-
2018 оны 1 сарын 11
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлийн хэмжээнд хүн амын тоогоороо дээгүүрт тооцогддог, мөн агаарын бохирдол ихтэй бүсэд байрладаг тус дүүргийн ард иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж болон бусад асуудлыг судалж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар зорьжээ.
Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийн хувьд, ахмадын хэвтэн эмчлүүлэх нийт 35 ортой тасаг ажиллуулдаг бөгөөд нийслэлийн хэмжээнд ард иргэдэд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм байна. Харин тус амбулатори нь төвийн халаалтын системд холбогдоогүй тул хэрэглээний хүйтэн устай, тасалгааны тогтсон температури байхгүйн улмаас иргэд, үйлчлүүлэгчдээс энэ талын гомдол тасардаггүй гэдгийг эмч, ажиллагсад хэлж байлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар ахмадын хэвтэн эмчлүүлэх 150 ор бүхий төв байгуулж, тус амбулаторийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор барилгын зураг, төлсийг хийлгэж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлага болон эмч, ажилтнуудад мэдээлэл хийлээ.
Мөн зуу гаруй айл өрх газраа чөлөөлбөл нийслэлийн “Баянхошуу дэд төв”-ийн дэд бүтэц, дулааны шугам сүлжээний ажил үргэлжлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлсэн. Ингэснээр агаар, хөрсний бохирдол ихтэй тус хорооны 300 гаруй айл өрх гал түлэхгүйгээр өөрийн газар дээрээ ая тухтай амьдрах боломжтой юм байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2018 оны 1 сарын 11
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд газар эзэмших, өмчлөх зэрэг асуудалтай холбоотой өргөдөл гомдол түлхүү ирсээр байна. Өнгөрсөн жилийн хувьд зөвхөн Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших хүсэлт 515, газрын маргаантай асуудал 443, өмч газрын харилцааны салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай гомдол 44 ирсэн байна. Ер нь Нийслэлийн газрын алба хууль тогтоомжийн хэрэгжилттэй асуудал нийслэлд зонхилж байгаа тул НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд энэ сарын 18-ны өдрийг хүртэл иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байгаа юм.
Тухайлбал Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Н.Цэрэнлхам дээрх мэдээллийн дагуу бидэнд хандлаа. Тэрээр хэлэхдээ би 2000 оноос хойш 18 жилийн турш өөрийн оршин суугаа газрынхаа орц, гарцыг хаалгуулаад, газрынхаа талыг алдчихсан. Гурван шатны шүүхээр яваад дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад одоог хүртэл асуудал шийдэгдээгүй л байна. Би бодохдоо улсын дээд шүүхийн шийдвэр хамгийн эцсийн шатны шийдвэр гэж ойлгодог. Гэтэл дүүргийн газрын албаны үе, үеийн дарга нар миний энэ муу жижигхэн газрын асуудлыг шийдвэрлээд өгчихөөгүй л байна. Дээрээс дарга нар шийдвэр өгөөгүй гэж хойшлуулсаар байгаа. Ер нь ингэж даалгавараар ажилладаг асуудал өнөөдрийг хүртэл амь бөх байсаар байна. Энд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай асуудал ч хурцаар хөндөгдөх ёстой гэж бодож байна гэлээ.
Энэ мэтчилэн газрын асуудалтай холбоотой маргаанууд олон байна. Тиймээс иргэд та бүхэн өөрсдийн асуудлыг шийдвэрлүүлэхэд гар бие оролцож, холбогдох албан тушаалтнуудтай хамтран ярилцаж хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм. НИТХ-ын дарга С.Амарсайханы захирамжийн дагуу олон нийтийн хэлэлцүүлэг нь 2018 оны 11-р сарын 22-ны өдөр 14 цагт Соёлын төв өргөөнд болно гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 11
”Утааны эсрэг аав ээжүүд” ТТБ-аас хэвтээ жагсаал хийхээр болжээ. Жагсаал ирэх бямба гараг буюу энэ сарын 13-ны 12.00 цагаас Сүхбаатарын талбайд болох юм байна.
Тэрбээр утааг арилгах дорвитой үйлдэл хийхгүй байгааг эсэргүүцэж ийнхүү жагсаал зохион байгуулахаар болжээ.
-
2018 оны 1 сарын 11
Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ оны долоодугаар сарын 1-нээс шинэчлэхээр болжээ.
-
2018 оны 1 сарын 11
Хэвлэлийн мэдээ
“Нийгмийн хариуцлагын манлайлал-2018” форум болно.
Орчин үеийн гүйцэтгэх удирдлагын манлайлал нь бизнесийн амжилтаас гадна,
хүрээлэн буй орчин, хамт олон, ажилчид , хэрэглэгч харилцагчдынхаа аюулгүй байдал, эрүүл
мэнд, мэдээллийн нууцлал болон байгууллагынхаа үйлдвэрлэл үйлчилгээний чанарт төвлөрч
эхэлж байгаа энэ цаг үед ОШМИ групээс санаачлан Бизнес эрхлэгчдийн форум-ийг 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг болсон бөгөөд энэ жил тус форум дөрөв дэх удаагаа “Нийгмийн хариуцлагын манлайлал-2018” нэртэйгээр зохиогдож гэж байна.
