-
2018 оны 1 сарын 10
Өвлийн өвөлд нүүгэлтсэн хар утаатай зууралддаг Улаанбаатарын маань амьдрал уйтгартай, хэдэн улстөрчид нь ч учраа олохгүй хэрүүл тэмцэл ихтэй байна. Үндсэндээ манай дээдсүүд угаартаад юу яасан улс орныг удирдаж авч явах байтугай хэлж байгаа үгнийхээ учрыг ч зарим нь олохоо больцгоож байх шиг байна. Дээдсүүд нь төрийн ордондоо угаартаж суудлаа ч олохгүй дэнжигнэлдэж байх зуур доодчуудынх нь амьдрал доройтсоор л өдөр хоногууд нисэн одож байна. Ядаж байхад Утаанбаатарын харанхуй өдрүүд ойрын өдрүүдэд улам бүр түнэр болно. Учир нь хүйтний эрч эрс чангарч, хотын захын борчууд сурснаараа муур нохойн сэг зэмээ өрдөж эхэллээ. Тэдгээр нь амьтны сэг зэм гэсэндээ шатахаараа тос нь нэвчиж лавтай таваас зургаан цаг цогшин шатдаг гэж уугай. Ийнхүү гэр хорооллын иргэд амьтны гаралтай хорт утаагаар бүх биеэ хордуулж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Утаа ихэссэн ч хортой үзүүлэлт нь багассан” хэмээн хэнэг ч үгүй яриад сууж байгаа юм.
Гэр хорооллоос жаахан хөндийрөөд хотын төв рүү ойртоод хаашаа л харна түгжирсэн зам дээр хөмсөг зангидсан жолооч нар машинаа хаазалж, тэдгээрийн яндангаас олгойдох утаа хоолой боочих шахна. Машинаа эцэст нь тултал хаазалж олгойдсон саарал утаа шидлэх ууртай жолооч нарын тэдний аясыг харж дайруулчих шахан гүйлдэх явган зорчигчид хий дэмий л ороолтоороо амаа баглана. Автобусны буудал болгон дээр овоорч бужигналдсан бөөн хүмүүс утаатай Улаанбаатарынхаа өвлийг бушуухан шувтарч урин хавар ирээсэй хэмээн дотор сэтгэлдээ залбирцгаана. Дайрч унагачих шахан уралдан давхилдах автобус дараа дараагаараа шахцалдан ирэвч дотор нь хөл гишгэх газаргүй уурлаж бухимдсан зорчигчид дүүрэн. Нударгацлах нь холгүй байж арай чүү автобусанд орж амжвал авч давхих хөөргөн жолооч нарынх нь арагш, урагш нь түс хийтэл тормослож нугас тасалчихмаар явдал суудал нь аймшигтай. Багтах зайгүй автобусны ая тух, амгалан тайванг бол ярих ч юм биш. Бачимдсан сэтгэл дээрээ бөөн бухимдал нэмж үүрээд бушуухан л буухын мөрөөс болно. Арай гэж нэг юм автобуснаас буувал зам засварчдын зунжингаа овоолж хаясан элдэв хог новшинд таварцаглаж ойчих гээд, ухсан нүхэнд нь унаж үхчих гээд ээ дээ мөн ч яггүй. Урьд нь явган хүний зам байсан өнөөдрийн там дээгүүр дэгэнцэн догонцон харайлгаж явсаар гэртээ ороход замын тоос шороо, утаа тортогт дарагдсан малгай толгой зэвхий саарал, өмссөн хувцаснаас тортог ханхийнэ. Өдрийн бүх л бухимдал, утаатай Улаанбаатарын нэг өдрийн хир буртагаасаа бушуухан салъя хэмээж цэмбийтэл усанд орж, хоолоо идчихээд сэтгэл сэргээд зурагт харахаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид үлдсэн нэг сарын хугацаанд утааны эсрэг дорвитой ажил хийж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Харин утааг бууруулах тал дээр цогц арга хэмжээ авч ажиллахаар болж, нэгдсэн ойлголтод хүрлээ” хэмээж ялимгүй амарч байсан бие сэтгэл рүү хорт утаа тургилах нь дахиад л угаартаж унамаар.
Д.Хаянхярваа даргын урамгүй яриатай залгаад захын гэр хорооллууд орчмоор зарагдаж байгаа түлээ нүүрсний үнэ ханшийг мэдээлж байна. Ноднин өдийд 150 мянган төгрөг байсан портер нүүрс 300 мянга боллоо л гэнэ. Шуудай биш ээ, уут мод 2000 төгрөг болсон л гэнэ. Ганцхан өдөрт 17 хүн цаг бусаар хорвоог орхилоо гэнэ. Ургийн гажиг 30% нэмэгдлээ гэж байна. Жирэмслэлт 40% буурлаа гэнэ. 15-17 насны хүүхдүүд элдэв цавуу, ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурах нь сүүлийн хоёрхон сард 21 удаа бүртгэгдэж тэднээс 4 нь амиа алдлаа л гэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь эрс нэмэгдэж амралтын өдөр 48 жолооч энэ төрлийн зөрчил гаргажээ л гэнэ. Аймшигтай. Аргаа бараад зурагтынхаа сувгийг дээрээс нь доош дуустал гүйлгэсэн ч ихэнх сувгаар Монголын амьдралын аймшигтай дүр зураг, ухаж сэндийчсэн уурхайн хаягдал, хогон дунд босгосон овоохойдоо нүд шүд нь гялалзаж суугаа орон гэргүйчүүд, үгүй бол жагсаж тэмцэж сандал суудлаа булаацалдсан дарга нар л харагдана.
