Цагдаагийн алба хаагчид самрын ченжүүдээс авлига авч, БНХАУ-ын хилээр гаргасан хэрэгт Баянгол дүүргийн дөрвөн алба хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Цагдаагийн алба хаагчид самрын ченжүүдээс авлига авч, БНХАУ-ын хилээр гаргасан хэрэгт Баянгол дүүргийн дөрвөн алба хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэднийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм. Харин уг хэрэгт дахин Сайншанд, Чойр дах гаалийн байцаагчдад эрүү үүсгэсэн хэмээн эх сурвалж мэдээлэв. Учир нь өнгөрсөн сарын 4-5-ны өдрүүдэд Замын-Үүдийн боомтоор 200 гаруй вагоны 18-д нь самар нууж гаргасныг гаалийн байцаагчид илрүүлээгүй байна. Хилээр гарсны дараа ЦЕГ-ын Дотоодын хяналт шалгалтын хэлтэст ирсэн иргэдийн гомдлоор мөшгөн хөөн хэргийг илрүүлсэн аж. Иймд гаалийн хоёр байцаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн Чойр дах гаалийн салбарын эрхлэгч, гаалийн улсын байцаагч нарыг ажлаас нь халжээ. Түүнчлэн ажлын бүтээмж алдсан хэмээн Сайншанд дах Гаалийн газрын даргыг албан тушаалаас нь бууруулж, байцаагч болгосон аж. Уг хэрэгт одоогоор цагдаа, гаалийн ажилтнуудыг шалгаж эхэлсэн бол цаашид сэжигтнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай хэмээн эх сурвалж мэдээлэв.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)