Энэхүү форум нь 2014 оноос хойш нийгмийн хариуцлага сайтай томоохон аж ахуйн
нэгж, байгууллагуудын амжилтыг таниулан сурталчлах, нийгмийн хариуцлагатай шилдэг аж
ахуйн нэгж байхын тулд хэрэгжүүлж болох сайн туршлага, арга хэмжээ, менежментийн
талаар шинэ тутам мэдлэг мэдээлэл өгөх зорилготойгоор жил бүр зохион байгуулагдаж байгаа ажээ.
Энэ жилийн форум 200 байгууллагын дээд удирдлагуудад зориулан зохион
байгуулагдах бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Байгаль орчин, Чанар,
Хүнсний аюулгүй байдал, Мэдээллийн аюулгүй байдал, Нийлүүлэлтийн сүлжээний нийгмийн
хариуцлага, Компанийн нийгмийн хариуцлага ба нийгмийн инноваци, Дээд удирдлагын
манлайлал ба оролцоо зэрэг сэдвээр олон улсын чиг хандлага болон Монгол Улсын
баримталж буй бодлого, Монголдоо сайн туршлага нэвтрүүлсэн байгууллагуудын практик үр
дүнгийн талаар мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Зохион байгуулагч “ОШМИ Групп” нь 2010 оноос хойш хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуй, чанар, байгаль орчны чиглэлээр Олон Улсын сургалт, зөвлөгөө болон
аудитын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, аж ахуйн нэгж, байгууллагууд болон
олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, нийгмийн хариуцлагыг нь дэмжих чиглэлээр
сэтгүүл, форум, олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
Хэзээ хаана:
Форум 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 14:00-18:00 цагт Бишрэлт зочид буудлын
Их Танхимд зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://event.oshmi.mn/ -ээс аваарай
Холбоо барих: 9985-0038
Шаардлагатай бол дэлгэрүүлж ашиглаарай.
Форумын хөтөлбөр
НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
13.30-14.00 Зочдын бүртгэл
14.00-14.05 Аюулгүй ажиллагааны зааварчилгаа
14.05-14.10 Нээлтийн үг – Д.Батбаатар /ОШМИ үүсгэн байгуулагч, зөвлөх/
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ БОДЛОГО, ТҮҮНИЙ ҮР АШИГ
14:10-14:30 ҮНДСЭН ИЛТГЭЛ 1: Компанийн нийгмийн хариуцлага, хэрэгжүүлэх арга замууд, олон улсын стандартууд – Д.Оюунтөгс /Гүйцэтгэх захирал, ОШМИ Групп ХХК/
14:30-14:50 Илтгэл 1: Монгол Улсад хийгдсэн Компанийн нийгмийн хариуцлагын талаарх ойлголтын судалгаа, бизнес эрхлэгчдийн авах шаардлагатай арга хэмжээ
14:50-15:10 Илтгэл 2: Компанийн нийгмийн хариуцлагын санхүүгийн үр ашиг: Нийгмийн хариуцлага хэрэгжүүлж буй байгууллагад олгох Монгол улсын татварын хөнгөлөлт, урамшууллын бодлого, шинэчлэгчдэж буй татварын хуулийн заалтууд – Д.Тунгалагмаа, Ерөнхий захирал, Монгол Такс ТМЗ
15:10-15:30 Илтгэл 3: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах талаар төрөөс баримталж буй бодлого, салбарын нөхцөл байдал
15:30-15:50 Илтгэл 4: Байгаль орчныг хамгаалах талаар төрөөс баримталж буй бодлого, салбарын нөхцөл байдал
15:50-16:10 Завсарлага
ХОЁРДУГААР ХЭСЭГ
КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН САНААЧЛАГУУД
16:10-16:30 ҮНДСЭН ИЛТГЭЛ 2: Нийгмийн хариуцлага компанийн тогтвортой, үр ашигтай байдалд нөлөөлөх нь – Ш.Байгальмаа, Орон нутгийн харилцаа эрхэлсэн Ерөнхий менежер, Оюу Толгой ХХК
16:30-16:45 Илтгэл 5: “Оюу Толгой” ХХК-ийн худалдан авалтын чиглэл – Монголд үйлдвэрлэв стратеги – Ц.Нармандах, Стратегийн гэрээний шинжээч
16:45-16:55 Илтгэл 6: Терра Экспресс ХХК: Аюулгүй ажиллагааны үзүүлэлт бизнесийн үйл ажиллагааг дэмжих нь – Ц.Саруул Үйл ажиллагаа хариуцсан захирал, “Терра Экспресс” ХХК
16:55-17:15 Илтгэл 7: Ханган нийлүүлэлтйн сүлжээний бизнес дэх нийгмийн хариуцлагын олон улсын санаачлагууд – Г.Цогтбаатар Гүйцэтгэх захирал, “Алтан жолоо Трейд” ХХК /”Сансар сүлжээ” дэлгүүр/
17:15-17:35 Илтгэл 8: Хаан банкинд мэдээллийн аюулгүй байдлын стандарт нэвтрүүлсэн туршлага, үр дүн – Б.Намуун Мэдээллийн аюулгүй байдлын газрын ахлах мэргэжилтэн, Хаан Банк
