Энэ сарын 11-20-ны өдрүүдэд Улсын Дээд шүүхийн шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажилтнууд ХЗДХЯ, УПЕГ, цагдаагийн ажилтнууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудтай хамтран орон нутагт ажиллаж, уулзалт- ярилцлага зохион байгууллаа. Уулзалтыг Төв аймагт “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулав.
Нэгдсэн зөвлөгөөнд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, гавъяат хуульч С.Нямжав, Шүүхийн Судалгааны төвийн захирал Ч.Нямсүрэн болон албаны бусад хүмүүс оролцжээ.
Зөвлөгөөний үеэр Төв аймгийн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хуулийн хэлтсийнхэн ажлаа танилцуулж, цаашдын зорилтын талаар ярьсан байна. Тус аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын хэлснээр аймаг болон сум дундын хоёр шүүх, захиргааны хэргийн шүүхүүдэд нийт 46 шүүгч, ажилтан ажилладаг байна. Жилд дунджаар 200 шахам хэрэг шийдвэрлэдгийн ихэнх нь малын хулгай болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг байдаг аж.
Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн С.Нямжав энэ үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд хуулийн удирдах байгууллагуудаас 7 ажлын хэсэг гарч орон нутагт ажилласан. Манай ажлын хэсэг Өмнөговь, Дундговьд ажиллаад, одоо танай аймагт ирээд байна. Бид ийнхүү орон нутагт ажиллах явцдаа Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурорын “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах тухай” хамтарсан тушаалын биелэлтийг шалгах, шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, орон нутагт ямар бэрхшээл учирч буйтай танилцах, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зэрэг ажлыг хийж явна. Мөн та бүхний санал хүсэлтийг сонсож, түүнд тулгуурлан цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаарх зөвлөмжийн төслийг боловсруулж, хамтарсан бодлогын баримт бичигт тусгуулах юм” хэмээн онцлов.
Ажлын хэсгийнхэнд Төв аймгийн хууль хяналтын байгууллагынхан олон санал хүсэлт хэлсэн бөгөөд үүнд Шүүхийн тухай багц хуультай холбоотой санал нэлээд хувийг эзэлж байлаа. Мөн малын хулгайтай тэмцэх болон энэ төрлийн хэрэг дээр хохирлыг тооцох тал дээр анхаарах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад учирч буй бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх гэх мэт олон асуудлыг тойрон санал бодлоо солилцсон байна.
Б.Чимэг