-
2017 оны 8 сарын 16
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт үерийн ус зайлуулах далан дээрх явган хүний гүүр нуржээ.Үүний улмаас нэг хүн цементэн хавтанд даруулан амиа алдсан хэрэг гарсан байна.
Осол болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт 18.15 цагт ирж, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч ажиллаж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
-
2017 оны 8 сарын 16
Өмнөговь аймагт малын шилжилт хөдөлгөөнийг гурван жилийн хугацаатай хориглов.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 -ын ”А” дахь заалт, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын хуралдаанаар малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.
Мал амьтны гоц халдварт өвчин буюу шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт улсын хэмжээнд зүүн болон төвийн бүсийн ихэнх аймгуудад гарч дэгдэлт буурахгүй байгаа учир дээрх шийдвэрийг гаргасан байна. Өөр аймгаас мал худалдан авах, тууварлах замаар өөрийн аймагт мал оруулж ирэхийг энэ сарын 12-ноос гурван жилийн хугацаатайгаар ийнхүү хориглож байгаа юм.
-
2017 оны 8 сарын 16
Энэ сарын 16-нд буюу өнөөдөр өглөө Эрдэнэт хотод хоёр охин 9 давхар байшингийн дээвэр дээрээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Эрдэнэт хотод оршин суугчдын мэдээллэж буйгаар амиа хорлосон охид бага насны охид байсан гэх мэдээлэл байна. Ослын газар Онцгой байдлын албан хаагчид очсон ч аварч амжаагүй байна.
Одоогоор шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.
-
2017 оны 8 сарын 16
уралдаан 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
№
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1. “Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын үзэл баримтлалын төсөл Ж.МӨНХБАТ
2. 2017 онд хувьчлах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай* Ж.МӨНХБАТ
3. Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай* Ж.МӨНХБАТ
4. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал батлах тухай Б.ЧОЙЖИЛСҮРЭН
5. Төвүүд байгуулж, орон тооны зохицуулалт хийх тухай Н.НОМТОЙБАЯР
6. Бусад асуудал* Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
7. Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн гадаад томилолтын талаар Ж.МӨНХБАТ
8. Гадаад харилцааны сайд Израиль Улсад хийх айлчлалын тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
9. Гадаад харилцааны сайд Зүүн ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцох тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
-
2017 оны 8 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсакийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Элчин сайд Элизабет Барсак Монголын хөдөө орон нутгаар аялж сэтгэл дүүрэн ирснээ яриад “Монгол өргөн уудам нутагтай ч Улаанбаатарт хүн ам хэт төвлөрсөн, тээврийн хэрэгсэл олон. Газар нутгийн зохион байгуулалтын асуудал энд харагдаж байна” гээд Францад 1950-иад оны эхээр мөн ийм байсан. Бүхэл бүтэн бодлого боловсруулж, Парис хотоос гадагш жижиг дагуул хотууд байгуулж төвлөрлийг сааруулсан. Өвлийн улиралд Улаанбаатарт агаарын бохирдол их байдаг нь мөн төвлөрөлтэй холбоотой хэмээж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Таны өмнөх Элчин сайдтай бид ХАА, спортын чиглэлээр хамтарч ажиллаж байсан. Сая таны хэлдэг бүхэн бүгд үнэн. Төвлөрлийг сааруулж байж эдгээрийг арилгана. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын харилцаа урт удаан хугацааны түүхтэй боловч харамсалтай нь худалдаа, эдийн засгийн харилцаа жил жилээр буурч байна” гээд эдгээр салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар Элчин сайдтай санал солилцон ярилцлаа.
Элчин сайд Элизабет Барсак ХАА-н салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ЭСЯ-ны хийх чухал ажлын нэг гэдгийг онцлоод энэ талын харилцааг хөгжүүлэх бодитой боломж бий гэлээ. Франц Улс нь ХАА-н үйлдвэрлэлээр Европт нэгдүгээр ордог юм байна. Мөн ноолуурын салбарыг тогтвортой хөгжүүлэх, цөлжилттэй тэмцэх хэрэгтэйг Элчин сайд дурдсан юм.
