-
2017 оны 2 сарын 02
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх өдгөө Төв аймгийн хорих ангид эл эдэлж буй. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн ”Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган яллаж шүүхээс 3,6 жилийн хорих ял оноосон юм.
Тэгвэл хорих ангид ял эдэлж буй Л.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захиа илгээжээ. Мөн түүнчлэн магадлангаар суллагдах хугацаа нь болсон хэдий ч суллахгүй байгаа талаар өнөөдөр түүний өмгөөлөгч Г.Баасандорж Улсын ерөнхий прокурортой уулзах хүсэлтэй байгаагаа уламжилсан ч байсангүй.
Ингээд тэрбээр тус газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбаттай уулзсан юм. “Л.Гансүхийн магадлан орж суллагдах хугацаа 2016 оны 11 дүгээр сард болсон. Гэтэл прокурорын байгууллага өнөөдрийг хүртэл гаргахгүй байна. Суллагдах бүрэн үндэслэлтэй хуулийн шаардлагаа хангасан гэж гурван удаа хандсан ч хоёр удаа материалыг буцааж дараагийнх тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Суллагдах хугацаа нь болсон байхад ялаа эдэлсэн хэвээр байна. Хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдаад байна. Тиймээс энэ асуудлыг Ерөнхий прокурорт тавьж гомдол гаргаж явна. Гэвч өөрөө байсангүй. Амарбат даргатай уулзлаа. Тэрбээр “Ерөнхий прокуророосоо өгсөн үүрэг даалгаврын хүрээнд асуудлыг нягталж шалгаж байгаа” гэсэн хариу өгч байна. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шалгаж шийдэх байх гэдэгт найдаж байна” гэлээ.
-
2017 оны 2 сарын 02
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд 12:10 минутанд Баянгол дүүргийн 17 дугаар хороо ”Од кино театр”-ын урд замд 76 настай, эрэгтэй В-г марк, улсын дугаар тодорхойгүй автомашин мөргөж гэмтээчихээд, хохирогчийг автомашиндаа суулган ослын газрыг орхин явсан хэрэг гарсан. Улмаар эмийн сан руу орж, хохирогчид өвчин намдаах эм авч өгөөд явсан нь тус эмийн сангийн хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг.
Тэгвэл дээрх этгээдийг Замын цагдаагийн албанаас эрэн сурвалжилж байна.
-
2017 оны 2 сарын 02
УИХ-ын үдээс хойшхи хуралдаан хаалттай горимоор хуралдаж байна. Чуулганы үдээс өмнөх хуралдаан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийсэн билээ.
Ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна.
-
2017 оны 2 сарын 02
Монголбанк 2460.00 төгрөгийн хаалтын ханшаар 16.2 сая ам.долларыг зах зээлд нийлүүллээ.
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2467.45 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 17.6 сая ам.доллар худалдаж авах, 356.10 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 56.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.
Харин своп, форвард арилжаагаар банкууд 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 30 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Төвбанк биелүүлсэнгүй.
-
2017 оны 2 сарын 02
Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатарын зургийн үзэсгэлэнгийн нээлт Тусгаар тогтнолын ордонд нээгдлээ. Жанжин Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатар 52 дахь жилдээ энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм байна. Үзэсгэлэнгийн нээлтэнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Б.Даш-Ёндон тэргүүтэй албаны хүмүүс оролцож О.Баатарт талархал илэрхийллээ. Нээлтийн арга хэмжээний үеэр О.Баатарыг МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнол” одонгоор шагнав.
О.Баатар нь анх 1966 онд Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг сурталчлахаар 2 дугаар сургууль дээр ханын сонин гаргаж байжээ. Өдгөө түүний сан хөмрөгт Д.Сүхбаатар, Н.Янжмаа, Х.Чойбалсан, анхны долоогийн түүхэн гэрэл зургууд, Д.Сүхбаатартай холбоотой одон тэмдэг, медаль, Д.Сүхбаатарын цээж баримал, хөшөөний жижигрүүлсэн баримал зэрэг 500 гаруй үзмэртэй болжээ.
