-
2017 оны 7 сарын 17
Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэгийг ажиллуулж эхэллээ
-
2017 оны 7 сарын 17
Японы виз аван очиж харлаж ажил хийх гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байгаа байхаа. Та бүхэнд дуулгахад японы засгийн газраас бүх гадаад иргэдэд хувийн дугаар өгч байгаа. Энэ хувийн дугаартай хүмүүс л ажил хийх боломжтой байгаа. Японы компаниуд хувийн дугааргүй хүнийг ажилд авах юм бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тийм болохоор японд ирээд харлаж ажил хийх боломжгүй болсон гэсэн үг. Үүнийг мэдсээр байж виз гаргана гэж хүмүүсээс их хэмжээний мөнгө аван хохироож байгаа тохиолдол гарч байна.
Аялалын визээр очиж буй хүмүүсд хувийн дугаар өгдөггүй болно.
Энэхүү мэдээллийг аль болох олон хүнд хүргэж тус болоорой.
-
2017 оны 7 сарын 17
ЭМЭЭЛИЙН ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ.
Хэнтий аймгийн Батноров сумын ”Норовын хүлэг” уяачдын холбооны 20 жилийн ой, аймгийн ”Зүүн бүсийн хурд 2017” наадам 19,20-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан Батноров буюу Тожил хийцийн 3,2метр өндөртэй эмээлийн хөшөө мөн 3,4-3,8 метр өндөртэй тамганы хөшөөг сумын баруун хойно Бүрдэн толгой хэмээх газар урлаж байрлууллаа. Уг хөшөөг ”Хэнтий урлан”-гийн уран бүтээлчид бүтээжээ. Хөшөөний нээлтийг сумын баяр наадмаар 2017-07-19-ний өдөр хийхээр төлөвлөж байна.
-
2017 оны 7 сарын 16
Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 15-ны бямба гаригт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан баг түймэртэй нутгуудад ажиллаж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийжээ.
Олон өдөр ажиглалт хийж, үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө мөн Төв аймгийн Батсүмбэр суманд бороо орж байна. Цаашид үргэлжлэн орох төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 16
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр болж түймрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд асч байсан хоёр түймрийг цурманд оруулаад байна. Хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж Онцгой байдлын ерөнхий газар танилцуулсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс тодорхой тооны алба хаагч, техник хэрэгслийг дайчилж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ дагуу Төв аймгийн Эрдэнэ суманд асч байгаа түймрийн голомтод цэргийн 24 алба хаагч ажиллаж эхлээд байна.
Цаашид:
- УБТЗ, Иргэний нисэхийн ерөнхий газрын гал сөнөөгчид, техник хэрэгслийг дайчлахыг Зам, тээвэр, хөгжлийн сайдад
- Түймэр унтраах тусгай зориулалт бүхий онгоц худалдан авах талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад
- Түймэрт ажиллаж байгаа иргэдийг Нийтийг хамарсан ажил, үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж урамшуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад
- Аж ахуйн нэгж, байгууллагуудын ус зөөврийн том оврын автомашинуудыг бэлэн байдалд оруулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад
- Түймрийн бүс нутагт эмч нарын нэмэлт баг ажиллуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.
Мөн дөрвөн тонны ус тээвэрлэж агаараас цацах зориулалт бүхий онгоц, мэргэжлийн багийг гаднаас урьж авчран хүмүүсээ сургах, үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулахад шаардлагатай хөрөнгийг гаргахаар боллоо. Ногоон бүсэд амралт, аялал зугаалга хийхийг түр хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтаа эрс чангатгахыг үүрэг болгов.
-
2017 оны 7 сарын 16
Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.07.16/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.
ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд хариу нь даваа гараг гэхэд ирэх юм.
-
2017 оны 7 сарын 16
Чингэлтэй дүүргийн нутаг 19-р хороо Зуслангийн замд 2017 он гарсаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбоотой тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөөврийн ХУРД ХЭМЖИГЧ байрлуулан хөдөлөгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, хурд хэтрүүлэх болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нарт хуулийн дагуу арга хэмжээ авч байна.
Мөн жолооч та хамгийн хайртай дотны хүн болох хүүхдээ хамгаалалтын суудалд зөв тээвэрлэе. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.
-
2017 оны 7 сарын 16
Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдлаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстойг хотын дарга хэллээ. Тэрбээр “Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярын танилцуулснаар улсын хэмжээнд хуурайшилтын түвшин нэн аюултай зэрэгт байна. Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдсан. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаа гэсэн мэдээлэл өглөө. Нийслэлийн нутаг дэвсгэрт түймэр асаагүй ч ногоон бүстэй залгаа аймгуудад асч байгаа учраас бид бэлэн байх ёстой.” гэсэн юм.