Монголд Франц-Монголын хамтарсан сургууль байгуулах төсөл хэрэгжиж, Монгол Улсын ГХЯ, БСШУЯ, Францын ЭСЯ-ны хооронд уулзалт, яриа болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ ажлыг идэвхжүүлж сургуулийг нээх шаардлагатайг тэмдэглэв. Тэрээр Монголд олон айл хүүхдэдээ франц хэл сургах хүсэлтэй байдаг хэмээсэн юм.
Уулзалтын үеэр Элчин сайд Элизабет Барсак Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макроны илгээсэн захидлын эх хувийг гардуулав. Мөн Францын Үндэсний Ассамблей дахь Франц-Монголын бүлгийн даргын мэндчилгээг гардуулсан юм.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Францын улс төр, бизнесийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахаа илэрхийллээ.
-
2017 оны 8 сарын 16
Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий Зөвлөлийн 15 дугаар хурал эхэлсэн юм. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 15 дугаар хурлын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Тэрээр,
”Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, Хурлын дарга аа,
Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчид, Монголын Үйлдвэрчний эвлэлийн нийт гишүүд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнбатын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо түүхт 100 жилийн хугцаандаа улс орныхоо хөдөлмөрийн олон талт харилцааг боловсронгуй болгох, ажилтны хөдөлмөрлөх эрх түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирснийг онцлон дурьдмаар байна.
Манай Засгийн газар төрийн бодлого шийдвэр гаргах үйл ажиллагаандаа иргэний нийгмийн байгууллагууд, нийгмийн түншлэлүүд, төрийн бус байгууллагуудын оролцоог бүхий л түвшинд хангах зарчим барьж байна. Энэ бодлогынхоо хүрээнд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны оролцоог нэмэгдүүлж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны бүрэлдэхүүнд төлөөллөө оруулж, хамтын шийдвэр гаргаж ирлээ.
Бидний хамтын шийдвэр, зөвшилцөл улс орны минь хөгжилд чухал хувь нэмэр болсоор ирлээ. Тухайлбал бид хамтдаа ярилцаж тэтгэвэр авагчдын банкаа өөрсдөө сонгодог болголоо. Цалин, тэтгэврийн зээлийн хүүг буулгалаа. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэлийн хүүг нэмэгдүүлж ашиг орлогыг нь 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Туршилтаар, дагалдан, цагаар ажиллах иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан хуулчилж өглөө. Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг хамтраад бэлэн болголоо. Эдгээр хуулийн шинэчлэлийн хүрээнд гурвалсан харилцаа, зайнаас ажиллах, хөдөлмөрийн маргааныг богино хугацаанд зардал багатай шийдвэрлэх, цалин хөлсийг ур чадвар, ажлын бүтээмж, сахилга баттай нь хамааралтай болгох, тэтгэвэрт гарах хугацааг хувь хүнд уян хатан болгох, хувийн тэтгэвэрийн тогтолцоог бүрдүүлэх, мэргэжлийн боловсролын санхүүжилтийн олон эх үүсвэртэй болгох, төрөлжүүлэн хөгжүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг хамтраад шийдвэрлэнэ.
Бид уналттай, уруудалттай эдийн засгийг хүлээн авч өсөлттэй, ахиц дэвшилтэй болгож чадлаа. Эдийн засгийн энэхүү өсөлтийн үр шимийг хамгийн түрүүнд ард иргэд маань хүртэх ёстой. Тийм учраас ирэх жилээс тэтгэврийг нэмэгдүүлэхээ зарласан. Бас цалинг нэмэгдүүлэх бодлого боловсруулж байна. Энэ асуудал дээр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, манай Засгийн газрын байр суурь нэг байгаа. Бид бас хамтраад Төрийн албаны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний 5 дахь хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.
Аливаа асуудлыг бий болсных нь дараа биш бий болохоос нь өмнө урьдчилан ярилцаж, зөвшилцөж шийдвэрлэх нь бидний хамтын ажиллагааны зорилго юм. Ийм хамтын ажиллагааны эцсийн үр дүнг иргэд, олон нийт л хүртдэг. Бид үүний төлөө хамтарч ажилласаар байх болно
Түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоог иргэдийнхээ хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, улс орныхоо хөгжлийн төлөө оруулах хувь нэмрийг дэмжиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэдгээ илэрхийлье.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний салбарууд, аймгийн үйлдвэрчний холбоод, анхан шатны байгууллагуудад болон олон мянган гишүүдийнх нь цаашдын ажилд амжилт хүсье!
