Галт зэвсгийн наймаачдын сүлжээг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ. Хэрэгт одоогоор Монгол иргэдийг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна. Мөн тэднийг БНХАУ-ын зэвсгийн наймаачидтай холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сарын 22-нд Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын дэд ерөнхийлөгч Жой Байден манай улсад айлчилсан. Түүнийг ирэхээс хоёр цагийн өмнө “Чингис хаан” олон улсын нисэх буудал дах Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх алба, “Буянт-Ухаа” дах гаалийн газрын байцаагчид 400 ширхэг ангийн болон байлдааны зориулалттай сумыг илрүүлсэн. Сумыг Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ138” олон улсын нислэгийн онгоцны зорчигчийн зааланд нуусан байсан юм. Уг сум нь Монгол Улсын нутаг дэвсгэрт орох зөвшөөрөл байгаагүй учраас Тагнуулын ерөнхий газраас хэргийг мөшгөж шалгаж байгаа аж.
Б.Чимэг