17:35-17:40 Илтгэл 9: Нийгмийн хариуцлагыг сайжруулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээний байгууллагын мэргэжлийн байдал, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдал – Д.Туул Гүйцэтгэх захирал, Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт
ГУРАВДУГААР ХЭСЭГ
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
17:40-18:10 Хэлэлцүүлгийн сэдэв: “Бизнесүүдийн нийгмийн хариуцлагыг сайжруулах боломжууд”
Модератор:
Г.Цогтбаатар, ТУЗ-ийн дарга, ОШМИ Групп ХХК
Панелист:
Т.Цэнд-Аюуш, Гүйцэтгэх захирал, Компанийн засаглалын хөгжлийн төв
Х.Тунгалагмаа, Ерөнхий захирал, Монгол Такс ТМЗ
Б.Оюунтөгс, Гүйцэтгэх захирал, ОШМИ Групп ХХК
Ш.Байгальмаа, Орон нутгийн харилцаа эрхэлсэн Ерөнхий менежер, Оюу Толгой ХХК
Ц.Саруул, Үйл ажиллагаа хариуцсан захирал, “Терра Экспресс” ХХК
Б.Намуун, Мэдээллийн аюулгүй байдлын газрын ахлах мэргэжилтэн, Хаан Банк
Д.Туул, Гүйцэтгэх захирал, Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт
Н.Амартуул, Уул уурхайн бодлогын газрын мэргэжилтэн, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам
18:10-18:15 Дүгнэлт – Д.Батбаатар, Үүсгэн байгуулагч, Зөвлөх, ОШМИ Групп ХХК
18:00-18:10 Дурсгалын зураг – Зохион байгуулагч
18:10-19:00 Чөлөөт ярилцлага, Нэтворкинг – Оролцогчид
ИЛТГЭГЧИД
Б.Оюунтөгс
ОШМИ Групп, Захирал
Д.Батбаатар
ОШМИ Групп үүсгэн байгуулагч, Зөвлөх
Г.Цогтбаатар
Алтан Жолоо Трейд, Сансар хүнсний сүлжээ дэлгүүр, Гүйцэтгэх захирал
Х.Тунгалагмаа
Монголтакс ХХК, Ерөнхий захирал
Ш.Байгальмаа
Оюу Толгой ХХК, Орон нутгийн харилцаа эрхэлсэн Ерөнхий менежер
Ц.Нармандах
Оюу Толгой ХХК, Стратегийн гэрээний шинжээч
Ц.Саруул
Терра Экспресс ХХК, Үйл ажиллагаа хариуцсан захирал
Б.Намуун
Хаан банк, Мэдээллийн аюулгүй байдлын газрын Ахлах мэргэжилтэн
З.Оюунчимэг
“Монголтакс ТМЗ” ХХК-ны үндсэн үйлчилгээний газрын захирал, Эрх зүйч, Мэргэшсэн нягтлан бодогч (ММНБ), Татварын мэргэшсэн зөвлөх (ТМЗ)
Б.Батсанаа
Хас Банкны Эко банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн
Т.Цэнд-Аюуш
Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, Гүйцэтгэх захирал
М.Оюунтуяа
Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, Төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа хариуцсан менежер
Д.Амартуул
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
-
2018 оны 1 сарын 11
Монгол улсын иргэн, эрэгтэй, 29 настай А нь Солонгос улсад аялал жуулчлалын 3 сарын визээр очсон байхдаа 2016 оны 12-р сарын 11-ний өдөр 19.00 цагийн орчим Пусан хот дахь нэгэн их дэлгүүрийн бэлэн хувцасны тасгаас 800.000 воноор үнэлэгдэх өмд, цамц, бүс, цүнх гэх мэт 16 ш эд зүйлс хулгайлсан нь камерт бичигдэн үлджээ.
-
2018 оны 1 сарын 11
Аймаг, орон нутгаас ирүүлсэн материалаас үзвэл энэ жил 128 малчин “Улсын аварга малчин”, 11 малчин “Улсын хошой аварга малчин”, 13 малчин “Улсын аварга саальчин”, таван фермер “Улсын аварга фермер”, 10 аж ахуйн нэгж “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 27 иргэн “Улсын аварга тариаланч”-ийн болзол хангасан байна. Засгийн газар аваргуудыг удахгүй тодруулж Цагаан сарын баярын үеэр шагналыг нь гардуулах юм
-
2018 оны 1 сарын 11
2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20:55 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газарт аймгийн Мөст сумын Давст багт байрлах “Хагын нуур”-нд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан “УАЗ-469” загварын 4 зорчигчтой автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 11:40-11:46 цагийн хооронд ослын газраас 80 метр зайтай, 3 метрийн гүнээс хоёр иргэний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Тус эрлийн ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэдээс 15 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр, нийт 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 10
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ өөрчлөгджээ. Тодруулбал, сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. Мөн үндсэн тохирлын мөнгөн дүн ч өөрчлөгдсөн байна.
