-
2018 оны 1 сарын 10
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг дэвсгэрт Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 09-ний өдрийн 22:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:41-03 цаг 53 минут нийт таван цаг ажиллаж унтраасан. Онцгой байдлынхан утаажилтын бүсээс 10 том хүн, 8 хүүхэд, нийт 18 хүнийг гаргасан.
-
2018 оны 1 сарын 10
ГЭР ХОРООЛОЛД СЕРВИС ЦЕНТР БУЮУ ДЭД БҮТЦИЙН ТӨВ БАРИХ БОЛОН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
-
2018 оны 1 сарын 10
ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЖ БАЙНА.
1. Гастроэнтерологи эмч-1
Хүний их эмч мэргэжилтэй, хоол боловсруулах эрхтэний эмгэгийн эмчийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан, хоол боловсруулах эрхтэний дурангийн эмчийн мэргэжлийг эзэмшсэн болон мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
2. Сэтгэл зүйч-1
Баклаварийн боловсролтой, сэтгэл судлал мэргэжилтэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан, эрдмийн цолтой бол давуу тал болно.
3. Сэтгэцийн эмч-1
Хүний их эмч мэргэжилтэй, сэтгэцийн өвчин судлалын чиглэлээр нарийн мэргэшил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөртэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан байх ба мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
4. Хавдрын эмч-1
Хүний их эмч мэргэжилтэй, хавдар судлалын эмчийн нарийн мэргэшил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөртэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан байх ба мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
5. Эмгэг судлалын эмч-1
Хүний их эмч мэргэжилтэй, эмнэл зүй эмгэг судлалын эмчийн нарийн мэргэшил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөртэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан байх ба мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
6. Программ хангамжийн инженер-1
Баклаварын боловсролтой, мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан, график дизайн, хэвлэлийн эх бэлтгэлийн програмуудыг бүрэн эзэмшсэн байх, мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
7. Хүүхдийн сувилагч-4
Хүүхдийн сувилахуйн нарийн мэргэшил эзэмшсэн, сувилах үйл ажиллагаа эрхийн зөвшөөрөлтэй, тухайн мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
8. Жор баригч-2
Эм найруулагч мэргэжилтэй, эм найруулах үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөлтэй, тухайн мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.
9. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч-1
Дипломын болон бакалаврын боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан.
10. Сүлжээний техникч-1
Бакалаврын боловсролтой, сүлжээний техникч мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан.
11. Эмгэг судлалын туслах ажилтан-1
Эмгэг судлалын туслах ажилтны мэргэжил олгох сургалтад хамрагдсан байх ба эрүүл мэндийн байгууллагад 2 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
1. Хувийн зохион байгуулалт сайтай
2. Багаар хамтран ажиллах
3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
4. Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
5. Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
6. Гадаад хэлний зохих мэдлэгтэй
7. Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт тодорхой хугацаагаар ажиллах боломжтой
8. Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.
9. 35 хүртэлх насны
Сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд 2018 оны 01 дүгээр сарын 18 -ны өдрийн 17.00 цагт багтаан ирүүлнэ үү.
Үүнд:
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /I маягт/
- Төгссөн сургууль, дамжааны диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
- Нотариатаар батлуулсан эмчлэх эрхийн зөвшөөрлийн хуулбар
Лавлах утас: Хүний нөөцийн алба 99073783, 99011078
-
2018 оны 1 сарын 10
Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан билээ.
-
2018 оны 1 сарын 10
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар илт худал ташаа мэдээлэл тараасантай холбогдуулан тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Удаа дараа худал ташаа мэдээлэл нийгэмд тарааж байна
Тэрээр “Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор тодорхой үйл ажиллагаандаа мониторинг хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар сар бүр иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ирсэн. Өнөөдөр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс байгууллагын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан шинжтэй мэдээлэл хийсэнд залруулга хийе.
Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ нь өөрөө Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдлаар ажиллах хууль зүйн баталгаа болж байдаг. Гэтэл Г.Баасан нарын хүмүүс Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг саармагжуулах, байгууллагын удирдлагыг шүүмжлэх нэрийдлээр манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, гутаан доромжлох, харлуулах, авлигатай тэмцэх тэмцлийн хүчийг бууруулах, олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагуудын өмнө Авлигатай тэмцэх газрын нэр хүндийг унагаах зорилготойгоор удаа дараа худал ташаа, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд тарааж байна.