Энэхүү үзэсгэлэн олон нийтэд нээлттэй тул та бүхэн ТТО - ны хоёр давхарт хүрэлцэн ирж, үзэсгэлэнгээр зочилж О.Баатарын цуглуулгатай танилцах боломжтой юм.
-
2017 оны 2 сарын 02
МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээрх ээлжит тулаанаа ирэх гуравдугаар сард хийхээр товложээ. Тэрбээр мэргэжлийн бокст хүч, ур чадвараа сорих болсноор нийд долоон тулаан хийж бүх өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа юм.
Одоогоор түүнтэй өрсөлдөх тамирчны нэр тодроогүй бөгөөд манай гавьяат үлдэж буй гурван тулааны дараа энэ оны эцэст дэлхийн аваргын бүсний төлөө өрсөлдөх юм.
Оны өмнө долоо дахь ялалтаа байгуулсанаар жингийнхээ 1565 тамирчнаас 71 дугаар байрт эрэмбэлэгдсэн билээ.
-
2017 оны 2 сарын 02
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан, үр хүүхэд, төрөл төрөгсөд, түүх судлаачид Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ойн хүрээнд Тусгаар тогтнолын ордонд СТА, Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач О.Баатарын Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. Мөн Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг дэлгэж, Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх зэрэг хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа
Их жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт мэндэлж байжээ. Тэрээр 28 настайдаа буюу 1921 онд Ардын хувьсгалыг эхлүүлж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 02
УИХ-ын гишүүн Ж.Батзандан гурван сарын цалингаа улсад хандивлахаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр ”Мөнгөтэй хүмүүс хандиваа сайн өгөх хэрэгтэй. Оффшорт мөнгөө нуусан хүмүүс тэр мөнгийг улс орондоо хандивлах хэрэгтэй. Хандив өгөх нь эх оронч санаачилга. Гэхдээ ард иргэдийн зүгээс хандивлаж байгаа мөнгө зөв зүйлд зарцуулагдаасай гэж хүсэж байна. Үүнд хяналт тавих хэрэгтэй” гэв.
Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачлан, хандивын аяныг өөрөөсөө эхлүүлж, 10 сая төгрөгийг улсад хандивласан. Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдсэн билээ.
-
2017 оны 2 сарын 02
СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖ БАЙНА
2017 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн 6 сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуу өвчний эрсдэлд 22 хүн өртсөн байна.
Та галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, хазуулж, ноцуулж, самардуулж, шүлсдүүлсэн бол хамгийн ойр эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЗӨСҮТ-ээс анхааруулж байна.
-
2017 оны 2 сарын 02
Нийслэлийн хэмжээнд “Сургуулийн эргүүл” хэрэгжсэнээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо нэмэгдэж, “Эцэг, эх-сургууль-цагдаагийн байгууллага”-ын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирсан байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө хагас өдрийг зарцуулан ажиллаж байгаа нь хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж, хүүхдийн эрхийн хамгааллын ажилд зохих хэмжээгээр ахиц гарчээ. Улаанбатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэцэцэг нар Сүхбаатар дүүргийн Орос-3 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн үйл ажиллагаа, НИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн журам”-ын хэрэгжилт болон эргүүлийн үйл ажиллагаатай танилцаж, үр дүнгийн талаар хэлэлцэн эцэг эхчүүдийн санал хүсэлтийг сонсч ажиллалаа гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 02
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Нээлттэй ажлын байр” өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт эхэллээ. Өндөр боловсрол, мэргэжил, мэдлэгтэй, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажлын байранд урьж байгаа юм. Өдөрлөгт залуус идэвхтэй оролцож байгааг нэгдсэн төвийн ажилтнууд хэлж байлаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт очсоноор нийслэлийн харьяа газруудаас санал болгож байгаа ажлын байрны талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой юм.
-
2017 оны 2 сарын 02
Дэлхийн оюутны ”Универсиад 2017” наадам Казахстаны Алмата хотноо үргэлжилж байна.
