Дархан-Уул аймагт өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд 21 настай бүсгүй учир битүүлгээр амиа алдсан талаар бид мэдээлж байсан. Тэрбээр найз залуу нь заналхийлсэн хэмээн нас барахынхаа өмнө ар гэрийнхэндээ дуулгаж байжээ. Гэвч бодит үнэнийг хэлснийхээ дараахан буюу хэдхэн цагийн дараа найз залуугийнхаа гэрт өөрийгөө боомилсон байдалтай олдсон байдаг. Энэ явдлыг хууль хяналтын байгууллага шалгасан ч хэргийг хэрэгсэхгүй болгожээ.Талийгаачийн хувьд Дархан-Уул аймагт амьдардаг, аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сувилагчийн ажилтай байсан аж.
Талийгаач бүсгүйн найз залуу өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан бол эгч нь эмнэлэгт ажилладаг гэнэ. Тиймээс талийгаачийн ар гэрийнхэн энэ хэргийг санаатай аллага гэж үзэж байгаа юм байна.
Түүнчлэн эл хэрэгт учир битүүлэг зүйл их байгаа аж. Тухайлбал, талийгаачийн цогцсыг ар гэрийнхэнд нь огт харуулаагүй бөгөөд оршуулахад нь ч цагдаа нар цогцсыг нь ороож янзалжээ.
Тэгвэл талийгаачийн ах Хүний эрхийн хуульч М.Ичинноровт хэргийн талаар бодит байдлыг бичсэн захидал илгээжээ. Тэгвэл энэ хэргийн үнэн мөнийн араас сэтгүүлч хийгээд хуулийн байгууллагынхан явахыг М.Ичинноров хуульч онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/























