Авлигын эсрэг хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байдаг объектод хэн нэгэн этгээд дур зоргоороо аашлах гэсэн оролдлогыг нь хязгаарласан, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн дотоод журмыг Авлигатай тэмцэх газар мөрдөж ажилладаг. Үүнийг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид ч өөрсдөө мөрдөж ажилладаг. Хаалттай байдал гэдгийг хаалга, үүд цоожилсноор хэмжихгүй. Авлигатай тэмцэх газар аливаа мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд олон нийтэд хүргэж, шаардлагатай бол өгч байгаа. Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон гишүүдийг уулзах хүсэлт гаргахад нь тухай бүр хүлээн авч уулзаж байсан. Тодорхой жишээ дурдахад 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Баасан Авлигатай тэмцэх газрын даргатай уулзах хүсэлт гаргаад уулзах үеэрээ “Манай олон нийтийн зөвлөлд олон янзын боловсролгүй, эрээвэр хураавар хүмүүс байдаг болохоор хамаагүй асуудал ярихаар хов болгоод хэцүү байна. Тиймээс ганцаарчилж уулзъя” гээд бусад гишүүдээ муулан байж уулзсан байдаг. Энэ үедээ Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн асуудлыг яагаад шалгахгүй байна вэ гэж Х.Энхжаргал даргаас асуусан байсан. “Эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналт дор хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоо наад асуудлаа орхи” гэж Х.Энхжаргал дарга хэлсэн байсан. Тухайн үед юу ярьсан нь Авлигатай тэмцэх газрын даргын өрөөнд байх дуу хураагуурт бичигдэж үлдсэн байгаа. Д.Жигжиднямаагийн хувьд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200106 дугаартай, 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200173 дугаартай эрүүгийн хэргүүд үүсгээд прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
Авлигатай тэмцэх газрын төсөв жил дараалан буурч байгаа
“Есөн тэрбумаар юу ч хийгээгүй байж 17 тэрбум төгрөгийн төсвөөр шагнууллаа” гэх асуудал Г.Баасан ярьсан. Энэ бол Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн худлаа мэдээлэл юм. 2014 оноос хойш Авлигатай тэмцэх газартт батлагдаж ирсэн төсвийн мэдээллийг та бүхэн дэлгэцээс харна уу.
Авлигатай тэмцэх газрын төсөв 2014 онд 15 тэрбум төгрөг байсан. Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын төсвийг өмнөх жилийн төсвөөс бууруулан батлахыг хориглоно гэсэн заалт байсныг 2015 оны 11 дүгээр сард тухайн үеийн хууль тогтоогчид хүчингүй болгоод 2015 оноос хойш жил дараалан тус газрын төсвийг бууруулан баталж ирсэн. Тухайн үед Авлигатай тэмцэх газрын бие даасан, хараат бус байдалд нөлөөлсөн гэж олон улсын байгууллагын зүгээс шүүмжилж байсан. Харин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаар Авлигатай тэмцэх газрын 2018 оны төсөв, хөтөлбөрийн санхүүжилт нийлээд 14,8 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үндэсний хөтөлбөрийн санхүүжилтээр төрийн албан хаагч нарыг сургах, иргэний нийгэм, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, төрийн үйлчилгээний хүнд суртал, авлигын эрсдлийг арилгах гэх мэт тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд маш тодорхой тусгасан байгаа.
Бидэнтэй хамтраад мэдээлэгчийг хамгаалах ёстой
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл болон Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл бол тэс 2 өөр ойлголт бөгөөд үүнийг ялгаж, салгаж ойлгох талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хангалттай мэдээлэл өгсөн гэж үзэж байна. Манай байгууллагын цахим хуудсанд ороод харвал ойлгомжтой, тодорхой тайлбартай байгаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.7.4-т, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.4.15-д тусгасан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл байгуулах асуудлыг Авлигатай тэмцэх газар хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд зохион байгуулан явуулж байгаа ажил юм. Та бүхэн хуулийн болон хөтөлбөрийн заалтуудыг дэлгэцээс харж байна.
Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болох авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд Г.Баасан дарга шиг олон нийтийн төлөөллийн үүрэг маш чухал байдаг. Иргэдийг авлигыг үл тэвч, тэмц, мэдээл, хяна гэж уриалахын оронд эсрэгээр нь Авлигатай тэмцэх газарт юу ч өгөөд нэмэргүй гээд, олон нийтийн хяналтын тогтолцоо бий болгохоор НАХЯ-ны мэдээлэгч нар гэж нийтэд зарлаад байгаа нь олон нийтийн авлигатай тэмцэх хүсэл зориг, Авлигатай тэмцэх газарт итгэх итгэлийг нь унтраасан үйлдэл гэж үзэж болохоор байна. Ямар эрх ашгийн төлөө ингэж яваад байгаа юм бол. Гэтэл өөрсдөө мэдээлэгч, шүгэл үлээгчийг дэмжих жил гэж зарлаад байгаа нь бүр ч ойлгомжгүй байна.
Гүжир гүтгэлгээ зогсоохыг шаардав
Г.Баасан нар нь Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн эрх, үүргийн хувиар мэдээлэл хийсэн гэж Авлигатай тэмцэх газар үзэхгүй байна. Тэд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн нэрийг барьж, илэрхий улс төрийн санаа, зорилгоор хараат бус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах гэж оролдож байна. Түүнчлэн Монгол Улсын авлигатай тэмцэх байгууллага, түүний удирдлага, албан хаагчдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, худал ташаа мэдээллийг зориудаар тарааж байгаа удаа дараагийн үйлдлээ таслан зогсоохыг Г.Баасанд анхааруулж байна.
Байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хандлага болон илт гүжирдлэгийн шинжтэй мэдээлэл тараахаа зогсоохгүй бол Авлигатай тэмцэх газар байгууллагын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр Монгол Улсын шүүхэд хандахаа мэдэгдэж байна. Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын тухай ярьсан асуудал өнөөдрийн мэдээлэлд хамаагүй. Өнөөдөр зөвхөн байгууллагын байр суурь илэрхийлж байна” гэж мэдэгдлээ.
-
2018 оны 1 сарын 10
Тамхи гэдэг нь татах буюу үнэрлэж, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах, нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.
Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг ба үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг ажээ. Жишээлбэл: хулгана мэрэгч амьтдын устгахад хэрэглэгддэг арзен, хорт хийн камерт ашигладаг цианид, уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг бохь, хамгийн гол нь донтуулах үйлчилгээтэй никотин агуулагддаг байна. Тамхинд байдаг никотин хэмээх бодис донтуулдаг үйлчилгээтэй учраас тамхинд нэг орчихвол түүнээс гарах амаргүй болдог. Никотин нь маш хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэлзүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох, түүнийг байнга шаардахыг хэлнэ.
Тамхины бохь нь зөвхөн уушгийг харлуулдаг төдийгүй хавдар үүсгэхэд нөлөөлдөг олон бодисыг ихээр агуулж байдаг. Нэг жилийн турш өдөр бүр 20 ширхэг тамхи татвал 1 аяга тамхины бохь уухтай тэнцүүбайдаг. Тамхи татдаггүй хүн тамхины утаатай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хорт бодисоор амьсгалж байгаатай тэнцдэг. Уушгины хавдрын 90% нь тамхинаас болж үүсдэг. Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, шүд сулран, шүдгүйдэх шалтгаан болдог.Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтнүүдэд тэжээл дутагдаж зүрх,тархины шигдээс үүсгэдэг.Хорт хавдрын -38%,зүрх судасны өвчний -34%,амьсгалын эрхтний өвчлөлийн -28% нь дан ганцхан тамхи татсанаас болж үүсэж байна.Иймээс эрдэмтэд тамхи татахыг нэг төрлийн өвчин гэж үзэх болжээ.
Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй жил бүр 7,2 сая хүн нас бардаг. 2013 онд Монгол улсад хийгдсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи хэрэглэдэг гэжээ. Тамхи хэрэглэгчдийн ихэнх нь (91,7%) тамхийг өдөр бүр тогтмол татдаг байв. Судалгаанд хамрагдсан 2 хүн тутмын 1 нь (42,9%) гэрийн дотоод орчинд, 3 хүн тутмын 1 нь (35.6%)ажлын байрандаа дамтамхидалтын эрсдэлд өртөж байна.
Монгол Улсын 2013 оны Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа буюу “ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаа”ны үр дүнд сурагчдын 22% нь тамхи татдаг гэж хариулжээ. Тамхи татаж үзсэн нийт сурагчдын 61,4% нь 14 наснаасаа өмнө тамхи татсан байлаа. Нийт сурагчдын 9,4% нь сүүлийн нэг сард нэг түүнээс олон удаа тамхи татсан байлаа. Судалгаанд хамрагдсан сурагчдын 60,8% нь сүүлийн 7 хоногт дам тамхидалт өртсөн байна. Сурагчдын 44,6% нь тамхитай орчинд амьдарч байгаа нь 38,6% нь эцэг эх, эрэгтэй асран хамгаалагч тамхи татдаг, 2,6% нь ээж, эмэгтэй асран хамгаалагч, 3,4% нь эцэг эх хоёулаа тамхи татаж байгаагаас харагдсан.
Мөн манай улсад 2017 онд хийгдсэн дэлхий дахины залуучуудын тамхины судалгаагаар тамхи таталтын тархалтын байдал 14.3 хувьтай, үүнээс эрэгтэй сурагчдын /20.3%/ эзлэх хувь нь эмэгтэй сурагчдаас /8.3%/ даруй 2 дахин их байна. Мөн судалгаанд хамрагдсан залуучуудын 45 хувь, үүнээс хөвгүүдийн 56,7%, охидын 33,9% нь тодорхой хэмжээгээр тамхи татаж үзсэн байна. Нийт залуучуудын 5,6%, үүнээс хөвгүүдийн 8,2%, охидын 2,9% нь одоогоор тамхи татаж байна.