Анхаарлаа хандуулсанд баярлалаа” гэсэн юм.
-
2017 оны 8 сарын 16
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
Энэ үеэр АН-ын дарга Д.Эрдэнэбат ”Ирэх саруудад хүүхдийн мөнгө олгохгүй байх эрсдэл үүсэж байгаа учраас УИХ-ын ээлжит бус хуралдааныг хийх шаардлагатай. Сангийн яамнаас хөрөнгийн сангийн нөөц ямар байгаа мэдээллийг бид авсан. Сангийн дэд сайд хөрөнгийн боломж байгаа. Гагцхүү үүнийг төсвийн тодотгол хийхгүйгээр шийдэж болохгүй гэсэн. Наймдугаар сарын сүүлч болж байна. Бид өмнөх хуралдаанаар ээлжит бус чуулганыг хүүхдийн мөнгөтэй холбон хуралдуулаач гэсэн шаардлагыг УИХ-ын даргад өгсөн өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Бид дахин шаардах болно” гэлээ.
”Хүүхдийн мөнгөний 160 тэрбумыг олгоод дууссан гэх мэдээлэл байна. Ирэх саруудад 110 тэрбумын хүүхдийн мөнгөний дутагдалд орох учраас мөнгө олгогдохгүй байх эрсдэлд хүрээд байна. Тиймээс ээлжит бус чуулганы яаралтай хуралдуулж хөрөнгийн үүсвэрийн асуудлыг шийдэх шаардлагатай” гэв.
-
2017 оны 8 сарын 16
МУИС-ийн нөхөн элсэлтийг онлайнаар орон даяар 8-р сарын 14-өөс 8-р сарын 16-ны өдрийг дуустал http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэж байна. Харин энэ сарын 17-18-ний өдрүүдэд хуваарь олголт хийгдэх юм байна.
Нөхөн элсэлт авах Бүрэлдэхүүн сургуулиуд:
Шинжлэх ухааны сургууль
Байгалийн ухааны салбар
Нийгмийн ухааны салбар
Хүмүүнлэгийн ухааны салбар
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Хяналтын тоонд орсон бүртгүүлэгч 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулах бөгөөд элсэлтийн бүртгэлийн систем http://burtgel.num.edu.mn/-д өмнө нь бүртгүүлсэн элсэх хүсэлт гаргагч бүртгэлийн хураамж дахин төлөхгүй юм байна.
Харин шинээр хүсэлт гаргагч 9000/есөн мянга/ төгрөгийн бүртгэлийн хураамж төлнө.
-
2017 оны 8 сарын 16
Автомашингүй гудамжний ардах улс төр
Хөрөнгө мөнгөний гачаалтай, хөдөө хотгүй хоосорч байгаа хүнд өдрүүдэд үндэсний бүтээн байгуулагч барилгын компаниуд нийлж хөрөнгө босгон, УИД-ээс Аса цирк хүртэлх газрыг тохижуулахаар болов.
Гэтэл өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдахын үлгэр оршив бололтой. Эсэргүүцэгчид нь 40, 50 мянгатынхан гэх боловч нөхцөл байдлыг ажаад байхад элдэв эсэргүүцэл тэмцлийг далимдуулан элдэв нам, хөлсний тэмцэгч, хөндлөнгийн гай мундахгүй их.
Хамгийн хачирхалтай нь УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Одоо Туркийн Стамбул хотын дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очир гол дүрийн жүжигчнээр харайж яваад эгдүүцэх хүн олон байна.
Э.Мөнх-Очир гудамжийг засаж тохижуулж буй барилгачдыг хэл амаар доромжлон ‘’Би удахгүй Баянгол, Баянзүрх дүүргүүдээс өөрийн хүмүүсээ авчирч наад хашааг чинь нураалгана’’ гэж заналхийлж даналзсаныг хэвлэлүүд бичиж эхлэв.
Анх Булган аймгаас 2008 оны УИХ-ын сонгуулиар гарч ирсэн Э. Мөнх-Очир улс төрийг гэнэт орхиж, намаасаа жийгдсэн нь түүний болчимгүй алхамтай холбоотой. 2012 оны УИХ-ын сонгуулиар дахин Булган аймгаас нэр дэвшихээр санаархсан ч БСШУ-ны сайд Ч.Отгонбаярт урдуураа дайруулж дэвших эрхээ алдсанаас хойш намдаа гомдолтой явдаг болсон гэлцдэг.