2017 он гарсаар нийслэлийн ногоон бүсэд 18 удаагийн ой хээрийн түймэр гарч, нийт 115.6 га талбай шатжээ. 50.6 га ой, 65 га хээрийн бүс түймэрт өртсөн байна. Эдгээр түймрийг онцгой байдлын албаны 827 албан хаагч, 117 техник хэрэгсэлтэйгээр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албан хаагчид болон орон нутгийн иргэд нийт 625 хүн шуурхай ажиллаж унтраасныг Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэлийн удирдлагуудын зүгээс мөн талархал илэрхийлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүргийг өглөө.
Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд шилжтэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, аж ахуйн болон аялал жуулчлалынүйлчилгээ явуулахыг хориглох.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах.
Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас түймрийн утаатай холбоотойгоор иргэдэд хандсан зөвлөмж гаргах.
Дүүргийн дарга нар урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгах үүрэг өглөө.
Мөн иргэдийг ой хээрийн түймрээс сэрэмжлэхийг анхаарууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 16
Архангай аймгийн Хашаат сум, Булган аймгийн Рашаант сумын нутгийн зааг Элсэн тасархайн Тарнын голын гүүрний тулгуур багана үерийн улмаас суулт өгч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.
Үүнтэй холбогдуулан гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан байна.
Иймд иргэд, жолооч нар энэ чиглэлд зорчихдоо замын тэмдгийн заалтыг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Өвөрхангай аймгийн Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.
-
2017 оны 7 сарын 16
Улсын хэмжээнд ой хээрийн түймрийн тархалт онц аюултай хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан өнөөдөр ХЗДХ-ийн сайд шуурхай хуралдаан зохион байгууллаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн удирдлагуудад ой хээрийн түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ашиглагддаг тусгай зориулалтын туулах чадвар сайтай КАМАЗ, УРАЛ, ЗИЛ 131 маркийн 21 машин механизм, техник хэрэгслээр түймэр унтраах ажилд шуурхай дэмжлэг үзүүлэхээр тогтсон байна.
ХЗДХ-ийн салбарын 30 орчим мянган ажилтан албан хаагч түймэртэй тэмцэх ажилд нэг өдрийн цалингаа хандивлана
Мөн ХЗДХ-ийн салбарын 30 мянган ажилтан албан хаагч эх орноо гал түймрийн аюулаас аврах үйлсэд зориулж бүтэн нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ. Түүнчлэн ХЗДХ-ийн салбарын үйлдвэрийн газрууд түймэр унтраах ажилд оролцож байгаа хүмүүст нэн шаардлагатай 10000 ширхэг брезентен бээлийг яаралтай үйлдвэрлэж нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тэрчлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс гал түймэртэй тэмцэж буй алба хаагчид болон иргэдийг түлэгдэж угаартах ,бэртэж гэмтэх эрсдлээс сэргийлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх үүднээс Эмнэлгийн 5 шуурхай бүлэг газар дээр нь томилон ажиллуулахаар илгээлээ.
ХЗДХ-ийн салбарын 30 орчим мянган ажилтан албан хаагч түймэртэй тэмцэх ажилд нэг өдрийн цалингаа хандивлана
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нийт нутгаар зуншлага гандуу болж, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс улсын хэмжээнд цагдаа болон байгаль орчны байцаагчдын хамтарсан байнгын хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, хилийн зурваст зорчих, аялал жуулчлал хийхийг түр хугацаанд хязгаарлах, түймэр тавьсан этгээдүүдийг олж илрүүлэн хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэх ажилд онцгой анхаарал хандуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.
-
2017 оны 7 сарын 16
Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн бие бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явагдахтай холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэлээ.
Энэ хугацаанд нйслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрийн 1, объектын гал түймрийн 52, аврах ажиллагааны 8, аюулт үзэгдэл, ослын нийт 61 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж болзошгүй аюулаас 12 хүний амь биеийг авран, хамгаалж ажиллалаа.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 25.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 1024 цэгт гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны 07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч 12, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн 10, нийт 22 албан хаагч, нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах, аврах 10, 34, 63 дугаар ангийн 38, нийт 85 албан хаагч, тусгай зориулалтын 5 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж галын аюулгүйн норм дүрэм, стандартыг зөрчсөн 462 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 271 зөрчлийг арилгуулав.