Амьдрал үргэжилсээр хэдий ч гялтайж гялайлгах юм тун ч ховор байна. Ядаж байхад энэ өвөл айхтар хүйтэрч эхэллээ. Уг нь хоёр гурван жилийн өмнөхөн дэлхий шилгээж аймшигтай осол болвол тэсч үлдэх ганцхан авралын сууц нь Монгол гэр гэж хаа сайгүй ярьсансан. Нээрээ бодоод байхнээ галав юүлж газар хөдөлж байхад гэрийн маань унь л толгой дээрээс унахаас өөр сүйдтэй шийтгэлийг монголчууд бид амсахгүй шиг байгаа юм. Тэгэхээр өвлийн энэ тэсгим хүйтэнд Улаанбаатарын гэр хорооллынхон нүүрсээ түлж, бөмбөгөр гэртээ бүлээн дулаан амьдрахаас ч өөр яах вэ. Гэтэл энэ муусайн нүүрс түлээний ченжүүд үнэ ханшаа тэнгэрт тултал нь хөөрөгдөж байгаа нь бухимдаж тарчилсан сэтгэлийг минь бас л дахин зовооно. Орон сууцанд амьдардаг мань мэтэд түлээ, нүүрсний үнэ огтхон ч хамаагүй санагдавч зуухандаа хийх тэвэр түлээ, түмпэн нүүрсгүй, хөлдүү гэрт ходоод нь хонхолзон уйлж суугаа халтархан жаалууд нүдэнд харагдаж хоолой дээр дахиад л бөөн хар юм тээглэнэ. Орон сууцныханд ч ялгаагүй бөөн зовлон байж л байна. Өглөөнөөс орой болтол байн байн цахилгаан тасрах нь өнгөрсөн зун, намрын хувьд жирийн үзэгдэл болсон.
Цэвэр агаар төслийг 30 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж Улаанбаатарын утааг 25% буурууллаа гэж бахиралдаад байсан хотын хуучин удирдлагуудтай хатуухан ярих цаг болсон мэт. Улаанбаатарын утаагаар бизнес хийж түрүүвчээ түнтийлгэсэн дарга нар, улстөрчидтэй хатуухан тооцоо бодууштай. Утааны эсрэг мөнгөөр бизнес хийж хагартлаа баяжсан дарга нараас залхсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сүүлийн 10 жилд 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг зарцуулсан ч утаа арилаагүй, улам л өтгөрлөө. Манай Засгийн газрын үед 17.5 тэрбум төгрөгийг утааг бууруулахад төсөвлөсөн. Энэ мөнгө зөвхөн утааг бууруулахад л зарцуулагдах ёстой. Хэн ч ашиг хонжоо хайх ёсгүй. Хэрвээ тийм үйлдэл илэрдэг л юм бол хатуу хариуцлага тооцно” хэмээн аргаа барсан хүний үгийг хэлж зогсоно. Улаанбаатарын утаа улстөр хоёр ийнхүү өтгөрөн замхарч байна.
Монголын улстөрчид Улаанбаатарын утааны өмнө хоёр гараа өргөсөн энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулга “Хэрэв утааны асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах тал дээр санаачилгатай ажиллана” хэмээн эцсийнхээ үгийг хэллээ. Улс эх орон маань хөгжөөд байна уу хөлхөөд байна уу. Хүн ард нь дэвжээд байна уу дордоод байна уу. Хот хөдөөгүй суугаад л хөгшин залуугүй уугаад л. Зон олон маань нэг л зовсон шинжтэй харагдахгүй байна уу эрхэм дарга нар аа. Та нарыг эрх ямба, алба тушаалаа булаацалдан хэдэн хэсэг болчихоод архиралдаж байх хооронд Монгол түмэн уруудаж, Улаанбаатарчууд угаартаж, хордож гүйцлээ. Өвөл улам ч хахир хүйтэн боллоо.
-
2018 оны 1 сарын 10
ГЭР ХОРООЛОЛД СЕРВИС ЦЕНТР БУЮУ ДЭД БҮТЦИЙН ТӨВ БАРИХ БОЛОН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
-
2018 оны 1 сарын 10
ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЖ БАЙНА.
1. Гастроэнтерологи эмч-1
Хүний их эмч мэргэжилтэй, хоол боловсруулах эрхтэний эмгэгийн эмчийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан, хоол боловсруулах эрхтэний дурангийн эмчийн мэргэжлийг эзэмшсэн болон мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
2. Сэтгэл зүйч-1
Баклаварийн боловсролтой, сэтгэл судлал мэргэжилтэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан, эрдмийн цолтой бол давуу тал болно.
3. Сэтгэцийн эмч-1
Хүний их эмч мэргэжилтэй, сэтгэцийн өвчин судлалын чиглэлээр нарийн мэргэшил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөртэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан байх ба мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
4. Хавдрын эмч-1
Хүний их эмч мэргэжилтэй, хавдар судлалын эмчийн нарийн мэргэшил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөртэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан байх ба мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
5. Эмгэг судлалын эмч-1
Хүний их эмч мэргэжилтэй, эмнэл зүй эмгэг судлалын эмчийн нарийн мэргэшил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөртэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан байх ба мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
6. Программ хангамжийн инженер-1
Баклаварын боловсролтой, мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан, график дизайн, хэвлэлийн эх бэлтгэлийн програмуудыг бүрэн эзэмшсэн байх, мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
7. Хүүхдийн сувилагч-4
Хүүхдийн сувилахуйн нарийн мэргэшил эзэмшсэн, сувилах үйл ажиллагаа эрхийн зөвшөөрөлтэй, тухайн мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
8. Жор баригч-2
Эм найруулагч мэргэжилтэй, эм найруулах үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөлтэй, тухайн мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
9. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч-1
Дипломын болон бакалаврын боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан.
