Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг Аудитын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шалгуулахаар иргэн Л.Энхболд гомдол гаргажээ. Тэрээр гаргасан өргөдөлдөө “Өмнөговийн Засаг дарга Б.Бадраа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн” гэжээ. Засаг дарга Б.Бадраа нь 2009, 2010 онд нийтдээ арван захирамж гаргаж, 500 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авсан байна. Үүнийг нь гомдол гаргасан иргэн Л.Энхболд “Хагас тэрбум төгрөгөөр тансаг хэрэглээний, өндөр үнэтэй машин худалдан авахдаа тендер зарлаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл” гэж үзэж байгаа аж. Тиймээс санхүүгийн илүү ноцтой зөрчлүүдийг нь шалгаж өгөөч хэмээн өргөдөл гаргасан байна.
Б.Чимэг