
Шалгалтанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эхэлж байгаа аж ахуй нэгж байгууллага, томоохон үйлчилгээний төвүүд, гэр хорооллын айл өрхүүд хамрагдсан байна. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын албаны давхардсан тоогоор 1087 албан хаагч, хорооны 388 ажилтан оролцож, нийт 388 объект, 57435 айл өрхийг шалгажээ. Шалгалтаар 68011 зөрчил илрүүлж, 6572 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн бусад зөрчлүүдийг арилгуулахаар 42 заавал биелүүлэх албан шаардлага, 148 мэдэгдэл, хоёр танилцуулга, дөрвөн байгууллагад үйл ажиллагаа зогсоох тогтоолыг бичиж, холбогдох албан тушаалтанд хүргүүлэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн зургаан байгууллага, аж ахуйн нэгжийг 1 сая 300 мянган төгрөгөөр, хоёр албан тушаалтанг 90 мянган төгрөгөөр торгож, нийт найман субъектыг 1 сая 390 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажиллажээ.
Дээрх хоёр дүүргийн гэр хороололд оршин суудаг айл өрх, иргэдийн ердийн галлагаатай пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдал хангагдаагүй, цахилгаан шугам сүлжээний ашиглалт, угсралтын дүрэм зөрчигдсөн, ил утастай плитка, халаагуур хэрэглэдэг, хөдөө орон нутгаас шилжин ирэгсэдийн тоо өссөнөөр нэг хашаанд байрлах гэр хоорондын зай хэт ойртсон, өвс, шатах тослох материал агуулдаг, шингэрүүлсэн хийн хэрэглээ ихэссэн, бага насны хүүхдээ харгалзан асрах хүнгүй орхидог, ил задгай үнс нурмаа асгаж хуурай хог хаягдлын цэгүүдийг үүсгэсэн зэрэг зөрчлүүд их байгаа нь галын аюулгүй байдлын шаардлага, гал түймэр гарах нөхцөлийн гол шалтгаан болж байна.
Иймд иргэд, олон нийт өөрийн эд хөрөнгө, амь насаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангаж, холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм журмыг мөрдөж, өдөр тутмын амьдралдаа зөв дадал хэвшил болгох нь хамгийн чухал байна хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулав.
Б.Чимэг