10. Сүлжээний техникч-1
Бакалаврын боловсролтой, сүлжээний техникч мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан.
11. Эмгэг судлалын туслах ажилтан-1
Эмгэг судлалын туслах ажилтны мэргэжил олгох сургалтад хамрагдсан байх ба эрүүл мэндийн байгууллагад 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
1. Хувийн зохион байгуулалт сайтай
2. Багаар хамтран ажиллах
3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
4. Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
5. Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
6. Гадаад хэлний зохих мэдлэгтэй
7. Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт тодорхой хугацаагаар ажиллах боломжтой
8. Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.
9. 35 хүртэлх насны
Сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд 2018 оны 01 дүгээр сарын 18 -ны өдрийн 17.00 цагт багтаан ирүүлнэ үү.
Үүнд:
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /I маягт/
- Төгссөн сургууль, дамжааны диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
- Нотариатаар батлуулсан эмчлэх эрхийн зөвшөөрлийн хуулбар
Лавлах утас: Хүний нөөцийн алба 99073783, 99011078
-
2018 оны 1 сарын 10
Улсын аварга, арслан цолтнуудын дунд халз барилдаан энэ сарын 20-нд “Аса” циркт болно. Уг барилдаанд хүчээ сорих 16 бөхчүүдийн нэр тодорчээ. Барилдаанд,
Улсын арслан Д.Оюунболд,
Улсын арслан Р.Пүрэвдагва,
Улсын заан Б.Батмөнх,
Улсын заан Б.Пүрэвсайхан,
Улсын заан Н.Жаргалбаяр,
Улсын харцага Т.Баасанхүү,
Улсын харцага Б.Одгэрэл,
Улсын харцага Х.Гантулга,
Улсын харцага О.Хангай,
Улсын харцага Б.Бат-Өлзий,
Улсын начин Э.Энхбат,
Улсын начин Ж.Чулуунбат,
Улсын начин Э.Даш,
Улсын начин Ч.Хөхчирэнгэр,
Улсын начин М.Бадарч,
Улсын начин Б.Амарзаяа нар зодоглохоор болжээ.
Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван барилдаан хийнэ. Гэхдээ гурван өөр хүнтэй барилдана. Нэг даваа 1 сая төгрөг бөгөөд 3 давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаад давсан нь 3 сая төгрөг авна.
-
2018 оны 1 сарын 10
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Өгөөж-Чихэр боов”, “Үлэмж органик” ХХК, “Сүү” ХК-ийн үйл ажиллагаатай өнөөдөр (2018.01.09) танилцлаа.
Хүнсний бүтээгдэхүүний болон үндэсний үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлого, хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, уламжлалт цагаан идээний нэр төрөл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл инноваци, дэвшилт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээрх төрийн бодлогод үйлдвэрлэгчдийн саналыг тусгах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм.
Монгол Улсын хүнсний ууган, манлай үйлдвэрүүд болох “Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, “Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, “Үлэмж органик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Цогтбуян нар үйлдвэрлэлийнхээ өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаар УИХ-ын даргад товч танилцуулав.
“Өгөөж-Чихэр боов” ХХК 1958 онд байгуулагдсан, 450-иад ажиллагсадтай, 150 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоногт 40 тонныг үйлдвэрлэдэг бол “Сүү” ХК мөн 1958 онд байгуулагдсан, хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Тус компани салбар 3 үйлдвэртэй, 5 аймгийн 2500 гаруй малчны бүлгээс газар дээрээс нь сүү авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм байна. 2010 оноос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн харьцангуй залуу үйлдвэр “Үлэмж органик” ХХК-ийн хувьд тараг, ааруул, аарц, ээдэм, хайлмаг, зөөхий зэрэг ямар нэг консервант, амт үнэр сайжруулагч химийн бодис агуулаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна.
Тэдгээр компанийнхан үндэсний үйлдвэрүүдээ татварын бодлогоор дэмжих, зарим хөнгөлөлт үзүүлэх, өндөр ашиг шимт эрчимжсэн мал аж ахуйд шаардлагатай тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, улаан буудайн урамшуулалтай адилаар сүүнд урамшуулал олгох, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй задгай сүүний борлуулалтыг хориглох, дунд сургуулийн сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэлийн сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх зэрэг саналыг тавилаа.
УИХ-ын дарга М.Энхболд УИХ-аар “Хүнсний тухай”, “Баяжуулсан хүнсний тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. Эдгээр хуульд үйлдвэрлэгчид та бүхний санал чухал тул УИХ-ын холбогдох Байнгын хороод, Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, саналаа илэрхийлэн, идэвхтэй оролцоорой гэв.
Тэрбээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа олон асуудал бий. Тэдний нэг нь хүнсний бүтээгдэхүүний стандарт, зохистой хэрэглээ юм. Тиймээс эдгээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Хүнсний хэрэглээнээс шалтгаалсан, сэтгэл зовоосон асуудлууд ялангуяа хүүхэд, багачуудын дунд түгээмэл болж байна. Тухайлбал, бага насны хүүхдийн таргалалт, шүдний цооролт өвчнийг энд дурдаж болно. Өчигдөр уулзсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийн мэдээллээр Монгол Улс 37 орныг хамарсан бүс нутагтаа хүүхдийн хэт таргалалтын үзүүлэлтээр 2-р байранд орж байна. “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд 2012 онд хийсэн судалгаагаар шүдний өвчний тархалт 12 настнуудын хувьд 94 хувьтай байсан.