Тэр МАН-ын ивээлээр УИХ-ын гишүүн, Дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер гээд авч болох бүхий л албан тушаалыг хашиж байсан мөртөө 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг унагаах хор найруулж, АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг илт дэмжсэний шагналд Турк улсад консулаар ажиллах харамж авчээ.
Түүнийг наанадаад одоогийн хотоос явуулж байгаа бодлогыг жадлан эсэргүүцэх, цаанадаад Хотын мээрийн суудалд санаархаж яваа ч юм бил үү гэх олны хардлага таамаг тэнүүчилж явна.
-
2017 оны 8 сарын 16
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Архангай аймгийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, БНХАУ-ын Хайнань мужийн Соёл, радио телевиз, ном хэвлэл, спортын тэнхимээс хамтарч зохион байгуулсан “Хятадын соёлын наадам-2017” арга хэмжээ 8-р сарын 11-13-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн хатагтай Ли Вэй, БНХАУ-ын Хайнань мужийн Соёл, радио телевиз, ном хэвлэл, спортын тэнхимийн орлогч дарга хатагтай Нин Хун-вэнь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны соёлын асуудал хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга Хүчирхэг, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн мэргэжилтэн Дэбө, Архангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Батдорж, Архангай аймгийн засаг даргын орлогч хатагтай Б.Болормаа, Архангай аймгийн засаг даргын тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, Архангай аймгийн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга С.Баатар, Синьхуа агентлаг, ХОУР, МУ-ын Star TV зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид энэхүү арга хэмжээнд оролцсон юм.
/ярилцлага: БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн хатагтай Ли Вэй/
- Архангай аймагт 2 дахь удаагын соёлын арга хэмжээгээ зохион байгуулж байна. Соёлын үйл ажиллагаагаар дамжуулж Монголын ард түмэнд Хятадын соёлыг танилцуулж хоёр орны нөхөрсөг харилцаанд нэмэр болохыг хүссэн байна. Өмнөх удаагын соёлын баярт Хятад Монгол хоёр талын 200 гаран уран бүтээлчид оролцсон байна. Энэ жилийн хувьд Хайнань гэж манай өмнөд муж байдаг. Тэрхүү өвөрмөц онцлогтой соёл урлагыг Монголын Архангай аймгийн ард иргэдэд танилцуулахаар авчирсан. Мөн соёлын биет бус өвийн үзэсгэлэн, Агару зандан мод гэх мэт өвөрмөц үзэсгэлэн зэрэг сонирхолтой хөтөлбөр байна. Мөн соёлын арга хэмжээгээр Монголын уран бүтээлчдийн урлагын тоглолт, гайхамшгийг Хайнаны уран бүтээлчидэд үзүүлэх таниулах зорилготой. Мөн Монголын ард түмэн Хятадын ард түмний хоорондын ойлголцоог гүнзгийрүүлэхэд чухал ач тустай юм.
Асуулт: Архангай аймагт яагаад соёлын наадам хийх болсон бэ? давуу тал нь юу вэ?
Бид нийслэл хотоос бусад газар байгаа ард түмэнд Хятадын соёлыг танилцуулахаар зорьсон юм. Мөн Архангай аймагтай олон жилийн нөхөрсөг харилцаатай хамтарч ажилладаг байсан. Тиймээс энэ жил ахин энд зохион байгуулж байна. Монголын бусад аймагт энэхүү үйл ажиллагааХятадын соёлын үйл ажиллагаа сонирхолтой байх болов уу гэж би итгэж байна. Тиймээс бид энэ талаар судлаж хичээж ажиллана. Мөн Монголын урлагын хүмүүс Хятад улсад очиж ийм үйл ажиллагаанд оролцон хамтарч ажиллахыг урьж байна.
Архангай аймагт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү үйл ажиллагаа нь энэ жил илүү өргөн хүрээг хамарсан, сонирхолтой үйл явдал, хөтөлбөрөөр дүүрэн болж өнгөрсөн юм. Тус үйл ажиллагаа 3 өдөр зохион байгуулагдсан бөгөөд биет бус соёлын өв, ном бүтээлийн үзэсгэлэн, урлаг соёлын тоглолт болсон юм. Уг арга хэмжээнд Монгол, Хятадын уран бүтээлчид оролцож өөрсдийн үндэсний дуу, бүжиг, соёлын гайхамшигаа танилцуулсан.