Сурагчдын 42,4% нь гэртээ, 49,8% нь хаалттай олон нийтийн газар тамхины утаанд өртөж байсан байна. Сүүлийн 7 хоногийн хугацаанд судалгаанд хамрагдсан сурагчдын 54,4%-д тэдний дэргэд болон гэрт нь хэн нэгэн хүн тамхи татсан байна. Судалгаанд хамрагдсан сурагчлын эцэг эхийнх нь нэг эсвэл хоёулаа татдаг гэж 54,5% нь хариулсан бол, тэдгээр сурагчдын найз нөхдийн ихэнх нь эсвэл бүгд тамхи татдаг гэж зөвхөн 6,4,% хь харилусан. Ойролцоогоор 10 оюутан тутмын 9 нь (88%)тамхи татах нь тэдний болон бусдын эрүүл мэндэд нөлөөлнө гэж үзсэн. Мөн судалгаанд оролцсон сурагчдын 79,1% нь нийтийн үйлчилгээний газарт тамхи татахын бүрэн хориглох хэрэгтэй, тамхи татахыг хориглосон хууль хэрэгждэггүй гэж үзсэн байна.
Хүн амын бөгөөд тэр дундаа залуучууд, сурагчдын тамхины хэрэглээг багасгах нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд энэ чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааг хүртээмжтэй болгох, ухуулга сурталчилгааг эрчимжүүлэх, тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, хамтын ажиллагаа түншлэлийг өргөжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Иргэд та бүхэн тамхинаас гарахын тулд дараах үе шатуудыг дамжин тамхиа хаях боломжтой.
Тамхиа хаяхад бэлтгэх:
• Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла
• Тамхитай холбоотой бүх зүйл (тамхи, тамхины асаагуур, гаанс, үнсний сав)-ыг хая.
• Үг хэллэг, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл
• Тамхиа хаяж чадна гэж өөртэйгээ ярьж, өөрийгөө байнга зоригжуул
• Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд.
Тамхинаас ангижрах:
· Үгүй, татахгүй гэж хэлж сур
· Тамхи асаах шалтаг бүү гарга
· Какао, кофе, коко кола зэрэг тамхи татах сонирхлыг төрүүлдэг ундаа, хоол хүнснийг бүү хэрэглэ
· Тамхи татах хорхойгоо дарах аргуудыг хэрэглэ (хатуу чихэр хүлхэх, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт)
Тамхи татахгүй чигээр үлдэх
· Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг тунгаан бод
· Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас зайлсхий
· Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалц
· Тамхи татдаггүй болсноо бусдад харуул
Та тамхиа хаяж чадвал
· Өдөрт хэд дахин хороор амьсгалах шаардлагагүй болно
· Цагаа үр ашиггүй үрэхгүй
· Бусдыг хордуулахгүй
· Бусдад зэмлүүлэхгүй
· Тамхинд мөнгөө үрэхгүй.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
-
2018 оны 1 сарын 09
Нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын 02-ны байдлаар, амбулаторийн 59.446 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6706 тохиолдол оношлогдсон бөгөөд энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байсан билээ.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 08-ны мэдээллээс үзвэл, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 70.573 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5094 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дунджаас 4.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.8 хувиар бага байна.
Нийт өвчлөгсдийн 34.3 хувийг 0-1 нас, 28.1 хувийг 2-4 нас, 14.8 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлжээ. Хүүхдийн түргэн тусламжийн 1327 дуудлага ирснээс 44.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар, 2084 орон дээр 2368 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Нийт орны ачаалал 13.6 хувиар нэмэгдэж, 70-80 хувь хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ.
Харин 2018 оны нэгдүгээр сарын 09-ний байдлаар, нийслэлийн эмнэлгүүдийн 2084 орон дээр 2135 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт орны ачаалал 2.4 хувиар илүү байгаа бөгөөд 20-30 хувь хэтэрсэн үзүүлэлттэй байгаа юм.
Харьцуулсан судалгаанаас үзвэл, амбулаторийн үзлэгээр томуу, томуу төст өвчний тохиолдол буурч, нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал тодорхой хувиар багассан үзүүлэлттэй байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2018 оны 1 сарын 09
Иргэдийн гар утас, автомашины хучлага болон бусад зүйлийг хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Тухайлбал, Баянхонгор аймгийн харьяат Э нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух Ц-ийн “Vingroud” автомашины хучлагыг хулгайлан авч явж байсныг цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа илрүүлжээ. Уг үйлдлийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
“Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах хашаанд ил байсан автомашины хучлага алдагдсан байна” гэсэн мэдээлэл тус дүүргийн иргэн Л.Б-ээс Сонгинохайрхан дүүрэг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Буянт-Ухаа-2” хорооллын байрны гаднаас автомашины хучлага алдагдсан хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин суух Д нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлджээ.
Мөн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид автомашины эд анги хулгайлсан хэргийг, НЦГ-ын хэлстийн алба хаагч халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэн үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан байна.
Иймд иргэдийг ил задгай талбайд машинаа орхихдоо орчны гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, камертай орчинд орхиж байх. Ийм боломжгүй тохиолдолд машиндаа дохиоллын систем суулгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Түүнчлэн цагаан сарын баяр дөхөхөөр баярын идээ шүүс болох бууз, банш, ууц, өвчүүний хулгай нэмэгддэг. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулах, гэр орноо эзэнгүй орхиж буй бол хөршдөө захиж үлдээх, гэрийн цоож цуургаа сайжруулах, гарахдаа цонх, хаалганыхаа түгжээг шалгаж болзошгүй хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг анхааруулъя.