Ийм байдалд хүргэж байгаа нэг гол шалтгаан нь хэт чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундааны хэрэглээтэй холбоотой байна. Гаалийн ерөнхий газрын 2012-2017 оны мэдээгээр жилд дунджаар 21.3 сая ам.долларын үнэ бүхий 10.6 мянган тонн хатуу чихэр, чихэр орлуулагчаар хийсэн амттаныг импортоор авч хэрэглэжээ.
Тиймээс хэт чихэрлэг, хийжүүлсэн ундааны хэрэглээг бууруулж, сүү, цагаан идээгээ түлхүү хэрэглэж хэвших чиглэлд төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай байна” гэж тэмдэглэв.
Төгсгөлд нь тэрбээр “УИХ-ын даргын хувьд иргэдийн язгуур эрх ашгийг хөндөж буй хүнсний аюулгүй байдaл, хүүхэд, өсвөр залуу үе, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах цогц бодлогын хүрээнд үндэсний уламжлалт цагаан идээгээ тогтмол хэрэглэж хэвшихийг бүх нийтэд хандан уриалж байна” гэлээ. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн БОХХАА-н байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир нар ажиллалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2018 оны 1 сарын 10
Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан билээ.
-
2018 оны 1 сарын 10
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар илт худал ташаа мэдээлэл тараасантай холбогдуулан тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Удаа дараа худал ташаа мэдээлэл нийгэмд тарааж байна
Тэрээр “Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор тодорхой үйл ажиллагаандаа мониторинг хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар сар бүр иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ирсэн. Өнөөдөр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс байгууллагын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан шинжтэй мэдээлэл хийсэнд залруулга хийе.
Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ нь өөрөө Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдлаар ажиллах хууль зүйн баталгаа болж байдаг. Гэтэл Г.Баасан нарын хүмүүс Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг саармагжуулах, байгууллагын удирдлагыг шүүмжлэх нэрийдлээр манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, гутаан доромжлох, харлуулах, авлигатай тэмцэх тэмцлийн хүчийг бууруулах, олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагуудын өмнө Авлигатай тэмцэх газрын нэр хүндийг унагаах зорилготойгоор удаа дараа худал ташаа, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд тарааж байна.
Авлигын эсрэг хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байдаг объектод хэн нэгэн этгээд дур зоргоороо аашлах гэсэн оролдлогыг нь хязгаарласан, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн дотоод журмыг Авлигатай тэмцэх газар мөрдөж ажилладаг. Үүнийг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид ч өөрсдөө мөрдөж ажилладаг. Хаалттай байдал гэдгийг хаалга, үүд цоожилсноор хэмжихгүй. Авлигатай тэмцэх газар аливаа мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд олон нийтэд хүргэж, шаардлагатай бол өгч байгаа. Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон гишүүдийг уулзах хүсэлт гаргахад нь тухай бүр хүлээн авч уулзаж байсан. Тодорхой жишээ дурдахад 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Баасан Авлигатай тэмцэх газрын даргатай уулзах хүсэлт гаргаад уулзах үеэрээ “Манай олон нийтийн зөвлөлд олон янзын боловсролгүй, эрээвэр хураавар хүмүүс байдаг болохоор хамаагүй асуудал ярихаар хов болгоод хэцүү байна. Тиймээс ганцаарчилж уулзъя” гээд бусад гишүүдээ муулан байж уулзсан байдаг. Энэ үедээ Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн асуудлыг яагаад шалгахгүй байна вэ гэж Х.Энхжаргал даргаас асуусан байсан. “Эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналт дор хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоо наад асуудлаа орхи” гэж Х.Энхжаргал дарга хэлсэн байсан. Тухайн үед юу ярьсан нь Авлигатай тэмцэх газрын даргын өрөөнд байх дуу хураагуурт бичигдэж үлдсэн байгаа. Д.Жигжиднямаагийн хувьд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200106 дугаартай, 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200173 дугаартай эрүүгийн хэргүүд үүсгээд прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Авлигатай тэмцэх газрын төсөв жил дараалан буурч байгаа
“Есөн тэрбумаар юу ч хийгээгүй байж 17 тэрбум төгрөгийн төсвөөр шагнууллаа” гэх асуудал Г.Баасан ярьсан. Энэ бол Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн худлаа мэдээлэл юм. 2014 оноос хойш Авлигатай тэмцэх газартт батлагдаж ирсэн төсвийн мэдээллийг та бүхэн дэлгэцээс харна уу.
Авлигатай тэмцэх газрын төсөв 2014 онд 15 тэрбум төгрөг байсан. Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын төсвийг өмнөх жилийн төсвөөс бууруулан батлахыг хориглоно гэсэн заалт байсныг 2015 оны 11 дүгээр сард тухайн үеийн хууль тогтоогчид хүчингүй болгоод 2015 оноос хойш жил дараалан тус газрын төсвийг бууруулан баталж ирсэн. Тухайн үед Авлигатай тэмцэх газрын бие даасан, хараат бус байдалд нөлөөлсөн гэж олон улсын байгууллагын зүгээс шүүмжилж байсан. Харин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаар Авлигатай тэмцэх газрын 2018 оны төсөв, хөтөлбөрийн санхүүжилт нийлээд 14,8 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үндэсний хөтөлбөрийн санхүүжилтээр төрийн албан хаагч нарыг сургах, иргэний нийгэм, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, төрийн үйлчилгээний хүнд суртал, авлигын эрсдлийг арилгах гэх мэт тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд маш тодорхой тусгасан байгаа.