Мөн Монгол улсын төрийн шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит байлдааны гавъяаны улаан тугийн одонт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын хамт олон тус арга хэмжээнд оролцож үндэсний дуу бүжиг, уран бүтээлүүдээ өргөн барьсан. Хөтөлбөрийн гол онцлог нь БНХАУ-ын Хайнан мужийн Баотин ли үндэсний болон Миао үндэсний өөртөө засах сумын үндэсний дуу бүжгийн чуулгын хамт олны тоглолтууд байсан юм.
Мөн урилгаар ӨМӨЗО-ны ахмад уран бүтээлчид, БНХАУ-ын Тяньжинь хотын Хуо Юань Жиагийн нэрэмжит Ушугийн сургуулийн хамт олон, Монголын рок попын ”Соёл-эрдэнэ”, ”Өргөө”, ”Хөх тэнгэр” зэрэг хамтлагын төлөөлөл, дуучид оролцсон.
Соёлын наадмын хүрээнд болсон өөр нэг сонирхолтой үйл ажиллагаа бол дэлхийд цөөхөн байдаг Агаруу Зандан модон урлагийн үзэсгэлэн юм. Агаруу зандан мод нь Хайнан мужийн нэгэн хэсэгт ургадаг бөгөөд анхилам үнэрт хүж, модон урлал, бэлэг дурсгал болгодгоороо алдартай. Мөн Хятадын ном хэвлэл, уран бичлэгийн үзэсгэлэн болж Архангай аймгийн номын санд ном хэвлэл, уран бичлэгийн дээжээсээ өргөн барьсан.
Тус арга хэмжээний хоёр дахь өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд зохион байгуулагдсан. Арга хэмжээг үзэж сонирхохоор нутгийн иргэд ирсэн юм. Өндөр-Улаан суманд БНХАУ-ын Хайнан мужийн урлаг жүжгийн хүрээлэнгийн хамт олон үндэсний гар урлалын үзэсгэлэнгээ гаргаж, нэхмэл хийх, шавар ваар хийх уламжлалт аргуудаа үзүүлсэн. Мөн урлагын тоглолтоо тус сумын иргэдэд сонирхуулсан бол хүүхэд багачууд БНХАУ-ын Тяньжинь хотын Хуо Юань Жиагийн нэрэмжит Ушугийн сургуулийн хамт олны тоглолтыг сонирхож байлаа.
Архангай аймгийн Хашаат суманд ”Хятадын соёлын наадам 2017” үйл ажиллагаанд зориулсан бэсрэг наадам зохион байгуулагдсанаар тус үйл ажиллагаа өндөрлөсөн. Монгол наадмын сонин хачин, бөх барилдах, морь уралдахыг нүдээр харж, Монгол хоол болох хорхог зооглосноор БНХАУ-ын Хайнан муж, Тяньжинь хотын уран бүтээлчид нутаг буцах замдаа гарсан юм.
-
2017 оны 8 сарын 16
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны үеэр Улаанбаатар хотын өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав.
Дээрх хугацаанд Нийслэлийн цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 35 мянга 991 дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх 21 хоногтой харьцуулахад -2319 нэгж буюу –6.1 хувиар буурч, гэмт хэргийн шинжтэй 960 үйлдэл бүртгэгдсэн нь 25 нэгж буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 270 гэмт хэрэг, Багануур дүүрэгт 1 гэмт хэрэг бүртгэгджээ. Хулгайлах төрлийн гэмт хэрэг 25.3 хувиар, дээрэмдэх хэрэг 2 дахин, залилан 40 хувиар өссөн байна. Харин зам тээврийн осол 6.5 хувь, золгүй байдлаар нас барсан тохиолдол 16.1 хувь, хүчингийн хэрэг 51.2 хувиар тус тус буурчээ.
Замын цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр 2017оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4942 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 244, зөрчлийн шинжтэй 1146 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1390 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас6 хүний амь нас хохирч, 354 хүн гэмтжээ.Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 179 бүртгэгдэж байсан бол 2017 оны мөн үед 194 бүртгэгдсэн нь 8,4 хувийн өсөлттэй байна.
