-
2017 оны 1 сарын 25
Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг.
Иймд цэвэр агаараар амьсгалах нь хүний эрүүл байх үндэс юм.
Дэлхийн хэмжээнд 3 тэрбум гаруй хүн хатуу түлшийг халаалт болон хоол унд хийх зориулалтаар ашиглаж байгаа нь амьсгалын болон архаг өвчлөл, гуурсан хоолойн багтраа зүрх судасны өвчлөл мөн бага жинтэй төрөлт болон дутуу төрөлтөд сөргөөр нөлөөлдөг байна.
Дотоод орчны агаарын бохирдолд бүх хүн өртөх ба эрүүл мэндийн байдал, нас, ажил мэргэжлийн онцлог хүчин зүйлээс хамааран өртөх хугацаа гадаад орчноос ялгаатай байна.
Манай улсад ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2008 онд хийсэн дотоод орчны агаарын чанарыг үнэлэх судалгаагаар дотоод орчны агаарын чанарт түлш болон сууцны төрөл нөлөөлж байгаа нь тогтоогджээ.
Том болон нарийн ширхэглэгт тоосонцрын дундаж агууламж түлш болон орон сууцны төрлөөс үл хамааран хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд байсан бол түүхий нүүрс түлсэн гэр, галладаг байшин амьдардаг өрхийн дотоод орчны хүхэрлэг хий, азотын давхар ислийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан байна. Тус судалгааны үр дүнгээр дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатайг зөвлөжээ.
Дотоод орчны агаарын бохирдлын эх үүсвэр
Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, тамхины утаа, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.Эдгээр дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биенд нэвтэрч уушигны хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог.
Амьсгалаар ордог тоосонцор:Тоосонцрын диаметр 10 микроноос бага хэмжээтэйг амьсгалааар ордог тоосонцор гэдэг бөгөөд эдгээр нь харилцан адилгүй эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг.
PM2,5болон PM10нь амьсгалаар ордог тоосонцрууд бөгөөд тэдгээрийн диаметр нь хэт бага учраас амьсгалын дээд замаар нэвтрэн орч, уушигны цулцанд хүрч удаан хугацаагаар байдаг. Түүнчлэн нарийн ширхэглэгт тоосонцрууд нь олон төрлийн химийн элемент агуулдаг учраас төрөл бүрийн хавдар үүсгэх магадлалтай.
Нүүрстөрөгчийн дутуу исэл: Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг.
Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг. 2014 онд хийсэн судалгааны үр дүнгээр нүүрсний дутуу шаталтаас үүсч байгаа бохирдуулагчид нь дутуу төрөлттэй хамааралтай байгааг тогтоожээ.
Тамхины утаа: Тамхины утаа нь дотоод агаарын бохирдлын нэг гол хүчин зүйл юм. Агааржуулалт, агаарыг шүүх зэрэг нь дангаараа буюу хосолсон ч дотоод орчин дах тамхины утаанд өртөх өртөлтийг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах боломжгүй.
Нийслэлийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаардаг байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар 2 өрх тутмын 1-д тамхи татдаг хүн амьдардаг гэсэн дүгнэлт гарсан байна.
Дотоод орчны агаарын бохирдлын хэмжээ нь өвлийн улиралд тамхи татдаггүй орчинд бага байна. Иймээс гэртээ галладаг, тамхи татдаг тохиолдолд эрүүл мэндэд учрах сөрөг төдий их байна гэсэн үг юм. Тамхины утаа нь бүх насны хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ба тухайлбал эцэг эх нь тамхи татдаг хүүхэд хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, ханиалга, амьсгаадах, амьсгал давчдах буюу багтраа, дунд чихний үрэвсэл болон насанд хүрсэн хойноо зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл илүү байдаг.
Барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд: Тохилог сууц ялангуяа орон сууцны агаарын бохирдлын гол эх үүсвэрт орчин үеийн барилгын материал, дотоод засал чимэглэл, тавилга болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд ордог.