-
2018 оны 1 сарын 09
Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн холбогдох заалтаар тус хуулийг өөрчлөн найруулжээ. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхээр шийдвэрлээд байна.
Уг маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2018 оны 1 сарын 09
Өнөөгийн байдлаар дэлхийд 11 сая гаруй нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчим нь бидний ахуй амьдралд өдөр тутам ашиглагдаж байгаагаас 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Химийн хортой бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ.
Химийн аюултай бодис гэж тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий, цочроогч шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ. Бид гэр орноо цэвэрлэх, үнэр дарах гэх мэт амьдрал ахуйдаа химийн аюултай, хортой бодисыг өдөр тутам хэрэглэдэг.
Химийн хортой болон аюултай бодис нь хүний бие организм, хүрээлэн буй орчинд удаан хугацааны туршид задрахгүйгээр тогтвортой хадгалагдаж, аажим нөлөөлсний уршигаар эмчлэгдэшгүй шинэ, аюултай өвчин дэгдээх, хүний удамшлын бүтцэд нөлөөлж, генийн өөрчлөлттэй хүүхэд төрөх гээд төсөөлөөгүй үр дүн авчирдгийг дэлхийн эрдэмтэд судалж тогтоосон. Химийн бодисоор ам, хамраараа амьсгалах, химийн бодист хүрсэн тохиолдолд хүнийг хордуулна.
Химийн хорт болон аюултай бодисын аюулд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
* Амьдарч буй газартаа химийн бодисын осол гарч болох нөхцөл байгаа эсэхийг олж мэдэх;
* Мэргэжлийн байгууллагын заавар, журам, мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн хүмүүсийн өгч буй зааварчилгааг дагах;
* Гадаа байгаа бол ослын голомтын салхины дээр, тухайн газраас 500 метрээс хол зайтай зогсох;
* Байран дотор байгаа бол цонхоо хааж, агааржуулагч, цахилгаан хэрэгслээ унтраах;
* Байшингийнхаа хаалга, цонх, шал, тааз бүгдийг битүүлэх, таглаж, чигжих;
* Бээлий, урт ханцуйтай цамц, оймс, өмд, гутал зэргийг өмсөж битүү хувцаслан биеийнхээ бүх хэсгийг хамгаалах;
Ослын дараа хэрхэн ажиллах вэ?
* Мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагаас өгч буй зааварчилгаагаар ариутгал цэвэрлэгээнд хамрагдах
* Хордсон байж болзошгүй хүнсний зүйлсийг хэрэглэхгүй байх
Ахуйн хүрээнд ашигладаг химийн бодисууд:
* Цэвэрлэгээний бодис, арьс арчилгааны бүтээгдэхүүн
* Хортон шавьжны хор, бордоо
* Зай, сүүн гэрэл, чийдэн
* Автомашины тос, тосолгооны шингэн
* Ахуйн хэрэглээний хий
* Будаг шингэлэгч бодис, толбо арилгагч
Ахуйн хэрэглээнд ашигладаг эдгээр бодисоос өөрсдийгөө хамгаалах шилдэг арга бол тухайн бүтээгдэхүүнийг хадгалах, хэрэглэхдээ зааврыг маш сайн уншиж, хэрэглэх, зөв хадгалах явдал юм.
Химийн аюултай бодис бүхий бүтээгдэхүүний заавар
Бидний хэрэглэдэг хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлс ихэвчлэн хуванцар савлагаатай байдаг. Гэтэл хуванцар материал нь хүний биед сөргөөр нөлөөлөх “биспонел А” гэдэг хорт бодисыг их хэмжээгээр агуулдаг байна. Иймд хуванцар саван дээрх дараах тэмдэглэгээгээр хоол, хүнсний зориулалтаар хэрэглэж болох эсэхийг таньж болно.
Судалгаагаар ус зөөж, хадгалдаг савны ариун цэвэр нийт өрхийнхэрэглэж буй савны хотод 78,1%, хөдөөд 50,4% нь тосны болон химийн бодис хадгалах зориулалт бүхий угааж цэвэрлэхэд тохиромжгүй хуванцар сав хэрэглэдэг байна.2
“Усны чанар, ариун цэвэр” судалгаагаар Улаанбаатар хотын өрхийн 22.7% нь, хөдөөний өрхийн 54,8% нь металл саванд ундны усаа зөөж, хадгалдаг болохыг тогтоожээ.2
Ус хадгалдаг хуванцар савнуудын (тосны канистр, том цэнхэр сав ) хар тугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 900:2005 үндэсний стандартад заасан хэмжээ (0.01 мг/л)-нээс тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахин их байна.2
Хоол хүнс, ус хадгалах зориулалтаар ашиглаж болох савнуудын тэмдэглэгээ
Ахуйн химийн бодис ашиглах заавар
* Аяга угаагч шингэн:Энэ шингэний найрлагад фосфат агуулагддаг. Энэ нь арьс цочроох ба их хэмжээгээр амьсгалахад хортой нэгдэл юм.