2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1198 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 1340 бүртгэгдсэн нь 11.9 хувиар өссөн байна. Мөн өнгөрсөн онд 113 тээврийн хэрэгсэл түр саатуулагдаж байсан бол энэ оны мөн үед 84 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь -25.7 хувиар буурсан үзүүлэлт юм.2016 онд хүүхэд өртсөн зам тээврийн ослын тохиолдол 71 бүртгэгдэж байсан бол энэ онд 74 бүртгэгдсэн нь 4,2 хувиар өссөн байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 60 удаагийн дуудлагыг хүлээн авч, үүнээс объектын гал түймрийн 50, аврах ажиллагааны 10 удаагийн дуудлагуудад Гал түймэр унтраах аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн. Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр гараагүй. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймэр 35,4%-иар, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны дуудлага 54,54%-иар тус тус буурч, нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 28,57 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
НМХГ-аас дээрх хугацаанд төлөвлөгөөт шалгалт 250, төлөвлөгөөт бус 313, гүйцэтгэлийн 182, нийт 745 хяналт шалгалт хийсэн байна. Гарсан зөрчилд 186 албан шаардлага хүргүүлж, 26.1 сая төгрөгийн торгууль ноогдуулснаас 55 хувийг нь барагдуулжээ. Гаалийн хяналт шалгалтаар Малайз улсаас импортолсон 13 нэрийн 596.2 кг биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүнээс дээж авч, шаардлага хангахгүй байгаа тул худалдан борлуулахгүй, импортлогч орон руу буцаах арга хэмжээг авч ажилласан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 16
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОХУ-с Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр /2017.08.15/ хүлээн авч уулзлаа. И.К.Азизов уулзалтын эхэнд ”Бидний хамтын ажиллагааны томоохон чиглэл бол боловсролын салбар юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна.
2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 450 монгол иргэн тэтгэлгээр суралцана. Бид энэ тоог 500 хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байна” гэв. Харин БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ”Монгол-Орос хоёр орны харилцаа зуунаар хэмжигдэх түүхтэй билээ. Бид соёл, боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, ОХУ-ын Соёлын яамтай хамтран ирэх 10, 11 дүгээр саруудад кино өдрүүд, 2018 онд соёлын өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн энэ онд ОХУ-ын БШУЯ, Соёлын яамтай байгуулсан хөтөлбөрийн хугацаа дуусгавар болно. Ирэх онд эдгээр гэрээ, хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мөн ОХУ-ын Спортын яамтай байгуулах санамж бичгийн төслийг хоёр тал үндсэндээ эцэслэн тохироод байгааг дуулгахад таатай байна” гэв. Түүнчлэн соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны хавар ОХУ-ын Пермийн бүжгийн сургуулийг 11 залуу балетчин төгсч ирнэ. Тэд ирмэгцээ УДБЭТ-т ажиллаж, сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах юм. Харин шинжлэх ухааны салбарт ОХУ-ын ”Суурь судалгааны сан”-тай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Судалгааны ажлын үр дүнг сайжруулах зорилгоор 1.000.000 рубль хүртэлх санхүүжилттэй таван томоохон зорилтот төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүнээс гадна Монгол Улсын БСШУСЯ-ны зүгээс хоёр улсын үндэсний шигшээ багуудын хамтарсан бэлтгэл, цугларалтыг 2018 оноос ээлжлэн зохион байгуулж, ОХУ-ын өндөр зэрэглэлийн дасгалжуулагчдыг гэрээгээр ажиллуулах саналтай байгаа тухайгаа уулзалтын үеэр илэрхийлэв. Улмаар Монгол Улсын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, спортын мэргэжилтнүүдийг ОХУ-ын Спортын яамны харьяа Сочи хотын Олимпийн академид давтан сургаж, мэргэшүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
-
2017 оны 8 сарын 16
LIVE: АН-ын бүлэг хэвлэлийн хурал хийж байна
-
2017 оны 8 сарын 16
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2017-2018 оны хичээлийн жилийн бэлтгэл болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, хамрагдалтын талаар мэдээлэл өглөө. Түүний мэдээлснээр энэ жил ашиглалтад орох 13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг 9 дүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил удаашралтай байгаа бөгөөд 10 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад орох аж.
Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоос 5 сургууль 9 дүгээр сарын 1-нээс өмнө, үлдсэн 5 сургууль 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ний дотор ашиглалтад орох юм. Нийт 51 сургууль, цэцэрлэгт засварын ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс өмнө дуусгахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 72 хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өснө.