Олон төрлийн барилгын материал, дотоод засал чимэглэлд ашиглаж буй материал болон бусад эд зүйлсээс барилгын дотоод орчинд ялгарч агаарыг бохирдуулдаг олон хортой дэгдэмхий органик нэгдлүүд байдаг.
Ацетон, метил,бензол, толуол, үнэрт нүүрстөрөчид, альдегид, кетон зэрэг нэгдлүүд үүсдэг ба эдгээр нь хурц нөлөөлөл буюу нүд загатнах, амьсгалын замын эмгэг, толгой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг бол архаг нөлөөлөл буюу элэг, бөөр, цусны эргэлтийн болон төв мэдрэлийн тогтолцоог гэмтээх сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.
Хүснэгт 1. Барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд
№ Материалын нэр Материалаас ялгарах бодисын нэр
1. Винил хавтан болон тааз Фталат эфир
2. Хулдаас C5-C11 альдегид болон хүчлүүд
3. Гуалин зүсэх хавтан Формальдегид ба, бусад альдегидууд, кетоны нэгдэл
4. Цахилгаан кабел Ацетон, диметилбензол
5. Хивс Стирол
6. Будаг Этилен гликол,
7. Будаг шингэлэгч С7-C12 алканууд
8. Будаг арилгагч Метилен хлорид
9. Цавуу Бензол, алкил бензол
10. Чигжээс Кетон, эфир, гликол
11. Цэвэрлэгч Төмрийн хүдэр
Шинээр баригдсан буюу засвар хийгдсэн барилгын лакадсан материал, хулдаас, цавуунаас ойролцоогоор 6 сарын турш химийн нэгдлүүд ялгардаг учраас орон байрны агаарт ДОН-ийн агууламж өндөр байдаг бөгөөд эдгээр нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой бөгөөд энэхүү нөлөөллийн дүн гарах эрүүл мэндийн үр дагаврыг анагаах ухааны нэршлээр “барилгынөвчин“гэж нэрлэдэг.
Зарим дэгдэмхий болон хагас дэгдэмхий органик нэгдлүүдийн хүний биед үүсгэх хурц хордлогын үед илрэх шинж тэмдгүүд болон эрүүл мэндэд гарах сөрөг үр дагаварыг хүснэгт 2-т үзүүлэв.
Хүснэгт 2. Богино болон урт хугацаанд ДОН-ийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл
№ Бодисын нэр Хордох замууд Хурц хордлогын үед илрэх шинж тэмдгүүд Эрүүл мэнд үзүүлэх нөлөөлөл
1 Бензол Амьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэх Нүд, арьс, хамар, хоолой үрэвсэх; толгой өвдөх, дотор муухайрах, хөл гуйвах, стрессэд орох; хоолонд дургүй болох, арьс хавагнах, ядрах.
Цочмог лейкеми
Генийг хордуулах
2 Формальдегид
Амьсгалын зам болон арьс салстад хүрэх
Нүд, хамар, хоолой үрэвсэх, ханиалгах, нулимс гоожих
Мэдрэхүйн үрэвсэл
Хамрын хавдар
3 Трихлорэтилен
Амьсгалын зам, арьсанд шингэх, арьс ба нүдэнд хүрэлцэх, залгих
Нүд, арьс цочрох; толгой эргэх; харааны эмгэг өөрчлөлт, ядрах, чичрэх, дотор муухай оргих, бөөлжих; үрэвсэх; зүрхний хэм алдагдах, бие чилэх, бадайрах; элэг гэмтэх; Төв мэдрэлийн системийг гэмтээх, элэг хавдар
4 Фенол Амьсгалын зам, арьсаар нэвчих, залгих, арьс ба нүдэнд хүрэх Нүд, хамар, хоолой үрэвсэх; хоолонд дургүй болох, жин хасагдах, бие сулрах, булчин өвдөх, бие өвдөх, шээс бараан гарах, арьс хөхрөх, элэг, бөөр гэмтэх, арьс түлэгдэх, арьс үрэвсэх, арьсан дээр бараан өнгийн нөсөө үүснэ, чичэргээ, татвалзах, татганах Элэг, бөөрийг гэмтээх, мэдрэлийн эсийг хордуулах