-
2018 оны 1 сарын 10
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд татварын нэмэгдлүүд, тэр дундаа хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь амьдралд хүнд тусч байна хэмээн 1461 иргэн өргөдөл гаргасан байна. Ингэхдээ уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг хүсчээ.
Иймд ”Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Засгийн газарт чиглэл өгч, энэ саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна” хэмээн Өргөдлийн байнгын хорооны дарга мэдээлжээ.
-
2018 оны 1 сарын 10
Номхоноо ноолно гэдэг. Хэрвээ та байгаль орчны салбарыг хариуцсан сайд болсон л “ноолуулахад” бэлэн бай. Зуны улиралд ган болвол таны буруу, танай яамны буруу. Намар нь түймэр гарвал, хавар нь үер болвол бас л таны, танай яамны буруу. Өвөл дундаа орсон. Урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт цас оруулсан, гурван есөд гэнэт дулаарсан. Хэний буруу вэ гэдэг нь мөн л тодорхой.
-
2018 оны 1 сарын 10
Швейцарийн Хөгжлийн агентлагийн (ШХА) санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатны нээлтийн хурал энэ сарын 8-нд боллоо. Хурлыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габриелла Спирли, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Суурин төлөөлөгч Даниел Пассон нар нээж үг хэлэв. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлтөд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьсан бол төслийн нэгдүгээр шатны үр дүнг баруун аймгийн төслийн менежер асан Анна Клейншрот, хоёрдугаар шатны төлөвлөсөн ажлуудыг төслийн захирал Дэвид Ханкок нар тус тус танилцууллаа. Хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам, НҮБХХ-ийн барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ төсөл, GIZ байгууллагын “NEXUS” төсөл, Удирдлагын Академи, МУИС-ийн Нийтийн удирдлагын сургууль, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм.
Хурлаар PIE2 төслийн хоёр үндсэн үйл ажиллагаа болох сайн засаглал-төсвийн хөрөнгө оруулалт, төрийн санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох болон барилгын дулаалгын технологийг нийгмийн салбаруудад нэвтрүүлэх чиглэлээр өргөтгөсөн хэлэлцүүлэг болов. Өргөтгөсөн хэлэлцүүлэгт холбогдох салбарын мэргэжилтнүүд, төслийн багийн төлөөлөл, шийдвэр гаргагчид, иргэд идэвхитэй оролцож нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт, эрчим хүчний тарифын бодлогын орчинд тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гарц хайв.
2018 онд төслийн хүрээнд 2-5 барилгын засварын ажлыг Монгол улсын барилгын стандартад бүрэн нийцүүлэн дулаалах бөгөөд хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмблэх шалгуур үзүүлэлт, хөрөнгө оруулалтын журам боловсруулах, нийслэлийн мэргэжилтнүүдийн хөрөнгө оруулалтын төсөл төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ.
Төслийн хоёрдугаар шатанд (2018-2021) нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дулааны алдагдалтай 20-25 барилгыг засварлан нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн орчныг сайжруулах юм. Төслийн нийт төсөв 4 сая шв.фанк ба 2018 онд нийслэлийн төсвөөс төслийн барилгын засварын төсөвт 1 тэрбум төгрөг нэмэлтээр хуваарилжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 10
Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр 2018 оны анхны ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Ялалт инвестмент”, “Моветугедэр” ХЗХ-дын хадгаламж, зээлийн, “Элтизэ ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Таванбогд финанс ББСБ” ХХК-ийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүллээ. Мөн “Мега марз” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
-
2018 оны 1 сарын 10
Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам”-ыг удирдлага болгон нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд энэ сарын 4-нөөс 20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна.
Бүртгэлийг хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд 18-50 насны цэргийн алба хаасан, хаагаагүй бүх эрчүүд, 60 хүртлэх насны бэлтгэд офицерууд бүртгүүлэх ёстой юм.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, Дэд хурандаа Т.Мөнхбаяр, Тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, Дэд хурандаа Б.Баянмөнх нар өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын цэргийн тоо бүртгэлийн үйл ажиллагаатай биеэр очиж танилцлаа. Цэргийн бүртгэлийн ажил зохион байгуулаад 6 хоног өнгөрч байгаа юм. Энэ хугацаанд Хан-Уул дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд эрчүүдийн 30.8 хувь нь бүртгүүлээд байгаа бол Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 35 хувь нь бүртгүүлсэн байна. Харин нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил өнөөдрийн байдлаар дунджаар 38.5 хувьтай явагдаж байгаа аж.
“Цэргийн албаны тухай хуульд цэргийн насны залуучууд жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлэх, тухайн бүртгэлийг засаг захиргааны анхан шатны нэгж буюу орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд хийж гүйцэтгэнэ гэсэн хуулийн заалттай. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2018 оны цэргийн тоо бүртгэлийг энэ сарын 4-20-ны хооронд засаг захиргааны анхан шатны нэгж, хороодуудаар дамжуулан зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн 152 хороодоор цэргийн бүртгэлийг явуулж байна” хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар ярилаа.