Ерөнхий боловсролын 241 сургуульд 249 мянга 593 хүүхэд суралцана
2017-2018 оны хичээлийн төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105, нийт 241 сургууль үйл ажиллагаа явуулж 1-р ангид 31 мянга 110 орчим суралцагч, бага ангид 139 мянга 226, дунд ангид 72 мянга 940, ахлах ангид 37 мянга 427, нийт 249 мянга 593 суралцагч хамрагдах урьдчилсан төлөвтэй байна. Энэ хичээлийн жилд 28 сургуулийн 10 мянга орчим сурагч 3 ээлжээр хичээллэх аж. Тодруулбал, 8 сургууль 3 ээлжээс гарч, 5 сургууль 3 ээлжид шилжсэн байна.
Цэцэрлэгийн цахим элсэлт 8 дугаар сарын 25-нд явагдана
Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулж байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хонож өнжин дугаарладаг хүндрэлтэй байдлыг арилгах зорилготой юм. Цахим бүртгэл 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 25 хүртэл явагдана. Харин бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар элсүүлэх буюу цахим элсэлт 8 дугаар сарын 25-нд явагдах юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хаягтай хүүхдүүдийн 50 орчим хувь нь бүртгүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 16
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, “Монгол Улсын батлан хамгаалах төрийн цэргийн бодлогын үндэс”-ийн 7.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар зүйлийн 08-ны өдрийн А/182 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагад шинээр орж цэргийн цол авсан алба хаагчдаар цэргийн тангараг өргүүлэх ажиллагаа өнөөдөр боллоо.
Алба хаагчид цэргийн нийтлэг дүрмүүдийн мэдлэг, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, Онцгой байдлын албаны ёс зүйн хэм хэмжээ, албаны онцлогийг таниулах, цэргийн хэргийн ур чадвар, дадлага олгох зорилгоор цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалтад хамрагдсан юм.
Онцгой байдлын байгууллагад шинээр орж цэргийн цол авсан алба хаагчдыг тухайн газар, хэлтэс, анги байгууллагын хүрээнд цэргийн тангараг өргүүлэх ажиллагааг зохион байгуулсан.
Харин ОБЕГ-ын хувьд Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэслэгч Д.Нацагдорж, Г.Алтансүх, Бодлого зохицулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, дэслэгч Н.Ананда, Т.Зориг, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, дэслэгч Б.Отгон нар цэргийн тангарагаа ийнхүү өргөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 16
Хэнтий аймгийн Биндэр сум, Онон Хурхын бэлчирт Ардчилсан намын зүүн бүсийн чуулга уулзалт энэ сарын 12, 13-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Чуулганы гол зорилго нь нам шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор намын гишүүн бүрийн оролцоог дээшлүүлэх, нийслэл орон нутгийн намыг харилцан уялдаа холбоотой ажилуулах, туршлага солилцох гэх зэрэг олон талт чадварыг сайруулах байв. Мөн тэр бүр нийслэл хотод болж байгаа намын болон улс төрийн арга хэмжээнд ирж оролцох боломжгүй гишүүдэд намын бодлого, цаашдын зорилгоо танилцуулснаараа онцлог болов. Чуулганд АН-н дарга С. Эрдэнэ, УИХ дахь АН-н бүлгийн дарга Ж. Эрдэнэбат, УИХ-н гишүүн Ж. Батзандан, УИХ-н гишүүн Д. Мурат, УИХ-н гишүүн асан Б.Гарамгайбаатар, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Туваан, АН-н хэрэг эрхлэх газрындарга Д. Үүрийнтуяа, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашорюу Дагвадорж болон нийслэл орон нутгийн 700 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Чуулганы үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын хууль, эрх зүйн газрын дарга Б.Батхуяг, хуульч Д.Оросоо, Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат нар хөндөж бодлогын хэлэлцүүлэг, сургалт зохион байгууллаа. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын хаврын чуулганы үеэр хийсэн ажлынхаа талаар намынхаа гишүүдэд мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн намын гишүүдийнхээ идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бодлогын сургалтуудыг зохион байгуулахаас гадна гар бөмбөг, хөл бөмбөг, Эх орон-36 буухиа тэмцээн, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж, байгалийн гамшиг болон гал түймрийн үеэр гэр оронгүй болсон нутгийн гурван өрхөд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэх сайн үйлсийн аян зохион байгууллаа. Энэ талаар АН-ын дарга С. Эрдэнэ хэлэхдээ ’Бидний хувьд 2020 оныг угтан хийх томоохон ажил бол намын шинэчлэл юм. Энэхүү шинэчлэлийн ажлын хүрээнд бүсийн чуулганыг явуулж байгаа. Энэ чуулганы үр дүн өндөр гарна гэдэгт итгэлтэй байна. Улс төрийн намууд сонгууль өнгөрөөд л амралтын байдалтай болж, сонгуулийн эхлэхээр гэнэт ажиллаж эхэлдэг. Энэ буруу тогтолцоог арилгаж, гишүүдээ хөгжиж дэвшиж байх бололцоогоор хангахын төлөө ажиллаж байна. Цаашдаа бидний хийх их ажлын эхлэл энэхүү чуулга уулзалт болж байна’ гэсэн юм.