5 Стирол Амьсгалын зам Лейкеми, лимфома, цагаан эсийн генийн гэмтэл, лимфоцит, нойр булчирхайн болон улаан хоолойн хавдар
6 Толуол
Амьсгалах, залгих, арьс ба нүдэнд хүрэх Нүд, хамар, хоолой үрэвсч толгой өвдөх, эргэх болон хордлогын бусад шинж тэмдгүүд Ой санамж муудах, анхаарал сарних зэрэг мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөх, өнгө ялгах, сонсох чадвар муудах
7 1,2 Дихлорэтан Амьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэлцэх Нүд, арьс улайх, амьсгалын замын эрхтнүүдийг цочроох Төв мэдрэлийн систем болон элгийг хордуулна
8 Дихлорметан Амьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэх Сэтгэцийн өөрчлөлтийн шинж тэмдгүүд илэрнэ
2013 онд хийгдсэн судалгааны үр дүнгээр орон сууцны шал болон барилгын бусад материалын шинж чанараас хамааран дотоод орчны агаарт ДОН-ийн агууламж ихэссэнээр оршин суугчдын толгой өвдөж ядрах, нүд болон хоолой үрэвсдэгийг тогтоосон байна.
Тухайлбал: Толоулын бохирдолд өртөхөд нүд, хамар, хоолой үрэвсч, толгой өвдөх, эргэх болон хордлогын бусад шинж тэмдгүүд илэрдэг. Судалгаагаар 4.5-7 цагийн турш агаарт 189-566 мг/м3 толоулын агууламжтай өрөөнд байхад эрүүл насанд хүрэгчдийн дунд нүд, хамар, хоолойн үрэвсэл болон толгой өвдөх, толгой эргэх, хордлогын шинжүүд илэрдэг.
Бензолын өртөлт нь бронхит, багтраа болон амьсгаа давчдах зэрэг хүүхдийн амьсгалын замын өвчин үүсэхэд нөлөөлдөг байна.
Монгол Улсад органик болон органик бус бодисын хүлцэх хэмжээг агаарын чанарын MNS 4585:2007 болон MNS 5885:2008 стандартуудаар нормчилсон байдаг. Мөн 2008 оны Барилгын тухай хуулийн 10.1.6-д ... хорт хийн ... бохирдлоос хүрээлэн байгаа орчныг хамгаалах, 11.1-д барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлагыг хангасан байх ёстой гэж заасан байдаг.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (2008)-ийн 31.2-т зааснаар ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд 1-ээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэж байхаар заасан нь ажиллагсдыг ажил мэргэжлийн улмаас тэдгээр хортой нөлөөллөөс сэргийлэх эрх зүйн орчин болж байна.
Гэтэл орон сууцыг шинээр барьсан болон өөрчлөн засварласан барилгыг ашиглалтанд оруулахын өмнө дотоод орчны агаарын чанар болон бусад үнэлгээ хийх талаар эрх зүйн орчин бүрдээгүй бөгөөд ийм үнэлгээ хийгдэхгүй байгаагаас оршин суугчид тэдгээр ДОН болон бусад барилгын материалаас ялгарах хортой нөлөөлөлд өртөх эрсдэлд хүргэж болзошгүй байна.
Цаашид барилга байгууламжийг шинээр барьж, өөрчлөн засварлан ашиглалтанд оруулахдаа дээр дурдсан стандартад заасан дотоод орчны агаар бохирдуулагчийн агууламжид тавих хяналтыг сайжруулснаар хүн амыг химийн хортой бодисын нөлөөлөлд өртөхөөс сэргийлж, эрүүл мэндийн эрсдлээс хамгаалах нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
-
2017 оны 1 сарын 25
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 0-5 настай хүүхдийн хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг 100 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэсэн.