Харин Хүй долоон худаг дахь морь барианы газарт Нийслэлийн аврах анги-105, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн нийт 21 албан хаагч 11 автомашин техник хэрэгсэлтэй хамгаалалтын үүрэг гүйцэтгэн, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч болон Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нар 5800 гаруй санамж, сэрэмжүүлгийг ард иргэдэд хүргэж, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 225 гэрт гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг явуулан нийт 72 зөрчлийг илрүүлж арилгуулах арга хэмжээг авч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 16
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол түймрийн голомт болох Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сайхан мэдээ: Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөрийн Баянгол амралтын дээд талд 3 пуужин харваж 1 цаг бороо орлоо. Мөн Зүүнхараагийн өмнөдөд пуужин харваж түймрийн голомтод 2 цаг орчим бороо орлоо. Түймрийн эрчим буурч байна” хэмээжээ. Ямартай ч БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг хайж сандарч байсан иргэдэд тэрбээр ийнхүү хариу өглөө. Гэхдээ тэрбээр түймрийн голомт дээр ажиллаж байгаагаа сүр дуулиан болгож зарлахыг хүсээгүй бололтой юм.
-
2017 оны 7 сарын 16
Орхон аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гал унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын газрын алба хаагчдад тусламж хүргэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар Булган аймагт хоёр, Сэлэнгэ аймагт найм, Төв аймагт зургаан түймэр гарч байна. Уг түймрийг унтраах ажилд Орхон, Дархан, Сэлэнгэ, Булган, Дорноговь, Дундговь, Нийслэлийн Онцгой байдлын аврах ангиудаас 600 орчим алба хаагч ажиллаж байна. Эдгээрийн 30 нь Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бөгөөд тэд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраах ажиллагаанд оролцоод тав хонож байгаа аж.
Аймгийн ОБГ-ын дэд дарга Д.Золжаргал хэлэхдээ “Түймэр унтрааж буй алба хаагчдын гурав хоногийн хүнс дууссан. Мөн гутал, бээлий, амны хаалт, даавуун хувцас, гар чийдэн, ус зөөвөрлөх савны хэрэгцээ маш их байна” гэсэн юм.
Иймд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут Онцгой комиссын гишүүдэд үүрэг даалгавар өгсөний дагуу лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, амны хаалт, бээлий, цэвэр ус, бэлэн бүтээгдэхүүн их хэмжээгээр бэлтгэж, Зэвсэгт хүчний 186, 110-р ангиас түймэр унтраахад шаардлагатай багаж хэрэгслийг татан төвлөрүүллээ. Мөн маргааш буюу энэ сарын 17-оос аймгийн хэмжээнд амралт зугаалгаар явахыг хориглох, явсан тохиолдолд амралтын газарт амрах талаар захирамж гаргахаар боллоо. Түүнчлэн түймэрт ажиллаж буй алба хаагчдад туслах аян өрнүүлсэн залуучуудын цуглуулсан тусламжийн зүйлсийг дээр дурдсан зүйлстэй нэгтгэж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хүргэхээр замдаа гарлаа. Эдгээрийг хүргэхээр аймгийн Засаг дарга Д.Батлут, Орлогч С.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс тус сумыг зорьсон юм.
Мөн уг ажилд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас ачааны автомашин, 100 литр шатахуун, цэвэр ус, хувцас хэрэглэл, ус зөөхөд зориулж 1 тоннын багтаамжтай 20 ширхэг савыг хандивлаж хамтран ажиллаж байна.
Erdenet.mn
-
2017 оны 7 сарын 16
Баяр наадмын буюу 2017 оны 7 сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 сарын 15-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1236 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн байна. Үүнээс 18 нь бага насны хүүхэд байжээ.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан 13 жолооч бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 27 осол, мөргөлдсөн 36 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол, онхолдсон 2 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.
Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 8 хүний амь нас хохирч, 1 гэмтсэн бөгөөд онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдсэнийг харъяа аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.
Тухайлбал:
БЗД-ийн нутаг Хонхорын шинэ замд А жолоочтой амины Мустанг маркийн мотоцикль онхолдож, зорчигч 32 настай Б-н амь нас хохирсон.
БГД-ийн нутаг Телевизийн эцэс рүү нийлдэг даланд амины T.Prius маркийн автомашины жолооч Ч нь далан руу унаж жолооч, зорчигч нарын 2 хүн гэмтсэн.
Орон нутагт:
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Хоёр даваа” гэх газар асфальтан замд N.Sunny маркийн Ө жолоочтой автомашин H.Accent маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 31 настай Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсныг шалгаж байна.
-
2017 оны 7 сарын 16
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын арслан Ц.Содномдорж ОБЕГ-т хандив өргөхөө мэдэгдлээ.
Хандив өргөх арга хэмжээ 17.00 цагт ОБЕГ-т болно.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22 түймэр асч байна. Сэлэнгэ аймаг Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 4 түймэр, Хүдэр суманд 2 түймэр асч байна. Мөн Төв аймгийн Батсүмбэрийн нутаг дэвсгэрт 5 түймэр, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сумдад 2 түймэр асч байгаа гэнэ.
