Өнөөдөр УИХ-ын чуулганаар иргэд ямар иргэний үнэмлэхээр сонгууль өгөх
талаар хэлэлцлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шинэ иргэний
цахим үнэмлэхээр бүх иргэн УИХ болон НИТХ-ын сонгуулийн санал өгөх
боломжгүй болсон тул нөхцөл байдалд тааруулж зарим санал гаргасан юм

Өнөөдөр УИХ-ын чуулганаар иргэд ямар иргэний үнэмлэхээр сонгууль өгөх талаар анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шинэ иргэний цахим үнэмлэхээр бүх иргэн УИХ болон НИТХ-ын сонгуулийн санал өгөх боломжгүй болсон тул нөхцөл байдалд тааруулж зарим санал гаргасан юм. Нэгэнт цахим иргэний үнэмлэхийг Монгол улсын бүх иргэдэд тарааж чадахгүй болсон тул хаяж үрэгдүүлсэн болон шинээр авах хүмүүст иргэний цахим үнэмлэх шинээр олгох боломжтой гэж хуулийн төсөлд оруулжээ. Харин бусад иргэд хуучин иргэний үнэмлэхээр сонгуулийн санал өгөхөөр хуулийн төсөлд оруулаад байгаа аж. Мөн цахим үнэмлэхийн бэлдэцийг хилээр оруулж ирэх асуудал хөндөгдсөн юм. Бэлдэцийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хугацаа нь ирэх долдугаар сарын 30-нд дуусна. Тиймээс хэвлэж дуусаагүй байгаа цахим үнэмлэхийг хөнгөлөлттэйгээр оруулж ирэх хугацааг 2012 оны 12-р сарын 31 хүртэл сунгаж өгөхийг хүссэн нь МАН, АН-ын гишүүдийн хооронд маргаан үүсгэв.
Учир нь иргэний цахим үнэмлэхийн бэлдэцийг 12-р сарын 31 хүртэл хилээр хөнгөлттэй оруулна гэж зааж өгвөл 10-р сард болох орон нутгийн сонгуулийн үеэр цахим үнэмлэхийг хэвлэж дуусаагүй байх дүр зураг харагдаж байгааг АН-ын гишүүд хэлж байсан юм. Хугацааг ийм хол тавьж байгаа нь зориудаар хийж байгаа үйлдэл гэж байлаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ц.Нямдорж сайд цахим үнэмлэхгүйгээр УИХ-ын сонгуулийг явуулах ажлыг гарамгай зохион байгуулсан. Харин одоо орон нутгийн сонгуулийг цахим үнэмлэхгүй явуулах гээд гар бариад бугуй барилаа. МАН орон нутгийн сонгуулийг хуучин үнэмлэхээр явуулах сонирхол байна” гэв. Гэсэн ч Ц.Нямдорж сайд болон МАН-ын зарим гишүүд хамгаалсаар санал хураасан. Зургаадугаар сарын 28-нд болох УИХ болон НИТХ-ын сонгуульд иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, шинээр авч байнгаа хүмүүс цахим үнэмлэхээр өгч, бусад нь хуучин иргэний үнэмлэх хэрэглэхийг гишүүдийнг 78,6 хувь нь дэмжлээ. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн тул УИХ-аар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.