Баяр наадмын уур амьсгалыг далимдуулж ард түмний сэтгэлзүйгээр тоглон “хулгайгаар” санаархлаа хэрэгжүүлдэг муухай "монгол арга"-ыг прокурор, шүүхийн байгууллага хэрэгжүүлдэг гээд хэлчихвэл хилсдэхгүй л байх.
Өнгөрсөн удаад шинэ жилийн баяр хийгээд Монголчуудын өргөн хүрээнд тэмдэглэдэг баярын өдрүүдээр олон сар, жилээр шийдэж чадаагүй хэргүүдээ гэнэт шүүхийн байгууллагад шилжүүлсэн хэд хэдэн тохиолдол гарч байсан.
Тухайлбал, "7-р сарын 1"-ний үймээнтэй холбоотойгоор цагдаа нарын хэргээс эхлээд олон хэргийг энд нэрлэж болно.
Тэгвэл энэ наадмаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Харин М.Тулга, Төмөрбаатар нарыг мөнгө угаасан гэх үндэслэлээр тусад нь шалгаж байгаа аж.
Л.Гансүхийн шүүх хурал хараахан товлогдоогүй байсан ч шүүгч хавтаст хэрэгтэй танилцан хурлыг энэ сарын 3-нд болгосон байна. Тэгвэл өмгөөлөгчийнх нь зүгээс шүүх хуралд Л.Гансүхийг цагаатгах байр сууринаас оролцоно гэдгээ онцлоод байна. Мөн шүүх хурлыг нээлттэй хийлгэх учиртайг тэрбээр дурьдаад авчээ. Учир нь ямар нэг асуудал хаалттай, бөөн хүн оролцох тусмаа булхайтай болдог гэж үзэж байгаа аж.
Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
Д.Дуулим