Цэргийн албыг Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагад 12 сар буюу нэг жилйин хугацаатай алба гүйцэтгэх, цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах, оюутан цэрэг, гэрээт цэрэг гэсэн 5 төрлөөр цэргийн хааж болдог. Цэргийн тоо бүртгэл явуулснаар энэ таван хэлбэрээс иргэд альнаар нь албаа хаах вэ гэсэн нэгдсэн судалгааг гаргаж ирдэг байна.
НЗДТГ-ын Цэргийн штабаас 2018 оны “Батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх- Дайчилгааны бэлтгэл нөөцийг сайжруулах жил” болгон зарлаж байгаа аж. Тус ажлын хүрээнд энэ онд анх удаа цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн программ бий болгосон байна. Ингэснээр дүүргийн Цэргийн штаб, Эрүүл мэндийн төвтэйгөө цахим хэлбэрээр холбогдоод ямар хүн ямар өвчтэй гарч байна, түүний эрүүлжүүлэлтийн асуудал дээр хэрхэн ажиллаж байна гэдгийг харж болох аж хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 10
НИТХ-ийн тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн Статистикийн газрын цаг үеийн мэдээлэл танилцуулга, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийг сунгах тухай, Хуралдаан зарлах тухай асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдаанд Нийслэлийн Статистикийн газрын мэдээлэл тайлан танилцуулгыг тус газрын дарга Д.Лхамсүрэн хүргэлээ. Нийслэлийн Статистикийн газар нь Нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаархи статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага гэдгээ илэрхийлээд 297 үзүүлэлтээр нийслэлийн статистикийн мэдээлэл авч хэрэглэгчдэд зориулан инфографик хэлбэрээр мэдээллээ хүргэж байгаагаа танилцууллаа.
2017 оныг Нийслэлээс Иргэдийн оролцоотой, эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарласантай холбоотойгоор тус газраас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбар болох Дүнжингарав төв болон Сүхбаатарын талбайд дүүргүүдийн статистикийн хэлтсүүдтэйгээ хамтарч нээлттэй өдөрлөг зохион байгуулсан байна.
Нийслэлийн нийгэм эдийн засгийн байдал болон бусад статистик үзүүлэлтийг байгууллагынхаа сайтаар дамжуулан олон нийтэд хүргэж байгаа бөгөөд жилдээ 600 мянга гаруй хэрэглэгч тус байгууллагын цахим сайтад хандсан байна гэлээ. Жишээ болгож Нийслэлийн цэцэрлэгүүдийн ачаалал хүчин чадлыг газарзүйн байршлаар дэлгэн харууллаа.
Танилцуулгын дараа хурлын тэргүүлэгчид Нийслэлийн статистикийн газрын даргаас асуулт асууж хариулт авлаа. Тэргүүлэгчдийн зүгээс нийслэл хотод амьдарч байгаа хүмүүсийн аюулгүй байдлын индексийг, статистик судалгааг тусад нь гаргах, Агаарын бохирдлоос хамааралтайгаар иргэдэд үүсэж байгаа эмгэг, өвчлөлийн тухай судалгаа хийх зэрэг иргэд олон нийт рүү чиглэсэн ажилд анхааран хандуулан ажиллахыг Нийслэлийн Статистикийн газрын даргад чиглэл болгон өглөө гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 10
Богдхан уулын Аялал жуулчлалын замын зогсоолд машинаа байрлуулахад 5000 төгрөгийн хураамж авч байгаа талаар иргэдээс манай байгууллагад гомдол ирүүлж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Зайсан-Баруун ширээтийн чиглэлд 265 авто машины зогсоолын цогцолбор бүхий 2,05 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг иргэдийнхээ ая тухтай амарч, зугаалах эрхийг хангах зорилгоор хийж гүйцэтгэсэн. НАЗХГ-аас тус зогсоолд “Төлбөртэй зогсоол”-ын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар ч байгууллагад олгоогүй бөгөөд авто машинаа байрлуулсан иргэд ямар нэгэн төлбөр хураамж төлөх эрхзүйн үндэслэл байхгүй болохыг мэдэгдэж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2018 оны 1 сарын 10
Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага болон алба хаагчид нийслэлийн хэмжээнд шөнийн цагаар цаг хэтрүүлэн зөвшөөрөлгүй ажиллаж байгаа баар, цэнгээний газар, цахим тоглоомын газар, түргэн үйлчилгээний цэг, саун массажны газар, дэн буудлуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд цаг хэтрүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн баар цэнгээний газар 33, хүнсний дэлгүүр 4, цахим тоглоомын газар 3, зөвшөөрөлгүй ажилласан түргэн үйлчилгээний цэг 34, дэн буудал 29, саун массажны газар 2, фэйсбүүк хуудсаар зар өгч, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан 5 зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуульд зааснаар 116 иргэн, аж ахуйн нэгжийг 14.150.000 төгрөгөөр торгож захиргааны шийтгэл ногдуулжээ.
Цаашид энэ төрлийн зөрчлийг таслан зогсоогдох хүртэл хяналт шалгалтын ажил тогтмол зохион байгуулагдах тул иргэд, аж ахуйн нэгжийг хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.
-
2018 оны 1 сарын 10
Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах бол “Драгон”, “Дүнжингарав”, “Мишээл”, зургаан буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Ажлын 10 хоногт гардаг.