* Плитка цэвэрлэгч: Үндсэн найрлага нь идэмхий натри (NaOH), идэмхий кали (KOH)юм. Эдгээр бодисууд нь идэмхий, түлэмхий шинж чанартай учир арьсыг цочрооно. Та энэ бодисыг ашиглах үедээ өрөөний агааржуулалтыг сайтар хийх, мөн түүний тоосонцор уураар амьсгалахгүй байх хэрэгтэй.
* Шил цэвэрлэгч шингэн:Найрлаганд нь аммиак, изопропилийн спирт агуулагддаг ба эдгээр нь нүд, арьс, амьсгалын замын эрхтнийг цочрооно. Энэ шингэнийг их хэмжээгээр залгивал үхэлд хүргэх аюултай.
* Шавьж устгагч хор:Найрлагад нь ихэвчлэн абартектин сульфурамид, трихлорфон, пропоксур, хлорпирифос зэрэг бодисуудыг агуулдаг. Эдгээр бодисууд нь хортой учир хүүхдээс хол байлгаж, гараараа хүрсэн тохиолдолд сайтар угааж ариутгах хэрэгтэй.
* Бактерийн эсрэг цэвэрлэгч:Үндсэн найрлагад гадаргуугийн идэвхит бодис, пестицидийн төрлийн аммони болон усанд уусдаггүй фенолт нэгдлүүд ордог. Эдгээр химийн бодисууд нь нүд болон амьсгалын замын эрхтнийг цочроох аюултай тул хэрэглэх үедээ бээлий, амны хаалт зүүж байх хэрэгтэй.
* Цайруулагч: Үндсэн найрлага нь натрийн гипорхлорид юм. Их хэмжээгээр хэрэглэж хордсон тохиолдолд бөөлжис хүрэх, огиулах, арьс үрэвсэх зэрэг шинж илэрнэ. Зарим аммиак агуулсан цэвэрлэгээний бодистой тохиолдолд урвал явагдаж хлорамин гэдэг хүргэж болзошгүй хортой нэгдэл үүсгэнэ.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
-
2018 оны 1 сарын 09
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл амьсгалын замын цочмог халдварт өвчний тархалт болон өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар “Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол гараад байна.
Тогтоолын дагуу томуу, томуу төст өвчний үед хүүхдэд улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөрөөмж авах, илүү цагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгоход зориулж 2 тэрбум 487 сая гаруй төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.
2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог халдвар, үүнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарсан ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг, эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын удирдлагуудад даалгаж, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын ажил олгогч нарт зөвлөсөн байна. Засгийн газрын тогтоолын хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийг хүүхдийн кабинет, тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар ажиллаж байна.
Мөн уртасгасан цагаар ажиллаж байгаа дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетийн зэрэгцээ 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 08.00-19.00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-14.00 цагийн хооронд ажиллана.
Дүүргийн эрүүл мэндийн төв
№
Байгууллага
Зөвлөгөө өгөх утасны дугаар
Ажиллах цагийн хуваарь
1.
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв
70210290
Ажил, амралтын өдөр:
24 цаг
2.
Налайх дүүргийн эрүүл мэндийн төв
70233464
Ажил, амралтын өдөр:
24 цаг
3.
Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв
7049103
Ажил, амралтын өдөр:
09.00-20.00
4.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
70110278
Ажлын өдөр: 09.00-22.00
Бямба гаригт: 10.00-17.00
5.
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв
345903
6.
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв
350793
7.
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв
70150063
70150049
8.
Сонгинохайрхандүүргийн эрүүл мэндийн төв
98254999
9.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв
362539
Өрхийн эрүүл мэндийн төв
Ажлын өдөр: 08.00-19.00
Бямба гаригт: 10.00-14.00
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2018 оны 1 сарын 09
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төлбөртэй зогсоолуудад явцын шалгалт хийж байна. Улаанбаатар хотод албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт 27 зогсоол бий. Албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа зогсоолуудаас бусад зогсоолд иргэд төлбөр, хураамж төлөхгүй байх эрхтэй юм.
-
2018 оны 1 сарын 09
“Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай” нийслэлийн Засаг даргын А/601 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Авто замын хөгжлийн газартай 17 аж ахуйн нэгж гэрээ байгуулан ажиллаж байна. НАЗХГ-аас тухайн аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг дагаж мөрдөх, QR код бүхий хэвлэх кассын машинтай болох, татварын албанд бүртгүүлэх, тус албанаас тодорхойлт авч ирүүлэх шаардлага бүхий мэдэгдэл хүргүүллээ.
Тус мэдэгдэлд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д зааснаар “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас пос терминал машин хэрэглэх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д ”бүртгэлийн машин” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг” гэж заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээд нь QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалааны дугаартай төлбөрийн баримт олгох үүрэгтэй.