Бидэнтэй хамтраад мэдээлэгчийг хамгаалах ёстой
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл болон Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл бол тэс 2 өөр ойлголт бөгөөд үүнийг ялгаж, салгаж ойлгох талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хангалттай мэдээлэл өгсөн гэж үзэж байна. Манай байгууллагын цахим хуудсанд ороод харвал ойлгомжтой, тодорхой тайлбартай байгаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.7.4-т, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.4.15-д тусгасан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл байгуулах асуудлыг Авлигатай тэмцэх газар хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд зохион байгуулан явуулж байгаа ажил юм. Та бүхэн хуулийн болон хөтөлбөрийн заалтуудыг дэлгэцээс харж байна.
Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болох авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд Г.Баасан дарга шиг олон нийтийн төлөөллийн үүрэг маш чухал байдаг. Иргэдийг авлигыг үл тэвч, тэмц, мэдээл, хяна гэж уриалахын оронд эсрэгээр нь Авлигатай тэмцэх газарт юу ч өгөөд нэмэргүй гээд, олон нийтийн хяналтын тогтолцоо бий болгохоор НАХЯ-ны мэдээлэгч нар гэж нийтэд зарлаад байгаа нь олон нийтийн авлигатай тэмцэх хүсэл зориг, Авлигатай тэмцэх газарт итгэх итгэлийг нь унтраасан үйлдэл гэж үзэж болохоор байна. Ямар эрх ашгийн төлөө ингэж яваад байгаа юм бол. Гэтэл өөрсдөө мэдээлэгч, шүгэл үлээгчийг дэмжих жил гэж зарлаад байгаа нь бүр ч ойлгомжгүй байна.
Гүжир гүтгэлгээ зогсоохыг шаардав
Г.Баасан нар нь Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн эрх, үүргийн хувиар мэдээлэл хийсэн гэж Авлигатай тэмцэх газар үзэхгүй байна. Тэд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн нэрийг барьж, илэрхий улс төрийн санаа, зорилгоор хараат бус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах гэж оролдож байна. Түүнчлэн Монгол Улсын авлигатай тэмцэх байгууллага, түүний удирдлага, албан хаагчдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, худал ташаа мэдээллийг зориудаар тарааж байгаа удаа дараагийн үйлдлээ таслан зогсоохыг Г.Баасанд анхааруулж байна.
Байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хандлага болон илт гүжирдлэгийн шинжтэй мэдээлэл тараахаа зогсоохгүй бол Авлигатай тэмцэх газар байгууллагын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр Монгол Улсын шүүхэд хандахаа мэдэгдэж байна. Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын тухай ярьсан асуудал өнөөдрийн мэдээлэлд хамаагүй. Өнөөдөр зөвхөн байгууллагын байр суурь илэрхийлж байна” гэж мэдэгдлээ.
-
2018 оны 1 сарын 10
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
-
2018 оны 1 сарын 10
Г.Номуундарь
-
2018 оны 1 сарын 10
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.
№
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1.
Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай*
Ө.ЭНХТҮВШИН
2.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай
Г.ЗАНДАНШАТАР
3.
Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Г.ЗАНДАНШАТАР
4.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компаний хэлбэрт шилжүүлж нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай*
Г.ЗАНДАНШАТАР
5.
Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Н.ЭНХБОЛД
6.
Журам шинэчлэн батлах тухай (Цэргийн гэрээт алба хаах)
Н.ЭНХБОЛД
7.
Консулын газар нээн ажиллуулах тухай
Д.ЦОГТБААТАР
8.
Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Франкфурт хот дахь сэргээн босголтын банк хоорондын нэмэлт зээлийн хэлэлцээрийн тухай (Дарханы ДЦС)
Ч.ХҮРЭЛБААТАР
9.
“Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршилын тухай” УИХ-ын тогтоолын төсөл
Ц.НЯМДОРЖ
10.
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
Ц.НЯМДОРЖ
11.
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Ц.НЯМДОРЖ
12.
Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын санаачлан боловсруулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
Ц.НЯМДОРЖ
13.
Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл (Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай)
Ж.БАТ-ЭРДЭНЭ
14.
Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлах тухай
Б.БАТЗОРИГ
15.
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Амьтан , ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээ олгох журам”)
Б.БАТЗОРИГ
16.
Бусад асуудал*
У.ХҮРЭЛСҮХ
Танилцуулах асуудал
17.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын тухай
Г.ЗАНДАНШАТАР
18.
Батлах хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
Н.ЭНХБОЛД
19.
Гадаад харилцааны сайд Давосын чуулга уулзалтад оролцох талаар
Д.ЦОГТБААТАР
20.
“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх этгээдтэй байгуулах гэрээний төслийн хэлэлцээний явцын тухай
Ж.БАТ-ЭРДЭНЭ
21.
Танилцуулга
Б.БАТЗОРИГ
-
2018 оны 1 сарын 10
Тамхи гэдэг нь татах буюу үнэрлэж, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах, нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.
Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг ба үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг ажээ. Жишээлбэл: хулгана мэрэгч амьтдын устгахад хэрэглэгддэг арзен, хорт хийн камерт ашигладаг цианид, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг бохь, хамгийн гол нь донтуулах үйлчилгээтэй никотин агуулагддаг байна. Тамхинд байдаг никотин хэмээх бодис донтуулдаг үйлчилгээтэй учраас тамхинд нэг орчихвол түүнээс гарах амаргүй болдог. Никотин нь маш хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэлзүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох, түүнийг байнга шаардахыг хэлнэ.
Тамхины бохь нь зөвхөн уушгийг харлуулдаг төдийгүй хавдар үүсгэхэд нөлөөлдөг олон бодисыг ихээр агуулж байдаг. Нэг жилийн турш өдөр бүр 20 ширхэг тамхи татвал 1 аяга тамхины бохь уухтай тэнцүүбайдаг. Тамхи татдаггүй хүн тамхины утаатай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хорт бодисоор амьсгалж байгаатай тэнцдэг. Уушгины хавдрын 90% нь тамхинаас болж үүсдэг. Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх шалтгаан болдог.Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтнүүдэд тэжээл дутагдаж зүрх,тархины шигдээс үүсгэдэг.Хорт хавдрын -38%,зүрх судасны өвчний -34%,амьсгалын эрхтний өвчлөлийн -28% нь дан ганцхан тамхи татсанаас болж үүсэж байна.Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ.
Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй жил бүр 7,2 сая хүн нас бардаг. 2013 онд Монгол улсад хийгдсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи хэрэглэдэг гэжээ. Тамхи хэрэглэгчдийн ихэнх нь (91,7%) тамхийг өдөр бүр тогтмол татдаг байв. Судалгаанд хамрагдсан 2 хүн тутмын 1 нь (42,9%) гэрийн дотоод орчинд, 3 хүн тутмын 1 нь (35.6%)ажлын байрандаа дамтамхидалтын эрсдэлд өртөж байна.
Монгол Улсын 2013 оны Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа буюу “ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаа”ны үр дүнд сурагчдын 22% нь тамхи татдаг гэж хариулжээ. Тамхи татаж үзсэн нийт сурагчдын 61,4% нь 14 наснаасаа өмнө тамхи татсан байлаа. Нийт сурагчдын 9,4% нь сүүлийн нэг сард нэг түүнээс олон удаа тамхи татсан байлаа. Судалгаанд хамрагдсан сурагчдын 60,8% нь сүүлийн 7 хоногт дам тамхидалт өртсөн байна. Сурагчдын 44,6% нь тамхитай орчинд амьдарч байгаа нь 38,6% нь эцэг эх, эрэгтэй асран хамгаалагч тамхи татдаг, 2,6% нь ээж, эмэгтэй асран хамгаалагч, 3,4% нь эцэг эх хоёулаа тамхи татаж байгаагаас харагдсан.
Мөн манай улсад 2017 онд хийгдсэн дэлхий дахины залуучуудын тамхины судалгаагаар тамхи таталтын тархалтын байдал 14.3 хувьтай, үүнээс эрэгтэй сурагчдын /20.3%/ эзлэх хувь нь эмэгтэй сурагчдаас /8.3%/ даруй 2 дахин их байна. Мөн судалгаанд хамрагдсан залуучуудын 45 хувь, үүнээс хөвгүүдийн 56,7%, охидын 33,9% нь тодорхой хэмжээгээр тамхи татаж үзсэн байна. Нийт залуучуудын 5,6%, үүнээс хөвгүүдийн 8,2%, охидын 2,9% нь одоогоор тамхи татаж байна.
Сурагчдын 42,4% нь гэртээ, 49,8% нь хаалттай олон нийтийн газар тамхины утаанд өртөж байсан байна. Сүүлийн 7 хоногийн хугацаанд судалгаанд хамрагдсан сурагчдын 54,4%-д тэдний дэргэд болон гэрт нь хэн нэгэн хүн тамхи татсан байна. Судалгаанд хамрагдсан сурагчлын эцэг эхийнх нь нэг эсвэл хоёулаа татдаг гэж 54,5% нь хариулсан бол, тэдгээр сурагчдын найз нөхдийн ихэнх нь эсвэл бүгд тамхи татдаг гэж зөвхөн 6,4,% хь харилусан. Ойролцоогоор 10 оюутан тутмын 9 нь (88%)тамхи татах нь тэдний болон бусдын эрүүл мэндэд нөлөөлнө гэж үзсэн. Мөн судалгаанд оролцсон сурагчдын 79,1% нь нийтийн үйлчилгээний газарт тамхи татахын бүрэн хориглох хэрэгтэй, тамхи татахыг хориглосон хууль хэрэгждэггүй гэж үзсэн байна.
Хүн амын бөгөөд тэр дундаа залуучууд, сурагчдын тамхины хэрэглээг багасгах нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд энэ чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааг хүртээмжтэй болгох, ухуулга сурталчилгааг эрчимжүүлэх, тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, хамтын ажиллагаа түншлэлийг өргөжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Иргэд та бүхэн тамхинаас гарахын тулд дараах үе шатуудыг дамжин тамхиа хаях боломжтой.
Тамхиа хаяхад бэлтгэх:
• Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла
• Тамхитай холбоотой бүх зүйл (тамхи, тамхины асаагуур, гаанс, үнсний сав)-ыг хая.
• Үг хэллэг, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл
• Тамхиа хаяж чадна гэж өөртэйгээ ярьж, өөрийгөө байнга зоригжуул
• Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд.