Харин яаралтайгаар буюу ажлын гурав хоногийн дотор авах бол 100 айлд байрлах Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний нэгдүгээр байранд очиж захиална. Тус газрын үүдэнд өдөрт 1300 гаруй хүн дугаарлаж байна. Тэднээс 600 хүнийг авах нормтой ч, ачааллаа нэмээд 800 хүнийг хүлээн авч ажиллаж байгаа аж
Тиймээс иргэд гадаад паспортаа энгийнээр захиалах тохиолдолд заавал зуун айлыг зорих шаардлагагүй. Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд хандаж болно гэдгийг албаныхан хэлж байна.
ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХАД
Иргэний цахим үнэмлэх
Гадаад паспорт авах мэдүүлгийг бөглөх
Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3,5х4,5 хэмжээтэй гурван хувь цээж зураг
Банкны карт уншигч буюу пос машинаар төлбөрөө хийх боломжтой /таван жилээр 32500 төгрөг. Яаралтайгаар авах тохиолдолд 10000 төгрөг нэмэгдэнэ /
Хэрэв гоо сайхны мэс засал хийлгэсэн бол эмчийн магадлагаа
ХҮҮХДЭД ГАДААД ПАСПОРТ АВАХАД
Төрсний гэрчилгээ эх хувиар хуулбарын хамт
Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарын хамт
Таваас дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт ирэх
Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5х4.5 хэмжээтэй гурван хувь цээж зураг
Гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх
Төлбөрийн хувьд том хүний гадаад паспорт авахтай ижил
-
2018 оны 1 сарын 10
Монголын боксчдын эцэг Ардын багш Д.Банди бурханы харьяат болжээ. Одоо Монголын боксчид төдийгүй эрчүүдийн тулааныг шимтэн үздэг үзэгчид ч өнчирлөө. Паргиа сайхан дуугаар эрийн тэнгэр цэлмэтэл инээчихээд намс намс алхаж явдаг Д.Банди баавай маань дахин Спортын төв ордныхоо хаалгыг татахгүйгээр хурмаст тэнгэрт эгнэгт гарчээ. Хийсэн ажилтай, бүтээсэн гавьяатай Ардын багш Д.Банди баавайнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, хойчийн буяныг нь бодолцон гурван жилийн өмнө бичиж байсан хөрөг найрууллаа эцсийн удаа дэлгэн тавьж байна. Ум сайн амгалан болтугай.
Монголын тамирчид Азийн ХVII наадмын тэнгэрт төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж эх орон нэгтнүүдээ баярлуулаад байгаа. Энэ бол зөвхөн жүдочдийн ялалт. Одоо удахгүй чөлөөтийн бөхчүүд, ялангуяа ширэн бээлийт¬нүүд маань Инчоны тэнгэр дор хүнд нударганыхаа амтыг мэдрүүлэх болно. Монголын боксчид “эцэг” нь болсон Ардын багш Д.Банди гуай хажууд нь паргиадуу хоолойгоор зангарагтай гэгч нь ганц хоёрхон үг хэлээд зогсож байвал жинхэнэ аянга цахилгаан шиг нэдрээд өнгөрдөг түүхтэй.
1997 онд Будапештийн тэнгэр дор монголын боксчдын салхийг хагалж гавьяат тамирчин тамирчин Т.Үйтүмэн рингин дээр нь Унгарын боксчныг накаутаар ялж, анхны мөнгөн медалийг шүүрэхэд чухамхүү Д.Банди багш л сөөнгө хоолойгоор уухайлан хашхирч зогссон гавьяатай.
Түүнээс хойш У.Мөнх-Эрдэнэ, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, Н.Төгсцогт нарын олимп, дэлхий-гээс авч ирсэн алт, мөнгөн медалиудын ард Ардын багш Д.Банди ханхайтал зогсож байсан нь маргашгүй үнэн билээ. Өчигдөрхөн л цахим ертөнцөөр Ардын багш Д.Бандийн багахан хөмсөг зангидсан зураг цацагдаж, олон хүний сэтгэгдэлд дарагдсан байна лээ. Түүний зургийг гарынх нь шавь, дэлхийн аварга П.Сэрдамба авч “Зургийг нь авсанд багш уурлаж байна” хэмээх тайлбартай оруулсан байсан. Ер нь бол Монголын боксчдын аав, Ардын багш Д.Банди гуай хэзээний л инээчихсэн явж байдагсан. Булган аймгийн Тэшиг сумын уугуул Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Д.Банди өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан нь хэдхэн жилийн өмнөх явдал. Тэр хооронд боксчид аавгүй мэт болж, ихэд өнчирсөн билээ. Харин өнгөрсөн гуравдугаар сараас Д.Банди багш эргэн ирж өнөөдөр Монголын боксын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч хийж яваа.
Буриадууд ард олондоо хүндлэгдсэн, хийсэн ажилтай, хэлэх үгтэй халхагар өвгөдөө “Баавай” хэмээн эрхэмлэн дууддаг. Д.Банди багш Монголын боксын спортын дөрвөн үеийнхэнийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд нь хүргэсэн,халз тулааны спортын баавай дасгалжуулагч аргагүй л мөн. Монголын боксын спортын үндэс суурийг тавигч гавьяат дасгалжуулагч Б.Олзотоос хойш түүн шиг дасгалжуулагчийн ажилд тэсрэлт гаргаж, Монголын боксчдын авьяас чадварыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн багш байхгүй.