-
2017 оны 1 сарын 25
”Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагын зүгээс 2016 оны дэлхийн Авлигын төсөөллийн индексийг зарлалаа. Монгол Улсын хувьд 2015 онд 39 оноогоор 168 орноос 72 дугаар байранд орж байжээ. Гэтэл 2016 онд 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд оржээ. Өнгөрсөн оноос 15 байраар ухарсан үзүүлэлттэй байна. Монгол Улстай ойролцоо оноо авсан улс орныг дурдвал Ямайк, Панам, Замби, Колумб, Индонез улсууд байгаа аж.
Энэхүү төсөөллийн индексээр хамгийн сайн буюу 90-ээс дээш оноог Дани, Шинэ Зеланд, Финланд авчээ. Харин сүүлийн байранд Ливи, Судан, Хойд Солонгос, Өмнөд Судан, Самал улс оржээ.
Эдгээр улс хамгийн бага оноо авах хүчин зүйлд мөн л мэдээллийн системийн эрх чөлөө, нийтийн албан тушаалтны ёс зүйн журам гэсэн үзүүлэлт нөлөөлжээ. Харин Монгол Улс авлигын энэ индексээр ухарсаар байгааг анхааруулав.
-
2017 оны 1 сарын 25
Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, дүүргийн эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 24-ний байдлаар, амбулаторийн 83955 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурчээ.
Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1897 орон дээр 1742 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 110 буюу 38.7 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлжээ. Харин нийт өвчлөгсдийн 80.96 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.
Хүүхдийн түргэн тусламжийн 1061 дуудлага ирснээс 39.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хамгийн өндөр үзүүлэлтээр нь авч үзвэл, Багануур дүүрэгт 11.6 хувь, Чингэлтэй дүүрэгт 8.7 хувь, Сүхбаатар дүүрэгт 8 хувийг тус, тус эзэлж байна.
Тиймээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлт үзлэг, утасны зөвлөгөөг сайжруулж, хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаархи зөвлөгөө, өвчтэй хүүхдийн асаргаа сувилгаа зэрэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийх ажлуудаа эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 25
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ”Шунхлай” ХК-ны шатахуун түгээх станцын талбайд Б-нь Г-тэй марган, улмаар цохиж, хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Баянхонгор аймгийн Прокурорын газраасМонгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүхээс 6 удаагийн ял шийтгэлтэй, хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдэжбайсан Б-г шүүхээс онц, аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 10 жил 6 сар 10 хоногийн хорих ял оногдуулан, ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
-
2017 оны 1 сарын 25
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Аялал жуулчлалын төв болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр 10 гаруй ажлыг төлөвлөсөн бөгөөд гадаадын жуулчид, үндэсний соёл урлаг, үзвэр үйлчилгээ үзэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ тэдний тав тухтай зорчин ямар нэг эрсдэлд өртөхгүй байх нөхцөлийг хангах нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бас нэгэн үйл ажиллагаа болох юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байна. Энэ санамж бичгийн хүрээнд
хотын аялал жуулчлалын бүсэд аяллаар ирсэн гадаадын иргэдийг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж, жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудын ажилчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн чиглэлээр сургалт, семинарыг үе шаттай зохион байгуулж, гарын авлага материалыг хамтран бэлтгэх
Цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэг, харилцааны соёлыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, “Оюутан цагдаа” арга хэмжээг үргэлжлүүлэн явуулах
иргэн, жуулчид ихээр сонирхон оролцож байгаа нийтийг хамарсан арга хэмжээ болон Горхи. Тэрэлжийн амралт, аялал жуучлалын бүс, Туулын голын эргээр хэв журам сахиулах морин, завьт, машинт эргүүлийг аялал жуулчлал, амралтын улиралд тогтмол ажиллуулах
Жуулчны бааз, амралтын газар, шөнийн клуб, ресторан, паб, зочид буудал зэрэг газруудын харуул, хамгаалалтын албаны үүрэг хариуцлагыг өндөржүүлж, зөвшөөрөл, гэрээнд нь гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангахад санаачилгатай ажиллах, такси дуудлага, хаяг байршлын лавлагаа туслалцаа өгүүлж байх үүргийг тусгах, хяналт тавих зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь жуулчны аюулгүй байдлыг хангах гадаадын жуулчдад эрүүл мэнд, онцгой байдлын шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор мөн санамж бичгийг байгуулсан байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд 3 дахь жилдээ зохион байгуулсан, цагдаагийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт, зочид буудал, жуулчны баазын стандарт, аюулгүй байдлыг хангах сургалт, урьдчилсан хяналтыг хийх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллаж байсан гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 25
Монгол Улсын 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан тодорхой хэмнэлт хийхээр төлөвлөжээ.