-
2017 оны 8 сарын 16
Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян явагдаж байгаа билээ.
Уг аяны хүрээнд Дархан -Уул аймгийн Замын цагдаагийн тасаг нь “Шар зам ирээдүй” хоршоотой хамтран жолооч нарт тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, зохистой хурдыг сонгон зорчих талаар сэрэмжлүүлж Хонгор сумын нутаг Хустайн даваанаас Дархан Төмөрлөг хүртэл 5 цэгт , Хонгор сумаас Улаанбаатар явах чиглэлд 2 цэгт, нийт 7 байршилд “ХУРДАА ХАС” бичиглэл бүхий анхааруулах хэвтээ тэмдэглэлийг байршуулан ажиллаа.
ЯАРСАН 1 ХОРОМ, ХУРД ХЭТРҮҮЛСЭН МӨЧ БҮХЭН АЮУЛ, ОСЛЫГ ДАГУУЛДАГ. ЖОЛООЧ ТА ХУРДАА ХАС
-
2017 оны 8 сарын 16
“Монгол туургатан” хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоон жинд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн 46, 54, 76, охидын 40, 46, 56, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргалсан. Тодруулбал, хөвгүүдийн 54 кг-д Б.Буд, 76 кг-д Т.Бөхчулуун, охидын 40 кг-д Г.Оюундарь, 46 кг-д Ч.Отгонтуяа, 56 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэв. Харин Буриадын Дамдин Цыренжапов зочдоос цорын ганц түрүүг 46 кг-д авлаа. Маргааш хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болно.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Хөвгүүдийн 46 кг: 1. Дамдин Цыренжапов (ОХУ) 2. Батсүхийн Батзориг 3. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (хоёул Монгол) , Чандмань (БНХАУ)
54 кг: 1. Батбаатарын Буд 2. Мөнх-Очирын Сүхбат 3. Эрдэнэбатын Төгсжаргал, Болдын Дашзэвэг (бүгд Монгол)
76 кг: 1. Туваандоржийн Бөхчулуун 2. Амгаланбаатарын Цэрэн-Очир 3. Баярсолонгын Балжинням (бүгд Монгол), Сүлд (БНХАУ)
Охидын 40 кг: 1. Ганбатын Оюундарь 2. Ганзоригийн Эрдэнэсүрэн 3. Энхболдын Буман-Аюуш, Батбилэгийн Нандин-Эрдэнэ (бүгд Монгол)
46 кг: 1. Чинболдын Отгонтуяа 2. Батбаатарын Энхзул 3. Мөнхбатын Мөнхгэрэл (бүгд Монгол), Мунсел Цыденова (ОХУ)
56 кг: 1. Болдсайханы Хонгорзул 2. Баянмөнхийн Отгонтуяа 3. Одсүрэнгийн Сарансувд, Болдбаатарын Болортуяа (бүгд Монгол)
70 кг: 1. Батболдын Намуунзаяа 2. Өлзийбатын Одбаг 3. Батчулууны Оюунбагана, Доржсүрэнгийн Цогзолмаа (бүгд Монгол)
-
2017 оны 8 сарын 16
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр хуралдана. Энэхүү Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэдэн хэдэн асуудал
-
2017 оны 8 сарын 16
Эрчим хүчний салбарын хэмжээнд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьт ажил үргэлжилж байна. Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана.