УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдөр Боловсролын тухай хуулийг хэлэлцсэн билээ. Энэ хуульд улсын болон хувийн сургуулиудын багш нарыг тэтгэвэрт нь гарахад мөн таван жилд нэг удаа мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахад нь улсын төсвөөс мөнгө гаргаж өгнө гэсэн заалт орж байгаа. Үүнийг Д.Арвин гишүүн эсэргүүцэж байсан ч уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

- Энэ хуулинд ерөнхий боловсролын болон хувийн сургууль цэцэрлэгийн багш нарыг тэтгэвэрт гарахад нь улсаас мөнгө гаргаж санхүүжүүлнэ гэж оруулах гэж байна. Өнөөдөр ерөнхий боловсролын сургууль сурагчдаас маш их мөнгө авсаар ирсэн. Тэр хуримтлалаараа багш нарыг давтан сургаж, цаашлаад ниймгийн асуудал, тэтгэвэрт гарах нөөцийг нь бэлдэхэд бүрэн хангалттай. Хүүхдүүдийн тоо нэмэгдэж, сургууль цөөхөн байгаа нь ойлгомжтой. Гэхдээ үүгээр далимдуулж бизнес хийж байна шүү дээ. Та нар энэ том том компаниудын хувийн цэцэрлэг, сургуулийг аваад үз. Улсын төсвөөс тэгэж их халамж авах гээд байгаа юм бол төлбөрөө бууруулах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл багш нарын мөнгийг гаргаж болох юм. Арван хэдэн мянган долларын төлбөртэй америкийн сургууль ийм их мөнгө авч баяжиж байгаа хэрнээ Монголын төрөөс мөнгө авч багш нараа давтан сургана гэж юу гэсэн үг вэ? Монголын төрийг доромжилж байгаа байхгүй юу. Дэндүү шударга биш шүү дээ.
- Хувийн сургуулиудад зүгээр мөнгө өгчих заалт гэдэг нь илт байхад яагаад эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлчихэв ээ?
- Өчигдөр энэ саналыг гаргасан хүмүүс УИХ-ын даргатай нийлээд эсэргүүцэж байгаа хүмүүсийг дарна шүү гэж тохиролцсон байгаа юм. Тэрийг мэдчихээд миний зэвүү хүрээд байна. УИХ-ын даргын зөвлөлтэй нийлээд энэ саналыг авна, энийг авахгүй гэж тохирч байж орж ирж байна. Хуулийг дандаа ингэж хуйвалдаж будлиантай хийдэг. Яахав 500-аас доош долларын төлбөртэй хувийн сургуулийн багш нарт олгоно гээд заагаад өгчихвөл хамаа алга. Мөнгө авдаггүй бага төлбөртэй байсан бол өнөөдөр би дуугарахгүй л дээ. Нэрийг нь хэлэх гэхээр хүмүүс уурлана л даа. Ч.Сайханбилэг, Д.Зоригт, С.Баярцогт гээд гишүүд бүгд хувийн сургуультай. Том том компаниудын дэргэдэх баян сургууль цэцэрлэгүүд олон байгаа шүү.
- Хэрэв багш нарт тэтгэвэрт гарахад улсаас мөнгө өгч байгаа бол эмч, цагдаа гээд бүх хүнд өгмөөр юм?
- Харин тийм. УИХ-д байгаа гишүүд цадигаа алдаж байна. Юу болж байгаа юм бэ? Ноднин мал эмнэлгийн тэтгэвэрт гарч байгаа эмч нарыг компаниуд нь дааж гаргасан. Хэрэв үнэхээр тийм өглөгч юм бол бүх салбарт адилхан жигд өгөх ёстой. Ганц боловсролын биш, эрүүл мэндийн салбар цаашлаад бүх салбарынхан тэтгэвэрт гарахад ижилхэн улсын төсвөөс мөнгө өгдөг байх ёстой.
- Энэ хуулт эцсийн хэлэлцүүлэгт шилжчихлээ. Өөрчлөх арга байна уу?
- Яахав, энэ хууль цаашаа явчихлаа. Одоо бол хувийн сургуулиудын төлбөрийг буулгах заалт оруулах хэрэгтэй. Үнэндээ төлбөртэй гадаад сургуулийн багш нар баян амьдарч байгаа. Эцэг эхчүүдийн мөнгөөр хэдэн захирлууд л баяжиж байна. Тийм цэцэрлэгт хүүхдээ өгөх гэхээр миний зэвүү хүрээд байгаа байхгүй юу. Тэрний оронд нэг хүн гэртээ авчирч суулгаад таван цаас өгөөд амьдралыг нь өөд нь татсан нь дээр.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (1)