Тамхинаас ангижрах:
· Үгүй, татахгүй гэж хэлж сур
· Тамхи асаах шалтаг бүү гарга
· Какао, кофе, коко кола зэрэг тамхи татах сонирхлыг төрүүлдэг ундаа, хоол хүнснийг бүү хэрэглэ
· Тамхи татах хорхойгоо дарах аргуудыг хэрэглэ (хатуу чихэр хүлхэх, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт)
Тамхи татахгүй чигээр үлдэх
· Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг тунгаан бод
· Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас зайлсхий
· Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалц
· Тамхи татдаггүй болсноо бусдад харуул
Та тамхиа хаяж чадвал
· Өдөрт хэд дахин хороор амьсгалах шаардлагагүй болно
· Цагаа үр ашиггүй үрэхгүй
· Бусдыг хордуулахгүй
· Бусдад зэмлүүлэхгүй
· Тамхинд мөнгөө үрэхгүй.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
-
2018 оны 1 сарын 10
УИХ дахь ажлын хэсэг болон байнгын хороод хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийнэ. 10.00 цагаас Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрт;
“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай асуудал” сэдэвт Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн 2017.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
Дэд хорооны даргыг сонгох тухай /Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо/;
Ажлын хэсгийг өөрчлөн байгуулах тухай /Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн/;
Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн/;
Бусад.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
-
2018 оны 1 сарын 10
2018.1.10, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24
ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР
Аргын тооллын: 2018.1.10, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08.39-17.19
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
-
2018 оны 1 сарын 10
2018 оны 01 дүгээр сарын 09-ний 20 цагаас 01-р дүгээр сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хараа Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Хөвсгөл уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
-
2018 оны 1 сарын 09
Хөөрхий дөө Пүрэв баавай. Жинхэнэ Монгол ур ухаан, уран дүрслэлтэй баавайн хэвлэлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагыг авах хувь надад тохиож өнгөрсөн 12 дугаар сарын 27-нд ”Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж гэмээнэ Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна” гарчигтай ярилцлагыг нь ”Өглөөний сонин”-д гаргаж байжээ. Ярилцлага нь хэвлэгдсэн сонинг өөрийнх нь захисан ёсоор Зохиолчдын хорооны хойно байх оёдлын үйлдвэрт ажилладаг охинд нь аваачиж өгч билээ. Тэгтэл өдөр нь утас цохиж ”Эрхэм дүүдээ үнэхээр их баярлалаа. Муу өвгөн ах нь одоо бичээд л байхаас яах вэ” гэж байсансан. Хүний амьдрал гэдэг үнэхээр богинохон, дуусахаа хүрвэл даанч амархан юмсанж. Эрхэм баавай Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв гуайнхаа гэгээн дурсгалыг нь хүндэтгэн хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлагыг нь уншигч танд хүргэж байна. Ум сайн амгалан болтугай
-
2018 оны 1 сарын 09
Нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын 02-ны байдлаар, амбулаторийн 59.446 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6706 тохиолдол оношлогдсон бөгөөд энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байсан билээ.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 08-ны мэдээллээс үзвэл, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 70.573 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5094 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дунджаас 4.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.8 хувиар бага байна.
Нийт өвчлөгсдийн 34.3 хувийг 0-1 нас, 28.1 хувийг 2-4 нас, 14.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлжээ. Хүүхдийн түргэн тусламжийн 1327 дуудлага ирснээс 44.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар, 2084 орон дээр 2368 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Нийт орны ачаалал 13.6 хувиар нэмэгдэж, 70-80 хувь хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ.
Харин 2018 оны нэгдүгээр сарын 09-ний байдлаар, нийслэлийн эмнэлгүүдийн 2084 орон дээр 2135 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт орны ачаалал 2.4 хувиар илүү байгаа бөгөөд 20-30 хувь хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм.
Харьцуулсан судалгаанаас үзвэл, амбулаторийн үзлэгээр томуу, томуу төст өвчний тохиолдол буурч, нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал тодорхой хувиар багассан үзүүлэлттэй байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2018 оны 1 сарын 09
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр (2018.01.09) 14 цаг 25 минутад 52.9 хувийн ирцтэй эхэллээ. Хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан даргалав.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодод шилжүүлсэн юм.
Хоёр Байнгын хорооноос байгуулагдсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж ажиллажээ. Мөн Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон ажлын дэд хэсэг байгуулж ажиллуулсан байна.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулга хийсэн юм. Байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан энэ хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн хилс хэргээр цаазлагдсан, шоронд хоригдож ял эдэлж байсан хэлмэгдэгчдийн үр хүүхэд 400-гаад хүн нөхөх олговор авах эрх зүйн боломж шинээр бүрдэх учраас завхрал, гомдол чирэгдэл учруулахгүйгээр энэ ажлыг хэрэгжүүлэхэд анхаарахыг сануулаад цаашид хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, ОХУ-д цаазлагдсан улс төрийн зүтгэлтнүүдийн шарилыг эх оронд нв авч ирж оршуулах, улс төрийн хэлмэгдлийн холбогдолтой архивын баримт материалыг татан авах чиглэлээр юу хийхээр төлөвлөж байгааг ажлын хэсгээс тодруулав.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны дарга Д.Ууганбаатар гишүүний асуултад өгсөн хариултдаа, Тагнуулын ерөнхий газрын бүрэн бус мэдээллээр 36 мянга орчим хүн улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн гэсэн баримт байдгаас 30220 хүнийг цагаатгасан. Үлдсэн 5000 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгаа. Харин цагаатгагдсан боловч нөхөх олговор нэхэмжлээгүй 10 мянга орчим хүн бий гэлээ.