-
2017 оны 2 сарын 02
НӨАТ-ын буцаан олголтын тухай хөгжилтэй постууд
-
2017 оны 2 сарын 02
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 31-ны А/48 тоот тушаалын дагуу тусламж үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэн хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор тус эмнэлгийн амбулатори, оношлогооны тасгууд өнөөдрөөс эхлэн оройн 20 цаг хүртэл өдөр бүр 2 ээлжээр ажиллаж эхэллээ. Тус эмнэлэг нь улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлгийн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажилладаг тул дээрхи чиглэлийн үзлэг, оношлогооны хүлээгдэл, дараалал байнгын ачаалалтай байдаг юм.
-
2017 оны 2 сарын 02
Хитбуха ноёныг энд дөнгөж өргөөлж бүхийд Баалбекийн Шихнэ захирагчаар тохоон томилогдсон Шараф Хамид хэмээх Загалмай шүтлэгт Сири ноёнтон хүүгээ дагуулан ирсэн аж. Хүүгийн гялалзсан ганган хувцас, гоёлоос илүүгээр ташаандаа зүүсэн зааны ясан сийлбэрт хуйтай, дүүлж буй цөлийн ирвэсний дүрсийг тойв дээр нь гаргасан жижигхэн илд нь Аранзал охины хорхойг ихэд хөдөлгөсөнд, илдээ наймаалцахыг хүсжээ. Хүү,
- Шихнэ эцэг минь үүнийг шударга тулаанд олзолж авсан учир наймаалцахгүй гэсэнд,
- Тийм бол хоёул шударга тулаан хийгээд би ялбал чи надад энэ илдээ өгөх үү? гэж охин асуужээ.
Шихна ноёны хүү Аранзалыг дээрээс нь голонгүй хараад,
- Хэрвээ би ялбал чи надад юу өгөх юм? гэж хариу асуув.
Охин өчүүхэн ч эргэлзэлгүй маргад эрдэнэ шигтгэж хийсэн үнэт мөнгөн хэлхээ зүүлтээ хүзүүнээсээ мулт татан үзүүлбэл, Шихнэгийн хүү эргүүлж тойруулан тоомжиргүй харснаа
- Энэ чинь охин хүүхдэд л байвал таарах эд байна гэжээ.
Энэ үгэнд нь Аранзал уурсан дургүйцэж царай нь улайсан ч,
- Хэрвээ чи үүнийг голж байвал дээр нь энийг нэмэе хэмээн алтан цутгамал толио үзүүлбэл эдгээр нь лавтайяа өөрийнх нь зүүж буй жижиг илднээс арав дахин илүү үнэтэйг сайтар мэдэх хүү толгой дохиж,
- Юугаар тулалдах хэрэг вэ? гэв.
- Чиний л чаддагаар. Ингэхэд ирүүлд дуудсан хүн хэзээ зэвсгээ сонгож байлаа хэмээн Аранзал охин бардамхан өгүүлжээ.
- Дам илдээр тэмцэлдэе...
Тэдний яриаг зайнаас харж суусан Шихнэ ноён Шараф Хамид учиргүй сандарсан дүртэйгээр Хитбуха руу мэхэсхийж,
- Эрхэм дээд их ноёнтон Хитбух, энэ хөвүүдийн тэмцээн шударга биш байна. Эн тэнцүүхэн тэмцэлдээн болгохын тулд зэвсгийн сонголтыг танай ач хүүд үлдээвэл ямар вэ? гэсэнд Хитбуха ноёнтон,
- Хүүхдүүд юу таалснаараа л болог. Бид оролцоод хэрэггүй буй за. Гагцхүү хөвүүдийн хэрхэн тэмцэлдэхийг сонирхон үзсү гэсэнд Шихнэ дахин нахисхийгээд, сэтгэл хангалуун суудлаа цэхэлжээ.
