УИХ-ын даргын шийдвэрээр долоо хоногтсунгасан УИХ-ын намрын чуулганы хугацаа өнөөдөр дуусч байна

УИХ-ын даргын шийдвэрээр долоо хоногтсунгасан УИХ-ын намрын чуулганы хугацаа өнөөдөр дуусч байна. Тиймээс өнөөдөр намрын чуулганыг хаахаар болжээ. Харин шийдэгдээгүй, нэг мөр болоогүй олон асуудал байгаа тул АН-ын бүлэг санал гаргаснаар маргааш ээлжит бус чуулган зарлаж үлдсэн асуудлаа хэлэлцэх болов. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь санал гаргасан тохиолдолд УИХ-ын дарга чуулганы хугацааг сунгаж болох хуулийн заалт байдаг. Одоогоор Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухай 39-р тогтоол болон УИХ, Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах асуудал дээр гишүүд саналын зөрүүтэй байгаа юм. Мөн Монгол улсыг гадаадад төлөөлөн суух элчин сайд нарыг батлах асуудал хүлээж байгаа. Хэрэв маргааш хоёр нам тохиролцоонд хүрч, шийдэж чадахгүй бол бямба гарагт ч дахин хуралдах магадлалтай байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Энэ бямба гараг буюу хоёрдугаар сарын 18-ны өдрийг ажлын өдөр болгохоор Засгийн газар шийдвэрлэсэн билээ.