Уг нь УБДС-ийг төгссөн математикийн багш хүн юм билээ. Математикийн багшийн оновчтой түргэн сэтгэлгээгээ, өөрийн төрөлх уужуу тайван ухаантай хослуулан намуухан дуугаар зааж зөвлөсөөр Монголын боксчдыг өнөөдрийн хэмжээнд бэлтгэсэн гавьяатан билээ. 2012 оноос өмнөх сүүлийн арван жилд дэлхий нарыг бүтэн тойрох 365 хоногоос 70 гаруй өдөрт нь гэртээ тайван хонож үзээгүй Д.Банди багш аргагүй л жаахан ядарч, бие нь тэнхээрээд ажлаасаа чөлөө хүссэн болов уу.
2010 оны тавдугаар сард цус харвасан ч Монголын боксын маргаашийн төлөөх сэтгэлийн их тэнхээ, хань ижил, зургаан сайхан хүүхдийнхээ хүчээр хоёр хөл дээрээ бат зогссон билээ. Д.Банди багш хэзээ ч хаана ч уулзсан инээмсэглэсэн, уриалгахан зангаа¬раа угтаж, царгиадуу баргил хоолойгоор ажил хэргээ урамтай гэгч нь тайлбарладаг зантай.
Түүнд уулзаж учирсан хүмүүсийг, шавь нараа, хавь ойрынхноо өөртөө татах ямархан нэгэн хүч байх шиг л санагддаг. Миний бодлоор тэр их хүч нь ямар ч үед адгаж сандардаггүй, орилж хашгичдаггүй дөлгөөхөн тайван занд нь л оршдог болов уу. Бээжингийн олимпод Монголын боксчид аянга цахилгаан шиг тэсэрч Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль шүүрэх хүртэл 1350 удаа рингэнд шавь нараа дагуулан гарч, тэр хэрээр л тархиныхаа эд эсээс хороосон нь ойлгомжтой. Бээжингийн олимп хүртэлх зургаан жилд эх орныхоо хилийн дээсийг 200 гаруй удаа алхаж Монголын ширэн бээлийтнүүдийн гайхамшигтай цуврал ялалтуудыг удирдан чиглүүлж явсныг нь бодохоор 60 насны босгыг холхон алхсан түүнийг бахдан бишрэхээс л аргагүй. Бээжин, Милан, Баку, Чикаго, Бусан гээд дэлхийн өнцөг булан бүрт Монголын ширэн бээлийтнүүдийг ялалтын тавцан өөд хөтөлж явсан уртын их замынх нь гэрч болсон 20 ширхэг хуудас нь дууссан гадаад паспорт түүнд хадгалагдаж байгаа.
Монголын боксын спорттой 50 шахам жилийн амьдралаа хол¬босон түүний хоолойны хөвч нь суларч, өнөөдөр ярихдаа нэлээн хүч гарган хоолойгоо шахаж ярьдгаас амархан ядардаг болсон юм билээ. Гучин хэдэн жил дасгалжуулагч хийхдээ боксын тэмцээн үзэхээр танхимд цугласан олон зуун хөгжөөн дэмжигчдийн шуугианаас даван дуугарч, хэрэгцээтэй цаг үед нь шавьдаа ганц ч болтугай ончтой зөвлөгөө өгөх гэж хоолойгоо сөөтөл хашгирч явсны хор нөлөө өнөөдөр ингэж илэрч байгаа. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын хоёр хөдөлмөрийн баатар, Т.Үйтүмэн, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нарын таван гавьяат, 30 гаруй ОУХМ, 60 гаруй спортын мастер, 600 гаруй зэрэгтэй боксчныг Монголын их спортод бэлтгэж өгсөн Ардын багш маань олон жил өөрийн гэсэн орон сууцгүй, айлаас айл дамжин нүүдэллэж билээ.
2008 оны Бээжингийн олимпод алт, мөнгөн медаль ихэрлүүлэн Монголын спортыг цоо шинэ түвшинд гаргачихаад ирэхэд нь улсаас байр өгөлгүй өвгөн багшийн голыг харлатал гомдоосон түүхтэй. Гараас нь хөтлөн явж их спортын оргилд хүргэсэн шавь нар нь гавьяа шагналдаа дарагдаж байхад, замыг нь зассан дасгалжуулагчийг нь бүгдээрээ мартчихсан нь мөн ч эмгэнэлтэй хэрэг шүү.
Харин 2009 оны Миланы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж багаараа 75 хувийн амжилттай тэмцэлдэж, 48 орноос тавдугаар байрт шалгараад ирэхэд нь сая нэг ШШБЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооныхон дөрвөн өрөө байраар мялааж билээ. Ардын багшийг өөрийн гэсэн орон сууцтай болоход нэр нөлөө, албаны эрх дархаа ашиглан ихэд хүчин зүтгэл гаргасан ХЗДХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид гүн талархал илэрхийлүүштэй.
