Солонгос иргэнд зодуулж
амь насаа алдсан монгол залуу хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байжээ 
Энэ сарын 16-ны өдрийн 22 цагийн орчимд БНСУ-д Монгол иргэн амиа алдсан талаар бид мэдээлсэн. Дэлгүүрийн хаалгыг хаалгүй гарснаас болж үүссэн маргааны улмаас 28 настай Монгол залуу дэлгүүрийн эзэнд зодуулан нас барсан юм. Хэрэг тус улсын Кёнги аймгийн Пажү Хот, Гвангтан дүүргийн Чангман хорооны дэлгүүрт гарсан. Гэрч нарын дуудлагийг хүлээн авч яаралтай түргэн тусламж дуудсан ч хохирогч Б нь эмнэлэг рүү хүргэгдэх замд амьсгал хураажээ. Хэрэгт БНСА-ын иргэн 31 настай Ха гэгчийг саатуулан шалгаж байгаа гэнэ. Монгол залуугийн аминд хүрсэн дэлгүүрийн эзэн 30 орчим насны хүн бөгөөд тэрээр цагдаагийнханд “Гадаа хүйтэн байхад дэлгүүрийн хаалгыг онгорхой орхиж гарахаар нь уур хүрээд Б-г зодсон” хэмээн тайлбарласан байна. Энэ талаарх албан ёсны мэдээ 17-ны өглөө манай ЭСЯ-нд ирсэн бөгөөд ГХЯ-ныхан хэргийн талаар тэр даруй хохирогчийн ар гэрийнхэнд мэдэгдсэн аж. Хэрэг гарсантай холбогдуулан БНСУ-ын ГХЯ-ны захирал нь тус улсад суугаа манай ЭСЯ-нд очин эмгэнэл илэрхийлсэн гэнэ. Талийгаачийн ар гэрийнхэн хөдөө амьдардаг бөгөөд өнгөрсөн бямба гаригт Улаанбаатарт ирсэн байна. Тэд өнөөдөр БНСУ-руу нисэх аж. Талийгаач залуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байжээ. Хохирогчийн талаар ар гэрийнхэны зөвшөөлтэйгээр хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэж манай улсын ГХЯ-ынхан хэлж байна.
Т.Хулан