Шихнэгийн хүү Аранзалаас даруй хоёр гурав ах, арван гурав орчим настай, төө хол илүү өндөр, бүдүүн хүдэр тул өөртөө нэн итгэлтэй байв. Тэр загалмайтан хүлэгт баатруудын хүүхдүүдтэй хамт Сидонд илдний эрдэмд суралцаж, хоёр гараар барин тулах хүнд дам илдийг сүрхий сайн эзэмшсэн тул түүндээ эрдэж ийнхүү дам илдийг сонгожээ. Мөн энэ жижигхэн дэрчгэр монгол хүү лавтай дам илдийг даан тулалдаж чадахгүй буй за ч гэж тооцоолов.
Өргөөний даамал Есөнхөн ноёны зөвшөөрлөөр хүүхдүүд зэвсгийн сан руу очиж өөрсөддөө таарсан сургуулилтын багавтар хэмжээний, мөлгөр ирт дам илд аваад, зүүн тойргийн ард хулсаар хашаалж зассан тэмцээний талбарт ирэв. Мөн зайлшгүй хэрэгтэй төмөр дуулга духаж, ширэн тохойвч, мөрөвч, элгэвч зүүцгээлээ.
Аранзал охин ихэд гуйсан учир Есөнхөн ноён өөрийн биеэр тэмцээнийг ахлан шүүхээр болж, удаж төдөлгүй гартаа ирүүл тулааны шүүгч барьдаг цагаан болд төмрөн бялуу барьж, үзүүртээ шаргал цацагтай өндөр шовгор малгай өмсөн, од гялалзуулан намирсан усан хөх торгон нөмрөг нөмөрсөөр гарч ирсэнд гурвын зэрэг гуулин бүрээ уртаар улин хангинаж, илдний тэмцээнд бүхнийг урин дуудав.
Хүрээнд байсан хэдэн дайчид, хэрэгт дуртай өргөөний шадруудаас гадна Аранзалын үеийн гурван охин тэмцээнийг үзэхээр хулсан хашааны захаар тойрцгоов. Дэгжин гоёмсог хатгамалт дээл сэлдэлж, босоо богтого малгай духдуулсан гурван охин нэлмэгэр ханцуйндаа гараа нуугаад, жиг жуг хийн нэгсээ тохойгоороо ёврон, өөрсдийг нь үл тоон, хөвүүн мэт хувцаслаад үргэлж хөвүүдтэй л тоглох Аранзалыг шоолонгуй, бас ёжлонгуй харахад, Аранзал хажуугаар нь тэднийг харгана бутны төдийд ч анзаарсан шинжгүй шуугин өнгөрөв. Шихнэ ноёны дагуулууд хулсан хашааны урт нэг талд эгнүүлсэн асарт суудалд ямбалан суугаад, тогосын өдөн дэвүүр хөдөлгөн ядна. Төдөлгүй Хитбух ноён, Элдэрдээ баатар, Шихнэ ноён Шараф Хамид нарын ихэс хүрэлцэн ирж, асарт суудлын голд байрлуулсан өндөр сэнтийд гарахад дараагийн бүрээн дуу хадав.
Сири тод цагаан дээлэн дээрээ бор элгэвч дарж, өндөр оройт араб дуулга өмссөн Шихнэ ноёны хүүг ноёны шадар дайчид тойрон, хувцас хэрэглэлийг нь сайтар шалган, үнэт зөвлөгөөгөө өгч, зарим нь илдний хөдөлгөөн ч үзүүлэн зааварлана.
Харин нөгөө талд найзууд нь болох гүйж харайсаар хөлсөндөө халтартсан арваад насны таван хөвүүн Аранзалыг тойроод нэг нэгнээсээ ам булаалдан зэрэг зэрэг шуугилдахад Аранзал охин ангайтал гайхаж, юу ч үл ойлгосон хэдий ч “Жа жа. Би яг тэгнэ” хэмээн толгой дохино. Тэднийг харсан Хитбух ноён, Элдэрдээ баатар хоёр инээдээ барьж ядан байхад, Шихнэ ноён юуны учир энэ Монгол ноёнтон хараажаар өөрөөс нь том чадалтай хүүхэдтэй багагүй үнэтэй бооцоотой тулах гэж буй ач хөвүүнийхээ тулаанд төдийлөн санаа үл зовон, өчүүхэн ч үл тоож буйд нь гайхан, дотроо элдвийн эргэлзээ хутган суужээ.