Хүн гэдэг чаддаг юмаараа хэрэгцээтэй цагт нь хэн нэгнээ магнайг нь тэнийтэл баярлуулах шиг буянтай ажил гэж юу байх билээ дээ. Д.Банди багш Монголын боксын спортыг хөл дээр нь найдвартай босгосон шигээ өөрийнхөө зургаан хүүхдийг эрдэм боловсролтой, хаана ч амьдралаа аваад явчих чадвартай хүмүүс болгон хүмүүжүүлжээ.
Том охин Б.Ариунтуяа нь “Урбанек” ком¬панид ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг. Түүний нөхөр үндэсний “Соёмбо” хөдөл¬гөөний тэргүүн Б.Лхагважав гэж сэтгэлийн хөдөлгөөнөө тэр бүр ил гаргаад байдаггүй хянуур нэгэн байдаг. Чамбайхан хүргэн нь нэгэн удаа “Өөлөх өөгүй сайхан хүн” хэмээн хадам аавыгаа магтаж зарим хүмүүсийн нүдийг том болгосон байна лээ.
Том хүү Б.Ариунболор нь “Улаанбаатар” дээд сургуульд багшилдаг бол удаах охин Б.Ариунжаргал нь “Толгойт” өртөөнд хариуцлагатай албанд зүтгэж, түүний дүү Б.Ариунчимэг нь төрийн албанд зүтгэж яваа. Их амьдралын жаргал зовлонг 30 гаруй жил хуваалцаж яваа гэргий Д.Долгоржавыгаа “Энэ зэрэгтэй явах амьдралын минь түшиг” гэж ихэд хайрлан дээдлэх юм билээ. Д.Долгоржав эгчийг монголын спортын хүрээнийхэн андахгүй. Тун ч илэн далангүй, их л хээгүй нэгэн билээ.
Харин Д.Банди баавайг өөхөнд ороосон бөөр шиг л газарт хүргэлгүй бөөцийлж байх санаатай ганц хүн гэж хэлж болно. 1997 онд гавьяат дасгалжуулагч болоход, дараа нь 2009 онд Ардын багш болоход нь л нутаг усныхан, хамаатан садан, үр хүүхэд, ач зээгээ бүгдийг нь тойруулаад нэг сайхан цугласан даа гэж ярина. “Муу өвгөн минь дэндүү гэмээр цайлган цагаан сэтгэлтэй хүн.
Муу хүнд итгээд XV хорооллынхоо сайхан байрыг алдчихаад олон жил зүдэрч амьдарсан шүү. Төр түмэндээ хоёргүй үнэнч сэтгэлээр зүтгэснийх хожуухан ч гэсэн өөрийн гэсэн сайхан орон байртай болоод одоо л нэг сэтгэл минь тэнийж явна. Гэртээ ирэхэд нь юунд ч санаа зовохооргүй байлгах гэж зүтгэсээр ирлээ. Үнэндээ миний муу өвгөн чинь оймсоо ч хаана байдгийг мэддэггүй хүн” хэмээн саяхан ярьсан байсан.
Хийсэн ажилтай, хэлэх үгтэй, сүүн цагаан зам мөртэй хүний ажил , амьдрал аяндаа л тэгшрээд ирдэг юм байна. Баавай минь таны олон жилийн сэтгэлээ шингээсэн их ажлын үр шимээр дэлхийд Монголын бокс толгойны хэдэд найдвартай жагсдаг боллоо. Гурав хүрэхгүй сая хүнтэй Ази тивийн жижигхэн орны хувьд энэ бол гайхмаар амжилт.
Монголын боксын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч “Баавай” танд цаашид хийх ажил мөн ч их байна санж. Таны удирдлагаар Монголын боксын үндэсний шигшээ баг 2008 оны амжилтаа давтах өдөр холгүй гэдэгт итгэнэм. Риогийн олимп хүртэл танд хийх ажил их байна. Монголын бокс, ард түмнийхээ магнайг дахин тэнийлгэх эрч хүч, урам зориг танд байгаа.
Хэсэгхэн зуур Монголын боксын удирдлагууд жаахан таарамж муутай байсан нь Ардын багш, агуу дасгалжуулагч Д.Банди таны л орон зай дутагдсаных шүү. Одоо та эргээд ирсэн болохоор Монголын боксчид удахгүй дэлхийн дэвжээг эзэгнэх л болно.
Д.Банди “Баавай” минь 2008 онд Бээжингийн тэнгэрт мандсан хөх Монголын туг хоёр жилийн дараа Риогийн тэнгэрт дахин мандах болтугай. Та л түүнийг бүтээж чадна. “Баавай” минь хүчирхэг хөвгүүдээ удирдан залж алдар гавьяаны өндөрлөгт дахин нэг удаа зогсоорой.
Д.Энхтүвшин
-
2018 оны 1 сарын 10
Ховд аймгийн Мөст сумын “Хагын нуур”-нд автомашин живжээ. Тодруулбал, Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан 61-83 ХОА улсын дугаартай “УАЗ-469” загварын дөрвөн зорчигчтой автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр/01.09/ 20:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн, 1 автомашин, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