч хүртэл үнээ буулгахгүй нь тодорхой, Өдөрт 1.6 тэрбумаа халаасалж л сууна. Ингэхээр Засгийн газрын үйл ажиллагаа хэр шуурхай бөгөөд шударга байгааг харж болох.
Нөгөө талаас Засгийн газрын хурдыг тодорхойлох бас нэгэн "үзүүлэлт" бий. Хоёрхон жилийн өмнө шатахууны үнэ өсч, түлшний хомсдол үүссэн. Д.Зоригт сайд зурагтаар “Яах ч үгүй ээ” гэж хэнэггүй хэлж суухад гадаа машины банкинд дусал ч шатахуун үлдэхээргүй нөхцөл бүрэлдэж л байлаа. Тэр үед дахиж хомсдолд орохгүйн тулд доод тал нь 60 мянган тонн түлшний нөөцтэй болох шийдэлд хүрсэн. Түүний төлөө сав байгуулах хэрэгтэй гэдгийг хөндөн гаргаж байлаа. Гэвч байгуулах шийдвэр нь өчигдөр л концессийн гэрээгээр гүйцэтгэнэ гэж тодорхой болов. Цаашид сонгон шалгаруулалт, төсөв төлөвлөгөө гэж ажил өрнөх бөгөөл ердөө анхдагч шийдвэр л гарлаа. Нөөцийн савтай болох хүртэл, түүнийгээ бүрэн дүүргэх хүртэл шатахууны үнэ хэдэн ч удаа “булгиж”, эдийн засаг донсолж, иргэдийн амьжиргаанд заналхийлэх юм бүү мэд. Засгийн газар төөлүүр хорхойн хурдаар урагшилж байхад бизнесийнхэн дэргэдүүр нь шоргоолжны хурдаар халаасаа зузаалсаар л байна. Засгийн сайдууд хурдлаасай...