Бүрээ дахин огцом тасхийж, хүүхдүүд илдээ барьсаар хоёр талаас гүйлдэн гарч ирээд талбайн голд түрүүнээс хойш хөшөө мэт зогссон Есөнхөн ноёны хоёр талд ирэв. Есөнхөн ноён дуулга, элгэвч, мөрөвч, тохойвчны уяаг шалгаад,
- Зөвхөн дуулга, элгэвч, мөрөвчинд цохино. Дуулга болоод элгэвчинд нийтдээ гурван удаа хүрвэл ялсанд, аа харин нэг удаа тэнцвэр алдтал цохих, эсвэл унагаваас ялсанд тооцно. Мөрөвчинд хоёр цохих нь дуулга болон элгэвчинд нэг цохисны адил. Хамгаалалтгүй хэсэгт хүрвээс шууд ялагдах болно хэмээн халз тулааны дүрмийг танилцуулсанд хүүхдүүд толгой дохиод хойш ухарцгаан зайгаа авав. Нэг талд нь туранхай, чөргөр, халтар нүүртэй хөвүүн мэт хувцаслан, гэзэг үсээ ч нэгээр дарж гөрж сүлжсэн монгол охин, нөгөө талд нь ганган гоёмсог хувцасласан, өрсөлдөгчөөсөө хувь илүү том биетэй мариалаг сири хүү зогсоод бүрээн дуу хүлээн илдээ чанга атган зогсоцгоолоо. Хөндлөнгөөс харсан хэн ч сири хүүд бооцоо тавимаар...
Тасхийх бүрээн дуунаар Аранзал шууд л ухасхийн дайрчээ. Өмнө оролцож байсан тэмцээнд илдээ бариад биесээ анан, нэгнээ тойрон хянуур гишгэн тулалдаж сурсан Сири хүү өрсөлдөгч нь ийнхүү шуудхан шуугин орж ирнэ чинээ огтхон санаагүй тул барьц алдсан хэдий ч тосон цавчив. Гэвч Аранзал цавчилтыг нь илдээрээ ялимгүй хальт цохиж зайлуулаад, дэргэдүүр нь эрчээрээ зөрөн гарахдаа дуулганы бүч эрүүнээс нь мултраад, нүүр рүү нь орж иртэл дэлсэж орхижээ. Хүү тэнцвэр алдан урагш тонголзон хэд гүйгээд тогтов. Цээжнээс нь цус амтагдах шиг болж, дотор нь манараад иржээ.
Цээжээ урагш түрэн цэхлэн суусан Шихнэ ноён суудал дээрээ өндөсхийснээ аяархан эргэж, навтайн агчин суув. Зүүн эгнээнд харж зогссон хэдэн монгол дайчид хүд хүд хөхрөлдөж, харин юу болж өнгөрснийг төдий л үл ойлгосон Шихнэ ноёны бараа бологсод гайхан алмайрцгаав.
Өнөөх хэдэн зүггүй бяцхан халтар хөвүүд хамтран зүтгэгчийнхээ саяны амжилтад ихэд хөөрөн дээр дээр үсрэн уухайлцгааж, “Ялалт, ялалт” хэмээн шуугилдав. Үнэхээр ч ийм хэмжээний цохилтод ялалт өгөхөд ер болохгүй юмгүй. Гэвч Есөнхөн ноён ялалтыг өгсөнгүйд хөвүүдийн шуугиан ялимгүй саарав. Хитбух ноён ер сэтгэл хөдөлсөн шинжгүй хүрлийн бүхийд баруун талд нь шахангуу суусан Элдэрдээ баатар зузаан хуйхтай мулзан толгойгоо илэн, буурал соёо сахлаа сөрвөгнүүлэн, амаа ихэд ангайлгаад “Ха ха” хэмээн хөхөрч байв. Элдэрдээ баатар чухам энэ бяцхан охиныг өвөөгөөс нь ч илүү эрхлүүлэх билээ.
Аранзал эргээд хүү рүү дайрсанд Есөнхөн ноён дохио өгч зогсоогоод Сири хөвүүний дуулганы бүчийг засуулжээ. Аранзалын хоёрдахь дайралтыг уурсаж хорссон Сири хөвүүн тун сүрхий хамгаалаад сөрөг дайрлаа. Сири хөвүүний цохилтын хүч өөрийнхөөс нь хувь илүү байсан тул Аранзал аль болох хаахгүй, бултан зайлж өнгөрүүлнэ. Сири хөвүүн хоёр удаа Аранзалын мөрөвч, нэг удаа элгэвчинд хүрсэн бол, хариуд нь Аранзал илдээ элгэвчинд нь суун тустал чичээд алджээ. Хүү арайтай л унасангүй, гараа сарвалзуулан хойш хэд гишгэж, сүрхий тэнцвэр алдаад зогссонд харж зогссон хөх хөвүүд “Ялалт ялалт” хэмээн дахин үсчин бархиралдав. Есөнхөн ноён ялалтыг Аранзалд аанай л өгсөнгүй. Ийнхүү нэг хувь орчим болсны эцэст, Сири хүү тамирдаж, илэрхий сулраад эхлэв. Яг энэ үеэр Аранзал бүжих мэт дороо эргэлдэн өрсөлдөгчийнхөө илдийг суган доогуураа гаргаад тохойвчоороо элгэвч рүү нь маш хүчтэй дэлссэнд хүү нүдээ бүлтийлгэн, амаа ангалзуулан тонгосхийв. Энэ агшинд дараагийн цохилт ирж, эргэлтэнд хүчтэй савсан илд яг ар дагз руу нь хангинан буухуй дуулга нь мулт үсрэн өнхрөөд, хүү өвдгөөрөө сөхрөн, духаараа газар шаан уналаа.
“Ялалт, ялалт” гэсэн хөөрүү дуу дахиад цангинаад явчихсанд Хитбух ноёнтон тэр хөөрүү хөвүүдийн зүг хөмсгөө зангидан муухай харав. Суудал дээрээ улам агчин, нугаран суусан Шихнэ ноён Хитбух ноёнтны зүг царайчлангуй харж,
- Ертөнц дахиныг дайлан дагуулж буй Их Монголчууд та бүхний хүчин чадал, зориг золбоо аугаа их Антант баатрынхаас ч үлэмж ажгуу. Тийм атал тэмцэлдэн тулах санаа төрсөн мунхаг хөвүүнийхээ өмнөөс түмэндээ хүлцэл өчмү, би. Өршөөн болгооно уу хэмээн сүрдэн түгшин байж өгүүлсэнд Хитбух ноёнтон өдий болтол орилолдсоор буй дүрсгүй хөвүүдээс хараагаан салгаад,
- Эрхэм Шараф Хамид. Таны хүү тун сайн тулалдлаа. Зоригтой хүү байна. Гэхдээ бэлтгэл, дасгал сайтар хийлгэж байх хэрэгтэй шүү гэв. Шихнэ ноёны царай гэрэлтэж ирээд,
- Өгөөмөр их ноёнтон Хитбух. Таны үг чухам үнэн билээ. Миний хөвүүн Хасан зөвхөн амар хялбар, аятай тухтайг эрхэмлэх. Өнөө чухам хэн болохоо, бас хэрхэх ёстойгоо ч сайтар мэдэж ухаарав хэмээн бодож ихэд олзуурхана гэжээ.