Харин Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдний гэр бүл, үр хүүхдэд учирсан хохирлыг барагдуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байх үүднээс төр, засгаас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ирсэн. Гэхдээ улс орны эдийн засгийн чадавхиас шалтгаалж сүүлийн жилүүдэд дорвитой арга хэмжээ авч чадаагүй явж ирсэн тал бий. ОХУ-д хүсэлт тавьж, тэнд хэлмэгдэж цаазлагдсан улс төрийн зүтгэлтнүүдийн архивын хэрэг материалыг татаж авах, мөн цаазлагдсан иргэдийнхээ шарилыг эх оронд нь авч ирж хүн ёоор оршуулах, хэлмэгдүүлэлт болсон газруудыг дахин нягталж тогтоон хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх багана, самбар, хөшөө дурсгал босгох зэрэг ажлыг хуулийн хугацаа сунгагдаж байгаа хоёр жилийн хугацаанд Засгийн газар, холбогдох байгууллагууд, олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн энэ хоёр жилийн хугацаанд хуулийн зохицуулалтад хамаарах 400 орчим хүний өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэн 2020 оны сүүлч гэхэд цагаатгах ажлыг үндсэнд нь дуусгавах болгоход гол анхаарлаа хандуулна гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон 18 гишүүн санал нэгтэй дэмжлээ.
Уг хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн энэхүү нөхөх олговор олгох ажлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт бүрдэх юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2018 оны 1 сарын 09
Иргэдийн гар утас, автомашины хучлага болон бусад зүйлийг хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Тухайлбал, Баянхонгор аймгийн харьяат Э нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Ц-ийн “Vingroud” автомашины хучлагыг хулгайлан авч явж байсныг цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа илрүүлжээ. Уг үйлдлийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
“Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах хашаанд ил байсан автомашины хучлага алдагдсан байна” гэсэн мэдээлэл тус дүүргийн иргэн Л.Б-ээс Сонгинохайрхан дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Буянт-Ухаа-2” хорооллын байрны гаднаас автомашины хучлага алдагдсан хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суух Д нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлджээ.
Мөн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид автомашины эд анги хулгайлсан хэргийг, НЦГ-ын хэлстийн алба хаагч халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэн үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан байна.
Иймд иргэдийг ил задгай талбайд машинаа орхихдоо орчны гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, камертай орчинд орхиж байх. Ийм боломжгүй тохиолдолд машиндаа дохиоллын систем суулгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Түүнчлэн цагаан сарын баяр дөхөхөөр баярын идээ шүүс болох бууз, банш, ууц, өвчүүний хулгай нэмэгддэг. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулах, гэр орноо эзэнгүй орхиж буй бол хөршдөө захиж үлдээх, гэрийн цоож цуургаа сайжруулах, гарахдаа цонх, хаалганыхаа түгжээг шалгаж болзошгүй хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг анхааруулъя.
-
2018 оны 1 сарын 09
Өнгөрсөн оны 6 дугаар сарын 11-ны “гайт” өдөр баахан саундаж, шоудсон биш “Бандааш” гуншин хүртэж төдийгөөс өдий хүртэл гаднаас нь харахад толгой өндөр, царай тэнэгэр яваа ч дотор сэтгэлдээ гундуухан яваа УИХ-ын хамгийн залуухан гишүүн Д.Гантулга яг одоо төрийн ордонд Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж бүр нэг эр хүн эрвэлзэж сууна. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэх татгалзан шийдвэрийг бичгээр гарган, гарын үсгээр баталгаажуулан эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгөх эрхтэй” гэсэн айхтар заалт оруулсан нь Байнгын хороодын гишүүдийг хоёр, гурав хувааж ширүүхэн маргаан өрнүүлсэн. Тус Байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг ширүүхэн сөргүү асуулт тавихад Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга “Тухайн хүн татгалзах уу, зөвшөөрөх үү гэдэг асуудал дээр нас заасан юм. Татгалзах тухай бичгийг 25-наас дээш хүн бичих нь зөв юм гэж үзсэн. Залуучууд сэтгэл хөөрлөөр хандах вий гэж бодсон. Монгол Улсын иргэний үнэмлэх 2 дахь удаагаа авдаг үе 25 нас дээр байдаг. Тиймээс энэ үеэр асуулт, хариулт явуулах юм” гэж байгаа юм.
Ингээд энэ асуудлаар эхний санал хураалт явуултал Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй. Харин Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулгын саналаар дахин уг заалт дээр дахин санал хураалт явуултал нөгөө сүрхий эсэргүүцээд байсан М.Оюунчимэгээс эхлээд ихэнх нь дэмжчихэж байгаа юм. Ийнхүү Монгол хүн 25 наснаасаа эхлээд өөрийн хүслээр эд эрхтнээрээ Донор болох хуулийн төсөл НББСШУ-ны Байнгын хороогоор дэмжигдэж эхэллээ.
Энэ нь уг хуулийн шинэчилсэн найруулгын Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж эрвэлзэж суугаа эрхэм “Бандааш” гишүүний уйгагүй зүтгэлийн гавьяа мөн. Д.Гантулга бүр овоо шүү.
-
2018 оны 1 сарын 09
Сахарын цөлд орших Айн Сефра тосгонд 16 инч буюу 40 хүртэлх см-ийн зузаан цас оржээ. Алжирын Айн Сефра тосгонд цаг агаар үргэлж л халуун, хуурай байдаг бөгөөд сүүлийн 37 жилийн хугацаанд энэ бүсэд анх удаа цас орсон нь энэ юм.
24tsag.mn