Монгол улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглээгүй, татварыг хугацаанд нь тайлагнаж төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 6.5-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гэрээний 7.2, 7.2.3.заалтыг тус тус үндэслэн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдэе гэсэн байна. Нийслэлд дараах аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
№
Байгууллага
1 “ БОДЬ ТРАНС” ХХК
2 “ УСПЕХ” ХХК
3 “ АВТО ГРАНД МАСТЕР” ХХК
4 “ БАТ ЗЭВ” ХХК
5 “ ИХ ТЭЭВЭР” ХХК
6 “БИ ЭМ ЭМ ЭЛ” ХХК
7 “ ХОС ШУГАМ” ХХК
8 “ ЮУ ЭН ПИ ЭМ ЖИ ЭЛ ” ХХК
9 “ АВТО ХҮЧ” ХХК
10 “ ЭНЭРГЭТИКЛАНД” ХХК
11 “ БАЯН ХАЯАБУСА” ХХК
12 “ ДАБЛЬ ЭЙТ” ХХК
13 “ СИДНЕЙ КОНСТРАГШН” ХХК
14 “ БИ ИКС ЮУ ТИ” ХХК
15 “Замын хөдөлгөөний Удирдлагын Төв”
16 “СҮЛД ТРАНС” ХХК
17 “ТЭНГЭРЛЭГ НАЯД” ХХК
-
2018 оны 1 сарын 09
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.
Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдснаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (www.stipendiumhungaricum.hu) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу.
Унгарын Тэтгэлгийн хорооны дээрхи цахим хуудаснаас та тэтгэлгийн зорилго, тэтгэлгийн төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, түүнд тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцах нь зүйтэйг зөвлөж байна. Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетийг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудаснаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг /The Call for Application 2018-2019/ мөн татаж авах боломжтой.
Жич: Цахим анкет бөглөхөд суралцах сургууль, хөтөлбөр болон хэлийг сонгосон байх шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдох мэдээллийг мөн дээрх цахим хуудсанд өгөгдсөн холбоосоор үзэж, танилцана уу. Өргөдөл гаргагч нь сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх тул энэ мэдээлэлтэй урьдчилан сайтар танилцахыг зөвлөж байна. Түүнчлэн бакалавр, магистрт суралцахаар өргөдөл гаргагч зөвхөн доор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарна уу.
Суралцуулах мэргэжлийн чиглэл
1. Бакалавр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол, нисэхийн чиглэлээр, анагаах ухаан;
2. Магистр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, анагаах ухаан;
3. Бакалавр, Магистрт суралцаж магистрээр төгсөх хөтөлбөр: Анагаах ухаан, урлаг, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, багш боловсрол, архитектур
4. Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
5. Англи болон Унгар хэл дээр явагдах богино хугацааны сургалт, дадлага: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, соёл ба урлаг, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, эрчим хүчний эдийн засаг, эрчим хүчний инженер, тусгай хэрэгцээт боловсрол.
Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах
Өргөдөл гаргагч нь 2018 оны I сараас – II дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй болно. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлдэг.
I шатны шалгаруулалт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2018 оны III сарын 25-ны дотор Унгарын талаас ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.
II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон (3 хүртэлх) сургуулийн элсэлтийн шалгалтыг 2018 оны IV-V сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өөрт нь хувийн цахим шуудангаар нь ирүүлнэ. БСШУСЯ энэхүү шалгалтын үйл ажиллагаанд оролцдогүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Сургуулийн тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах болон дахин шалгалтад оролцох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтын хариуг 2018 оны VI сарын 22-ны дотор Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Тэтгэлгийн хороо нь нэр дэвшсэн иргэнд өөрсдөд нь шууд ирүүлнэ.
Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Тэтгэлгийн хороонд 2018 оны VI-VII сарын дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визанд орно.
Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 14.00-17.30 цагт БСШУСЯ-ны 267131 утсаар лавлана уу.
-
2018 оны 1 сарын 09
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр (2018.01.08) ХХААХҮ-ийн яамны үйл ажиллагаатай танилцав. Бүрэлдэхүүнд Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, А.Сүхбат, Я.Санжмятав, Д.Тэрбишдагва нар байв.
Эхлээд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулга хийв. Тэрбээр, салбарын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх найм, шинээр боловсруулах зургаан хуулийн төсөл, 2018 онд хэрэгжүүлэх 11 үндэсний хөтөлбөр байгааг нэгбүрчлэн дурьдсан юм.
Үүнээс “Хүлэмжийн аж ахуй” буюу гол нэр төрлийн хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж, импортыг бууруулах төслийг тодотгов. Мөн “Ноолуур” үндэсний хөтөлбөрөөр нийт ноолуурын 60 хувийг дотоодын үйлдвэрүүдийн хэрэгцээнд авч эргэлтийн хөрөнгийг бий болгох, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ээрмэл утасны үйлдвэрлэлийг гурав дахин, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дөрөв дахин нэмэгдүүлэх зорилготой гээд, ингэснээр дөрвөн их наяд төгрөгийн борлуулалт хийгдэж, 740 орчим сая ам.долларын экспорт хийж, шинээр 3600 ажлын байр бий болно гэдгийг онцлон хэллээ.