-
2017 оны 1 сарын 25
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд нэг удаа ”Насны хишиг”-ийг олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.
Тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан ”Насны хишиг”-ийг хоёр үе шаттайгаар болгохоор болжээ. Эхний ээлжид тодорхой тооны ахмадад cap шинийн баяраас өмнө олгох бол үлдсэн ахмадуудад нь Үндэсний их баяр наадмаас өмнө олгох аж.
-
2017 оны 1 сарын 25
Өнөөдөр өглөө 08.30 минутын байдлаар Мишээл экспо хавийн агаар л цэвэр буюу ногоон өнгийн тэмдэглэгээтэй байна. Нийслэлийн агаарын чанарыг хэмжихийн тулд нийт 12 цэгт агаарын бохирдлыг хэмжих самбарууд байрлуулсан юм.
Өнөө өглөөний байдлаар Ургах наран, Монгол газар бага зэргийн бохирдолтой, 100 айл, Баянхошуу, Нисэх орчимд дунд зэргийн бохирдолтой, Бөхийн өргөө их бохирдолтой, Баруун дөрвөн зам, Толгойт, МҮОНРТ, Амгалан хамгийн их бохирдолтой байна.
Улаанбаатарын агаарт хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/ гэсэн түгээмэл бохирдуулах бодис их хэмжээгээр байсаар байна.
-
2017 оны 1 сарын 25
Өнгөрсөн оны 11, 12 дугаар сар болон энэ сард Хан-Уул дүүргийн дөрөв, долоо, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэдийн хувийн орон сууцнаас түүхийн ховор эд зүйл, үнэт эдлэл алдагдаж иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.
-
2017 оны 1 сарын 25
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2017 оны 1 сарын 24
”Шинэ Монгол бэлэг” төрийн бус байгууллагаас ”Монгол бэлгээ сонгоцгооё” уриатай төслийг зохион байгуулж байгаа тухай мэдээлэл хийлээ.
-
2017 оны 1 сарын 24
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэж, дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй талаар бид мэдээлж байсан билээ.
-
2017 оны 1 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжаар хотын даргын дэргэд өргөтгөсөн зөвлөл байгуулагдлаа. Нийслэлийн хөгжлийн үзэл баримтлал, стратеги, нийгэм эдийн засгийн бодлогын асуудлаар хотын даргад зөвлөх үүрэг бүхий уг өргөтгөсөн зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл, бизнес эрхлэгчид багтаж байна. Салбар салбарын төлөөлөл багтсан нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөл нь 25-30 хүний бүрэлдхүүнтэй байхаар захирамжинд тусгажээ. Зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, МУ-ын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, МОНЦАМЭ агентлагийн гүйцэтгэх захирал, МУСГЗ сэтгүүлч Б.Ганчимэг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, “Эм Си Эс” группын Ерөнхийлөгч Ж.Од, Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл зэрэг салбар салбарын нэр хүндтэй хүмүүс багтжээ.
Нийслэлийн засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр Туушин зочид буудалд болж, 2017 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
Уулзалтын эхэнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Засаг даргын дэргэдэх зөвлөл зөвхөн цөөн тооны төрийн захиргааны албан тушаалтнаас бүрддэг байдал 20 гаруй жил явж ирсэн. Миний хувьд дэргэдэх зөвлөлөө өргөтгөж, олон байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж үзсэн. Шийдвэрийн хэрэгжилтэнд ч сайнаар нөлөөлж, дарга нар биш иргэдийн оролцоотойгоор нийгэмд үр дүнгээ өгөхүйц оновчтой шийдвэрүүд гарна гэж харж байна. Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд та бүхний оролцоо маш чухал. Тиймээс нийслэлийн Засаг даргын дэргэдэх өргөтгөсөн зөвлөлийг байгуулж, өнөөдөр анхны уулзалтаа хийж байна. Улиралд нэг удаа Засаг даргын гаргах гэж байгаа болон гаргасан захирамж, шийдвэрийн талаар зөвлөлдөнө. Шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах нь их чухал зүйл. Гарсан шийдвэр сайн хэрэгжих үндэс болно гэсэн үг.” гэлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Мөн 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгосонтой холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулав.