-
2017 оны 7 сарын 16
Суудлын автомашин дээр 40 тонны чингэлэг унаж, хүүхдүүд дарагдаж бэртжээ
-
2017 оны 7 сарын 16
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагчийг тус ангийн захирагч, хурандаа Д.Намсрай, ОБЕГ-ын ГТТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэхээр дөнгөж сая нислээ.
Одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан уул, Арцат уул, Ар матах уул зэрэг автомашинаар болон явганаар очих боломжгүй газарт гарсан ойн түймрийн голомтод эдгээр алба хаагчдийг хүргэх юм.
Мөн Өвөрхангай, Архангай, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүч татаж Төв аймгийн Батсүмбэр сум, Сэлэнгэ аймаг руу хөдөлгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 7 сарын 16
СҮХБААТАР ДҮҮРЭГ ШАГНАЛЫН МӨНГӨӨ ОБЕГ-Т ХАНДИВЛАЛАА
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас 11 дэх жилдээ зохион байгуулсан “Дээлтэй Монгол-2017” наадамд 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцон дэд байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан. Өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар уг наадамд амжилттай оролцсон хамт олондоо баяр хүргэлээ. Энэ үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд “Дээлтэй Монгол наадамд амжилттай оролцсон бүх хэлтэс, алба, 1-20 хорооны Засаг даргын Ажлын алба, иргэд, хамт олондоо баяр хүргэж, та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье. Баяр, амралтын өдрүүдэд эх орон минь шатаж байна гэсэн харамсалтай мэдээг бид сонсч, харж байна. Тийм учраас дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олны санаачилгаар энэхүү шагналын мөнгө болох 720 мянган төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газарт хандивлахаар болсноо дуулгая. Бидний энэхүү хандив галын шугаманд ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдад хоол, хүнс, бусад шаардлагатай эд зүйлс болон хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Та, бид эх орныхоо өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид” гэдгийг тодотгов. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд ОБЕГ-т Сүхбаатар дүүргээс хандивлаж буй мөнгөн хандивыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Анхбаярт гардуулан өглөө.
-
2017 оны 7 сарын 16
Эрлийн ажиллагаа үргэлжилж байна
2017-07-16 13:07:28
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун болох төлөвтэй байна. Тэрчлэн баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд гол ус бараадан амарч зугаалахдаа анхаарал болгоомж алдан усанд осолдох эрсдэл дагуулж байна.
Тухайлбал, долоодугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн “Пором” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн М /25 настай, эрэгтэй/, Хангал сумын харъяат иргэн Ч /17 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлага ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 33 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажлыг зохион байгуулж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Цөх багийн “Гүн нуур” гэдэг газар нуурын усанд Орхон аймгийн харъяат иргэн М /23 настай, эмэгтэй/, Х /21 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 17:00 цагт ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 20:05 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.
Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2017 оны 7 сарын 16
ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны 7 дугаар сарын 8-ны өдөр 34 дэх удаагаа зохион байгуулагдаж, тус тэмцээнд тусгай урилгаар монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцлоо.
ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол өгдөг уг тэмцээнд энэ удаа АНУ, Их Британи, Франц, Итали, Нидерланд, Эстони, Польш, Монгол зэрэг 9 орны 34 баг тамирчид оролцож, буудлага, саадын зурвас, усан саад, эргүүл, минийн зурвас, отолт, гал унтраах, татан гаргах, өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, цэрэг, улс төрийн аюулгүй байдлын орчны талаарх асуулт, хариулт зэрэг 7 цэг бүхий нийт 14 км-ын маршын замд германы болон олон улсын цэргийн байнгийн бүрэлдэхүүн, бэлтгэл цэргийн бүрэлдэхүүн гэсэн үндсэн гурван ангиллаар өрсөлдсөн байна.
ХБНГУ-ын Бундесверийн академийн сонсогч дэд хурандаа Д.Эрдэнэбилэгийн удирдлага, зохион байгуулалтын дор тус улсад суралцаж буй дэслэгч Г.Анхбаяраар ахлуулсан дэслэгч Б.Угтахбаяр, дэслэгч М.Бат-Орших, ахлагч Ц.Наранхүү, дэд ахлагч Н.Хүрэлхүү нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид олон улсын цэргийн байнгийн бүрэлдэхүүний ангилалд ”Тэргүүн байр” эзэлж, цомоор шагнуулан, эх орон, Зэвсэгт хүчнээ амжилттай сурталчиллаа.
Уг тэмцээнд манай цэргийн албан хаагчдын баг 2015 онд анх удаа оролцож, олон улсын цэргийн байнгийн бие бүрэлдэхүүний төрөлд 3 дугаар байр эзэлж байсан сайхан уламжлалаа энэ жил бататган, амжилтаа ийнхүү ахиулсан тухай мэдээг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албанаас мэдээлсэн байна.