Сири хүү духаараа газар шаан унасандаа шаралхаж, ичингүйрэв үү, эсвэл дотор нь балартав уу, унасан хэвээр хэсэг тонгойн байснаа босож ирэхэд царай нь чинэрэн улайгаад, нулимс нь мэлтэлзэн байв. Есөнхөн ноён Аранзалд ялалт заан цагаан болд бялуугаа зүүн талдаа өргөсөнд харж зогссон хэдэн монгол дайчид “Хэрвээ охин хүүхдэд ялагдсанаа мэдвээс энэ Сири хүү ч газраас духаа салгахгүй шинжтэй шартай хүү байна даа” гэлцсээр тарцгаав. Эцгийгээ даган бардамхан ирсэн Шихнэгийн хүү өөрөөс нь хувь илүү жижигхэн Монгол хүүд илт дутуу гашуунаар ялагдаж, гоёмсог илдээ алдаад машид гутарч, баахан гонсгор буцахад Аранзал аргадан түүнд алтан цутгамал толио бэлэглэсэн юм.
Дараахан нь Хитбух ноёнтон Есөнхөн даамлыг зориуд дуудан ирүүлээд “Тэр хэдэн дэрчгэр хөвүүдэд бяцхан ялалтандаа хэт хөөрөн баясах нь чухамхүү жинхэнэ ялалтаа баттай өөрийнх болгоход хамаг том саад болдог, тиймээс тун хурдан ялалтаа алдаж болзошгүй гэдгийг сайтар ойлгуулбаас зохистой” хэмээн онцлон захижээ.
/”Хөх илдний очис” романы Нэгдүгээр дэвтэр. II хэсэг. I бүлгээс /
Б.Номинчимэд
.
Тайлбар:
- Баалбек - Өнөөгийн Ливаны нутагт байх хот. Өнөө ч энэ нэрээрээ буй, их эртний хот болой. Трифол, Дамаскийн завсарт, Ливаны уулсын бэл хормой бараадсан энэхүү хотын ойролцоо Хүлэг хааны тугийн жанжин, Сирийн захирагч Хитбуха ноёнтон өргөөлж байсан гэдэг.
-
2017 оны 2 сарын 02
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өнөөдөр МАН-д элсчээ.
Тэрбээр өөрийнхөө цахим хуудаснаа ”Д.Сүхбаатар мэндэлсэн он жилүүдийн түүхийг тусгаар тогтнол, эрх чөлөө, бүрэн эрхт язгуураараа бид мэднэ. Эл хүндэт өдөр Т.Дэлгэрмөрөн би ах дүүсийн хамтаар Ардын намд элсэн орж гишүүний батлахаа гардан авч байна. Миний амьдралын салшгүй нандин түүх, түүнийг дагасан хариуцлага, зөв амьдралын баталгаа, залуучууд биднийг хүндлэн дээдэлсэн Ардын нам шилдэг залуу боловсон хүчний эрч хүчээр дүүрсэн байхыг хараад сэтгэл хөдлөв.
Монголын залуучууд мандан бадартугай, үеийн үедээ биднийхээ дуу хоолой, язгуур эрх ашгийг хүндэтгэн дээдэлсэн Ардын намын ноён нуруу босоо байх болтугай. Хурай, хурай, хурай...” хэмээжээ.
-
2017 оны 2 сарын 02
Гэрийн нөхцөлд эсгий хийх арга
-
2017 оны 2 сарын 02
Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн 3 төв нийслэлийн хөрөнгө оруулалтаар дуудлага үйлчилгээний шинэ автомашинтай боллоо. Дүүргийн 15, 19 дүгээр хорооны “Гүн мэдрэмж”, 17 дугаар хорооны “Увидаст-Од”, 18, 20 дугаар хорооны “Гэрэлт манал” зэрэг Өрхийн эрүүл мэндийн төвд автомашиныг дүүргийн удирдлагууд өнөөдөр хүлээлгэн өгөв. Ийнхүү дүүргийн алслагдсан гэр хорооллын 28 мянга гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ илүү хурдан, хүртээмжтэй хүрэх боломж бүрдэж байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 02
Б.Наранбаатар: Монгол Улсаа бага ч болов сурталчилж чадсандаа баяртай байдаг
-
2017 оны 2 сарын 02
Нийслэлийн 22 агентлагт нарийн мэргэжлээр нээлттэй ажлын байр зарлаж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт өдөрлөг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг өдөрлөгийн үеэр танилцуулах юм. Өдөрлөг 09.00-17.30 цаг хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.