Хэрвээ та тээврийн хэрэгсэл жолоодож яваа бол таны хайртай хүмүүсийн амь нас, эрүүл мэнд таны гарт явааг анхаар! Гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ сар шинийн баяраар золгох гэж тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүмүүс жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон эмгэнэлт хэрэг явдал жилийн жилд гарсаар л байна. 2013 онд улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчигдсөнөөс 2143 осол аваар гарч, ослын улмаас 423 хүний амь нас хохирч, 1282 хүн гэмтэж бэртжээ.Нийслэлд зам тээврийн ослын улмаас 117 иргэн нас барсны 102 нь явган зорчигч байсан байна. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувь, гэмтэж бэртсэн иргэдийн тоо 18.9 хувиар өссөн тоон үзүүлэлт гарсан байна. Ялангуяа хөдөө орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, зориулалтын хамгаалах малгайгүй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалан амь насаараа хохирсон цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн байна.
Хөдөө орон нутгийн замд тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч, гэр бүл, үр хүүхэд ойр дотнынхондоо аюулгүйн бүсийг зүүлгэж хэвшээгүй, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд байсаар байгаа нь хүний амь нас хохирох эрсдэлийг дагуулсаар байна. Өнгөрсөн жил сар шинийн баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн даац, норм, стандартыг зөрчиж зорчигч тээвэрлэсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлүүд их гарч байжээ.
Гадаадын зарим нэг улсын иргэд хол замд гарахдаа гэр бүлээрээ нэг машинд сууж явдаггүй эцэг нь машинаар, хүүгээ галт тэргээр эхнэрээ онгоцоор явуулдаг гэсэн дам яриач байдаг. Энэ мэтчилэн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, боломжгүй бол таны амь нас, эрүүл мэндийг хариуцаж яваа жолоочид шаардлага тавьж замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцоцгооё.
Д.Ундрах /24tsag.mn/























































