
-Шүүгч цагдаагийн экс дарга нарын хэрэгтэй танилцах хугацаа өнөөдөр дуусч байна?
-Манай газраас тухайн үед Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч хошууч генерал Ч.Амарболд ажлын хариуцлага алдаж үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй. Мөн түүний удирдлага дор ажиллаж байсан Д.Зоригт, Ш.Батсүх нарын хурандаа нар байлдааны галт зэвсэг тарааж, хамтран оролцсон гэж үзэж байгаа. Одоо шүүх эднийг яллах яллахгүйг шийдэх үлдсэн.
-Хэрвээ шүүхээс мөрдөн байцаалт дутуу байна дахин шалга гээд хэргийг буцаавал яах вэ?
-Бид одоо тэр хэргийг үүнээс илүү шалгах боломжгүй. Тэгээд ч өөр гэрч, эд мөрийн баримт гарч ирэхгүй бол одоо байгаа бүх баримтуудыг үлдээлгүй шалгасан. Манай мөрдөн байцаах алба 20 гаруй байцаагчтай. Түүний бараг дөрөвний нэг нь долдугаар сарын 1-ний хэргийг шалгах ажлын хэсэгт ажилласан. Шалгалтыг аль болох нягт, баримттай явуулах үүднээс бүхий л талаас нь байгаа бүх боломжоороо ажилласан.
Хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг өмнө нь “Албан үүрэгтээ хайнга хандсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан, өршөөлд хамруулсан бол уг хэргийг сэргээн шалгаснаас хойш тэднийг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн юм. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтооогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх аж. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги аж.
Б.Чимэг