Мөн “Малын эрүүл мэнд”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр мал, амьтны гоц халдварт өвчин гарах, өвчин тархах нөхцөлийг хязгаарлан, эрүүлжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлнэ гэлээ.
Сайдын танилцуулгын дараа ХХААХҮ-ийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар салбарынхаа талаар тоо баримттай дэлгэрэнгүй танилцуулгыг хийв.
Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Шинээр өргөн барих зургаан хуулийн төслийг УИХ Дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцээд явна. Өргөн барих эдгээр хуулийн төслийн найруулга, үзэл санаа, чанарт онцгой анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн онд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсан. Энэ хоёр хууль 2018 оны зургаадугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд анхаарч, бэлтгэл ажлыг хангах нь зүйтэй” гэлээ. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг хэлж, яамны зүгээс ажлын хэсэг байгуулж ажиллахыг хүслээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, санал бодлоо илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2018 оны 1 сарын 09
Эрдэнэт үйлдвэр баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт молибдений шинэ өтгөрүүлэгч суурилуулахаар болжээ. Тус үйлдвэр ашиглалтад орсон цагаасаа эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн 6 м3 багтаамжтай өтгөрүүлэгч хоёр машин ашиглаж иржээ. Тус машинуудынхаа нэгийг нь шинэчилж буй нь энэ аж.
-
2018 оны 1 сарын 09
Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр хуульчлагдсан. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх зорилгоор тонн тутамдаа 100 мянган төгрөгөөр нэмэгдэх байсан татварыг 40 мянган төгрөг болгон бууруулах шийдвэрт хүрсэн юм. Гэсэн хэдий ч шатахуун импортлогчид шинэ он гарахаас өмнө жижиглэнгийн үнэндээ хязгаарлалт хийж, улмаар үнээ нэмж эхлээд буй.
-
2018 оны 1 сарын 09
Монголчууд бид хэт их давс хэрэглэж байна
-
2018 оны 1 сарын 08
Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 12 дугаар сарын 19 өдрийн А/86 тоот тушаалаар дараах үрэгдүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгохоор боллоо.
Үрэгдүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дах заалт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журмын 10 дугаар зүйлийн 10.17 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
Нэг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн дор дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 57 дугаар захирамжаар Бөөний худалдаа ХК-д олгосон 000319217 тоот гэрчилгээ
Хоёр. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн дор дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 135 дугаар захирамжаар Цэрэндоржийн Доржпүрэвд олгосон 0393222 тоот гэрчилгээ
2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 213 дугаар захирамжаар Батхоролын Гэрэлт-Одод олгосон 0508944 тоот гэрчилгээ
Гурав. Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн дор дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
1. Налайх дүүргийн Засаг даргын 2010 оны 560 дугаар захирамжаар Хумбангийн Амарбаясгаланд олгосон 1200300830 тоот нэгж талбарт олгосон гэрчилгээ
Дөрөв. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн дор дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай. Үүнд:
1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 130 дугаар захирамжаар Цэндийн Тунгалагт олгосон 000509614 тоот гэрчилгээ
2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 29 дүгээр захирамжаар Нямсүрэнгийн Бямбадоржид олгосон 0149691 тоот гэрчилгээ
3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар захирамжаар Бархасын Батдаржаад олгосон 0599284 тоот гэрчилгээ
4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар захирамжаар Борын Сайханчимэгт олгосон 0599285 тоот гэрчилгээ
5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 76 дугаар захирамжаар Намсрайн Гэрэлчимэгт олгосон 000681608 тоот гэрчилгээ
6. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 388 дугаар захирамжаар Баасанжавын Тогоочид олгосон 000608501 тоот гэрчилгээ
Тав. Хүчингүйд тооцсон газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу нөхөн олгох ажлыг зохион байгуулахыг Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга, Налайх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга нарт үүрэг болгосугай.
-
2018 оны 1 сарын 08
Нийслэлийн Засаг дарга С.Батболд төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор харьяа агентлагуудын удирдлагыг нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч ажиллах үүрэг даалгавар бүхий захирамж гаргасан.
Энэхүү захирамжийн дагуу нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа.
Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ч.Ууганбаяр “Нийслэлийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргасан. Энэ дагуу манай хороонд байрладаг 113 цэцэрлэгийн газраас бусдад олгосон байсныг хүчингүй болгож, газрыг эрхийг буцаан цэцэрлэгийн мэдэлд шилжүүлж өгсөнд иргэд оршин суугчид болон хорооны зүгээс баяртай байгаагаа” хэллээ.
Тус хороо нь өөрийн гэсэн байргүй түрээсийн орон сууцанд байрладаг бөгөөд уулзалтаар дүүргийн хорооны цогцолбор барилга барих газрын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.