2017 онд Нийслэл төдийгүй Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хувьд амаргүй жил гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ хотын удирдлагын баг шалтаг тоочин гараа хумхин суухгүй. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж, иргэн рүүгээ чигэлсэн хөрөнгө оруулалтыг хийх болно. Тухайлбал ирэх 1983 оноос хойш нийслэл хотод Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс хойш ганц ч эмнэлэг баригдаагүй. Бид энэ дөрвөн жилд багтаан 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эмнэлэг, 10 эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилж, дүүргийн эмнэлэг болон өрхийн эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилт тавьж байна. Иргэдээ тав тухтай амарч, зугаалах орчныг бүрдүүлж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко хот болох зорилтыг хэрэгжүүлнэ. Авто замын салбарт гэхэд Азийн хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд “BRT” төслийн ажлыг эхлүүлэн 2019 онд эхний 4 шугамыг ашиглалтанд оруулна. 3 том гүүрийг шинэчилж, Улаанбаатар-Чойр чиглэлийн 4 урсгалтай авто замын ажил хийгдэнэ. Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц зэрэг бүтээн байгуулалтууд хийнэ гэдгээ хэллээ.
Боловсролын салбарт 3 ээлжээр хичээллэдэг 31 сургуулийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөтгөх ажил хийхээр төлөвлөж байгаагаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хэллээ. Энэ онд хийх хамгийн том ажил нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхээр төлөвлөж байна. Бид “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. Одоо үзэл баримтлал нь батлагдчихвал УИХ-д өргөн баригдахад бэлэн болсон.” гэлээ. Нийслэлийн засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн гишүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар нээлттэй санал бодлоо хэлж, хотын эрх зүйн байдлыг шинэчлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 24
Баянхонгор аймагт томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаажээ.
-
2017 оны 1 сарын 24
Циркийн багш Х.Ганболдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
-
2017 оны 1 сарын 24
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
-
2017 оны 1 сарын 24
Одоогоос хоёр жилийн өмнө буюу нэгдүгээр сарын 24-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн билээ.
-
2017 оны 1 сарын 24
Гар дээрээс архи худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
-
2017 оны 1 сарын 24
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд танилцууллаа. Энэхүү гарын авлагыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ийн “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Хүйтэн, сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан юм. Гарын авлагад авто замын барилгын бэлтгэл ажлаас эхлээд дуустал, инженерийн шугам сүлжээ, талбайн цэвэрлэгээ, газар шорооны ажил, ус зайлуулах шугам, замын хучилт, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хийж дуусталх бүх ажил, фото зургаар баримтжуулж, хяналт тавих норм норматив, стандартыг тусгаж өгснөөс гадна фото зураг хэрхэн авах зааврыг хавсаргажээ. Зам барилгын ажлын явцыг фото зургаар баримтжуулснаар замын далд гүйцэтгэлийн чанар сайжирч, ажлын гүйцэтгэл илүү хялбар болох юм.
Сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Япон улсын Асахикава хотын захиргааны төслийн баг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монголын Авто замчдын холбоо, Зам, тээврийн хөгжлийн төв, Зам барилгын болон хяналтын зөвлөх үйлчилгээний компаниуд оролцлоо. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлсэн үгэндээ “Төслийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага, хамтран хэрэгжүүлэгч Асахикава хотын захиргааны хамт олонд талархал илэрхийлье. Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтад хамтран зүтгэж буй харилцагч компаниуддаа ажлын өндөр амжилт хүсье. Нийслэлийн зам бат бөх байх болтугай” гэлээ. гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.