"Дэнжийн 1000" орчим болон Баянзүрх дүүргийн 8-р хороог төвлөрсөн дулаан хангамжид холбоно

2011-2012 оны өвлийн улирлын Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийг тав тухтай өвөлжүүлэх үүднээс улсын төсвийн хөрөнгөөр зургаан магистраль шугамын өргөтгөлийн ажил, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүрэгт хонгилын систем барих зэргээр дулааны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил хийсэн байна. Мөн "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, ОСНААУГ, СӨХ хамтран өмнөх жилүүдэд халаалтын гомдол санал их гардаг байсан орон сууцны дотор систем бөглөрөлттэй байрнуудын халаалтын системийг угаах, солих ажлыг гүйцэтгэж, нийтдээ 275 айлын халаалтын дотор системийг сольсон байна. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Цагаан даваа орчмын 40 гаруй халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажлыг хийж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулжээ. Одоо Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1000 орчим болон Баянзүрх дүүргийн 8-р хороо цагдаагийн академи, УС-15 халаалтын зуух орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг эхлүүлэх гэнэ.